Ф.Шопен. Тэр бол хөгжмийн суу билигтэн. Амьдралдаа нэг ч дуурь, симфони бичээгүй хэдий ч төгөлдөр хуурын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, техникийн боломжийг нь нэмэгдүүлж, мэргэжлийн тоглоочийн ур чадварыг сорьсон олон бүтээл туурвиснаараа энэ агуу хүн сонгодог урлагийн түүхэнд мөнхөрчээ.
Бас өөрийн үндэсний буюу Польшийн ардын урлагийг сонгодог бүтээлд шингээн, алдаршуулсан юм. Өнгөрсөн баасан гаригийн үдэш Улсын филармонийн тоглолтын танхимд төгөлдөр хуурч Б.Оюу буюу Баяндалайн Оюунгэрэлийн “Шопены үдэш” тоглолт боллоо. Энэ оны хоёрдугаар сард манай улсад болж өндөрлөсөн “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаанаас тусгай шагнал хүртсэн энэ төгөлдөр хуурч уралдаанд зориулан бэлтгэсэн зохиолуудаа сонсогчдын хүртээл болгохоор энэ тоглолтыг хийсэн юм. Тоглолтыг түүний мэргэжлийн багш Сангидоржийн Саянцэцэг хөтлөн явуулж, Ф.Шопены бүтээлүүд болон зохиолчийн амьдралын тухай товчхон ярьж танилцуулсан. Багш нь эхний тайлбартаа өөрийнхөө шавийн уйгагүй хичээл зүтгэлийг тодруулан “Энэ уралдаанд оролцсон Монголд сурдаг оюутнуудаас ганц хүн л шагнал хүртсэн нь манай Оюу. Магадгүй уралдаан одоо болсон бол дөрөвдүгээр байрыг урагшлуулж ч чадах байлаа. Олон улсын уралдаанд оролцохын тулд тоглооч хүн маш их бэлддэг. Бид ч тэгсэн. Оюу маань хоногийн 24 цагийн хагасаас илүүг уралдааны бэлтгэлд зориулж байлаа. Энэ тоглолтыг хийхийн тулд ч дахин бэлдсэн” гэж хэлэв.
Б.Оюуг хөдөлмөрч эмэгтэй гэдэгтэй найз нөхөд, түүнийг таньдаг бүхэн санал нийлэх биз ээ. Хэдэн жилийн өмнөөс соёл урлагийн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэх болсон би ч гэсэн түүнийг дайчин гэж боддог. Сонгодог урлагийг Монголын хөрсөнд буулгаж, орчин үеийн залуусын сонорыг мялааж, мэргэжлийн ур чадвараа ахиулахын тулд тэр байнга хичээдэг. Ямар ч эрсдлийг үл тоон урагш зүтгэдэг. Тоглолт хийх гэж өр тавьчихаад, тоглосных нь дараа уулзахад “Санасныг бодоход гайгүй ээ. Жаахан л өртэй үлдсэн” гээд инээгээд угтдаг зоригтой бүсгүй. Түүний оролцсон, мөн зохион байгуулалтын “голыг нь үүрсэн” “Классик трио” тоглолтыг санаж байна. Хийл, виолончель, төгөлдөр хуурын эгшгээр олон аялгууг сонордуулсан энэ тоглолт сайхан болсон. Бас түүний уламжлал болгон хийдэг “Grand evening of piano” тоглолтыг ч дурсахгүй байхын аргагүй. Яаж амжуулдаг юм бэ гэмээр их ажлынхаа хажуугаар олон улсын уралдаанд амжилт гаргана. Тэр угаасаа л ийм байсан байх. Ачаалалд аль эртнээс нухлагдсаар хурдан, дайчин, чадварлаг болсон ч байж мэднэ. Төгөлдөр хуурч Б.Оюу ХБК-ийг төгөлдөр хуурч, концертмейстер мэргэжлээр Ц.Шаравцэрэн, С.Наранцэцэг багшийн удирдлага дор төгсөж, дараа нь СУИС-ийг дүүргэсэн. Тэр бол гавьяат жүжигчин, профессор Т.Цолмонгийн шавь. Төгссөн жилдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат, Хөх хотод мэргэжлээрээ ажилласан. Харин зургаан жилийн өмнөөс СУИС-даа магистр хамгаалахаар суралцахын зэрэгцээ дуулаачийн тэнхимд концертмейстер багшаар ажиллах болсон. Т.Цолмон багшийн өөр нэг алдартай шавь нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг шүү дээ. Тиймээс л мэргэжлийн багш нь хоёр шавиа учруулж, багш шавийн барилдлагатай болгосон биз ээ.
Б.Оюу ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн IV уралдааны гурав, V уралдааны нэгдүгээр байрын шагналтайгаас гадна ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын II уралдааны тусгай, III уралдааны нэгдүгээр байрын шагналтай. 2009 онд Испани улсын Уэска хотод болсон олон улсын төгөлдөр хуурчдын VII уралдаанаас тусгай шагнал хүртэж, тус улсын гурван хотод дөрвөн удаа тоглолт хийж байжээ. Тэр үедээ С.Саянцэцэг багшийнхаа удирдлагад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн юм билээ. Үүний зэрэгцээ Б.Оюу маань чадварлаг багш. Арваад жил бяцхан шавь нараа сургаж яваа. Саяхан сургалтын төвөө Тусгаар тогтнолын ордон руу нүүлгээд байгаа гэсэн.
Романтизмын үеийн хүндэт төлөөлөгчийн уянгалаг, хүчтэй сайхан аялгууг сонсгосон “Шопены үдэш” тоглолт 300 хүрэхгүй хүнд л хүрсэн. Монголд сонгодог хөгжмийн тоглолт сонирхож үзэх хүн цөөн байдаг учраас энэ тоог чамламгүй. Тоглоочийн ур чадвар мэргэжлийн өндөр түвшинд, бас багшийн тайлбар сэтгэл хөдөлгөм сайхан байлаа. “”Stеinway&Sons” төгөлдөр хуурын даруул дээр Б.Оюугийн хуруу бүжиглэж, харин тэр өөрөө хөгжим дотроо амьдарч буй мэт орчноо үл анзааран “дуулаад эсвэл шүлэг уншаад” байх шиг санагдсан. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Ф.Шопены хөгжмийг тоглож байхдаа өөрийн эрхгүй шүлэг уншмаар санагдаад байдаг юм. Яг л яруу найраг шиг тийм сайхан” хэмээж байсан нь ч үнэн бололтой. Хөгжмийн суутан Ф.Шопен 20 настайдаа эх орноосоо гарч, эргэж очиж чадалгүй Парист амьдарч байгаад 39 настайдаа хорвоог орхисон. Тэр үедээ нутгаасаа ирсэн хэн бүхнийг уриалгахан хүлээн авч, уулзаж ярилцдаг байсныг нь намтарт нь тэмдэглэжээ. Түүнчлэн эх орноо санагалзан Парист амьдарч байхдаа Унгарын хөгжмийн зохиолч Ф.Лист, Францийн хөгжмийн зохиолч Г.Берлиоз, зураач Э.Делакруа, Германы яруу найрагч Г.Гейне нартай дотно нөхөрлөж байснаас гадна Парист цагаачлан амьдарч байсан Польшийн нэрт яруу найрагч Адам Мицкевичтэй үерхэж түүний яруу найргийн дүрүүдэд зориулан хоёрдугаар магтуугаа зохиосон байна.
Б.Оюу эхлээд Ф.Шопены “Этюд № 11” оп.25-ыг тоглов. “Өвлийн салхи” гэдэг нэрээр алдаршсан энэ зохиолоос хуйларсан их эрчим, баатарлаг өнгө аясыг мэдэрч суулаа. Түүнийг тоглосны дараа С.Саянцэцэг багш тайлбарлахдаа Ф.Шопен энэ зохиолыг Ф.Листэд зориулан бичсэнийг дурдав. Ф.Листтэй Парист таван жил хамт амьдарч, тоглоочийнхоо хувьд ч өссөн гэдэг. Энэ зохиолыг сонсоход сайхан байдаг ч хөгжимчний хүч чадал, овсгоо самбааг их сорьдог гэнэ. Зүүн гар нь баатарлаг даралттайгаар өндөрт өргөгдөн бууж тоглож байхад нөг өө гар нь маш түргэн хэмнэлтэй өөр аялгууг тоглох жишээтэй. Тоглохыг хүссэн хөгжимчин болгон энэ зохиолыг амилуулж чадахгүй. Учир нь “Этюд №11” оп.25-ыг арай том гартай эсвэл эрэгтэй хөгжимчин, эс бөгөөс байгалиас заяасан авьяастай хөгжимчин тоглодог ажээ.
Түүний дараа танхимд “Мазурка №2” оп.59, “Ноктюрн №2” оп.55, “Вальс” оп.42, “Баркаролла” оп.60 эгшиглэв. “Ноктюрн №2” оп.55-ыг хөгжмийн зохиолч өөд болохоосоо гурван жилийн өмнө бичжээ. Хэв маяг нь бүрэн тогтож, сэтгэлийн илэрхийлэмж нь тодорхой болсон ийм үеийн зохиолыг тоглохын тулд хөгжимчин хүн түүнтэй ижил сэтгэх шаардлага тулгардаг. Хөгжим тоглоно гэдэг нь тэр чигтээ асар том судалгааны ажил байдаг бололтой. Тухайн хөгжмийн зохиолчийн түүх намтар, зан байдал, амьдарч байсан цаг үе, сэтгэлийн зөрчил, бүр хайр дурлалынх нь тухай мэдэхгүйгээр зохиолыг нь тоглох амаргүй. Ялангуяа Ф.Шопен шиг ээдрээтэй хэрнээ омголон амьдрал туулсан хүнийг мэдэх нь төгөлдөр хуурч хүний үүрэг байх. Хөгжмийн хаан төгөлдөр хуурыг шинэ түвшинд гаргасан “Хаан” төгөлдөр хуурч, “Хаан” хөгжмийн зохиолч шүү дээ.
Ф.Шопен Польшид хувьсгал гарсны дараа эх орондоо очих боломжгүй болсон гэдэг. Хожим нь өөд болсных нь дараа түүний зүрхийг нутагт нь аваачжээ. Нутгаа санасан сэтгэл нь түүнийг ардын хөгжмийн аялгуугаа бүтээл туурвилдаа шингээх эх болсон нь лавтай. Тэрбээр багаасаа ардын хөгжим сонирхон судалдаг байжээ. Мазурка бол польш ардын бүжиг. Монгол ардын дууг баргийн гадаад хүн яг ижилхэн дуулж, тоглож ая данг нь гаргах боломжгүйтэй ижил мазуркаг мэдэхгүйгээр тоглох боломжгүй. Тэр ч бүү хэл төгөлдөр хуурч С.Саянцэцэг анх Испани хөгжим тоглож байсан бичлэгээ үзээд өөрийгөө шоолж байсан гэнэ. Учир нь тэрбээр тэр улсад амьдарч, баяр наадмаа хэрхэн хийдгийг нь мэдэхгүйгээр хоосон тоглосон учраас огт өөр сонсогдож байж. Харин 22 жил энэ улсад амьдарсны дараа бол тэр “испани үнэрттэл” тоглох болжээ.
Дөрөв дэх зохиолыг сонссоныхоо дараа Ф.Шопены “Вальс” өвөрмөц болохыг ойлгов. Удаан, жигд хэмнэлтэй бүжгээр төсөөлөгддөг вальсыг Ф.Шопен хурдан өргөлттэйгээр бичжээ. Угаас энэ зохиол бүжиглэхэд биш тоглоход зориулагдсан гэнэ.
“Шопены үдэш” тоглолтыг түүний төгөлдөр хуурын нэгдүгээр концертын хоёр, гуравдугаар ангиар жаргаав. Эхний концертоо Ф.Шопен 20 настайдаа бичсэн бөгөөд хоёрдугаар ангийг нь хавар, тавдугаар сард туурвижээ. Өөрийнх нь дэвэргэн явсан нас, мөн хаврын улирал байсан гээд бодохоор түүнээс ямар аялгуу урссан нь түвэггүй ойлгогдоно. Шувуудын жиргээн, цэцэгсийн анхилам үнэр түгээх энэ ангийн дараа Польшийн ардын баяр наадмын тухай өгүүлэх гуравдугаар анги үргэлжилдэг. Түүнийг концертыг симфони найрал хөгжим тоглодог хэдий ч зохиолч анх бүтээлээ утсан хөгжмийн квартеттай хамт тоглож байжээ. Б.Оюу ч үүнийг давтан квартеттай тоглов. Цаашид төгөлдөр хуурч бүсгүй нэгдүгээр концертыг бүрэн эхээр симфони найрал хөгжимтэй тоглох төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Энэ үдшийн тоглолт тун ч сонирхолтой болж өндөрлөлөө. Гэхдээ үзэгч, тоглооч хоёрын зай хэтэрхий хол байх шиг санагдав. Энэ нь тайзнаас үзэгчдийн суудал хүртэлх зайг хэлээгүй юм шүү. Гагцхүү хөгжим сонсох, уран бүтээлчээ хүндэтгэх, танин мэдэх соёлоороо манай үзэгчид нэлээд хоцрогджээ. Улсын филармонийн эвхэгддэг сандлыг байсхийгээд л пид хийтэл түлхэж унагах, эсвэл хяхардаг шатан дээгүүр чанга чанга алхлан өгсөж уруудах нь хөгжим сонсох гэсэн олон хүнд саад болсон нь лавтай. Цаг гаруй үргэлжилсэн тоглолтод хагас цаг хоцорч ирсэн хүн ч байлаа. Гар утасны гэрлээ анивчуулан тоглоом тоглоод нуг нуг инээх охин ч түвэгтэй санагдсан. Ямар ч өсгөгч, дамжуулагчгүйгээр манайхны хэлдгээр “оригинал” хөгжим сонсохоор ирчихээд энэ мэтээр бусдыгаа ундууцуулах нь тэдэнд ч сайхан баймгүй.
Улсын филармонийн гэрэлтүүлэгч нь өрөөнийхөө цонхоор зохиолын дуу хангинуулан, түүнийгээ анзааралгүй тоглолтын нэг хэсэгт өрөөнийхөө зүг үзэгчдийн харцыг чиглүүлчихсэн. Хэн нэг нь түүнд очиж хэлээгүй бол тэр тоглуулагчаа улам чангалж мэдэх л байлаа. Төгөлдөр хуурч бүсгүйн хэдэн сарын хөдөлмөрийг үнэлдэггүй юм аа гэхэд тоглолт болж байгаа үеэр анхааралтай байж ажил үүргээ умартах ёсгүй л баймаар юм.
Үзэгч, тоглоочийн хоорондох тэр хол зайг ойртуулахын тулд л Б.Оюу маань тоглосоор яваа байх. Бас төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн сайхан тайлбар хөгжим ойлгох гэж хичээж буй үзэгчдэд ч хөтөч болж чадсан. Браво, дараагийн тоглолтод нь уншигч таныг ч урья. Жинхэнэ урлагийн бүтээлийг сонордож, таашаал хүртээрэй.
Ж.СОЛОНГО/Өнөөдөр/