Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.
Тус номыг мэргэн сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангаас санаачлан гаргасан юм. Одоогоос 90 гаруй жилийн тэртээ худам монгол бичгээр 5000 хувь хэвлэсэн А.Амарын “Монголын товч түүх /тэргүүн дэвтэр/ бүтээлийн анхны хэвлэл эдүгээ ховор болсон энэ үед уг зохиолыг 1934 оны хэвлэлийн эхийг уг хэмжээгээр нь гэрэл зураг болон кирилл үсгийн хөрвүүлгийг хамтатган бүтээжээ.

Номын нээлтийн үеэр академич С.Чулуун, “Монголын товч түүх” ном монголчуудын хувьд үзэл санааны сэргэлт авчирсан бүтээл боллоо. Монголын бүрэн түүхийн 30 боть бүтээл дахин бичихийн өмнө энэ номыг хэвлэн олон нийтэд хүргэж, үндэсний ухамсар, түүхийн суурь ойлголтыг сэргээж байна. Энэ ажлын гол зорилго нь А.Амар гуай монголчуудын угсаа гарлын тухай үндсэн үзэл баримтлалыг өнөөдрийг хүртэл засварлах шаардлагагүй бат суурьтай тогтоож чадсан гэдгийг харуулахад оршиж байгааг тодотгов.
Мөн тэрбээр “А.Амар гуайн бичсэн бүтээлд эрт үеийн монголчуудын угсаа гарвалаас эхлээд Эзэн Чингис хааны эзэнт гүрний төгсгөл хүртэлх түүхийг хамруулсан. Энэ түүх бичлэгийн үзэл баримтлал өнөөдөр ч нөлөөлсөөр байна. Монголын түүхийг бичих концепцыг боловсруулж, суурийг нь анх тавьсан гэж ойлгож болно. Хүннү гүрнийг монголчуудын анхны төрт улс хэмээн тодорхойлсон нь А.Амар гуайн дэвшүүлсэн санаа юм. 1930-аад оны үймээн самуунтай үед иргэний дайн гарч, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, зүүн хязгаар дахь байдал хурцадсан, Зүүн хойд Азид олон улсын томоохон зөрчилдөөн өрнөж байсан, Монголын хувь заяаг шийдэхээр болсон эгзэгтэй цагт түүхээ эмхэтгэн үлдээсэн хүн бол А.Амар гуай байлаа. Өнөөдөр бичиж буй Монголын түүхийн 30 боть бүтээлийн суурийг ч тэр үед тавьсан гэж хэлж болно. Иймээс Амар гуай цаг үеийн салхинд өөрчлөгдөж, үзэл суртлын нөлөөнд автахуйц түр зуурын ойлголт бус, харин тогтвортой, шинжлэх ухааны үндэслэлтэй өв үлдээсэн хүн юм” гэв.

Түүхийн ухааны доктор, Ё.Отгонбаяр ярихдаа, “А.Амар сайдыг манай ШУА-ийг жинхэнэ утгаар нь үүсгэн хөгжүүлсэн хүн гэж үзэж болно. Учир нь ШУА-ийн эхлэл 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгээс тавигдсан. Энэ байгууллага нь голчлон нийгмийн ухаан, монголын түүх, хэл уран зохиолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин А.Амар сайд шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллах хугацаандаа хэд хэдэн шинэ салбар нээж, дуу авиа судлал, газар зүй зэрэг ангиудыг байгуулан, эдийн засгийн бүсчилсэн судалгааг анх удаа хийж эхлүүлсэн. Ийнхүү байгууллагыг жинхэнэ утгаар нь ШУА болгон өргөжүүлсэн хүн бол А.Амар сайд юм. Түүхчийн хувьд ч мөн агуу их хувь нэмэр оруулсан. Учир нь өнөөдөр дахин хэвлэж буй энэхүү ном нь Монголын түүхийг орчин үеийн түүх судлалын арга зүйгээр бичсэн анхны бүтээл юм. Өмнө нь түүхийн эх сурвалж номууд байсан ч ихэвчлэн “Монголын нууц товчоо”-г үндэс болгож, дараах үйл явдлуудыг нэмж бичих хэлбэрээр явж ирсэн. Харин арга зүйн хувьд шинэ түвшинд бичсэн анхны бүтээл” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Харамсалтай нь хэлмэгдүүлэлтийн сүүдрээс болж ном дутуу үлдсэн. Анх Бүгд Найрамдах Улс тунхагласны 10 жилийн ойгоор Монголын түүхийг бичихээр төлөвлөж, эрт үеэс Чингис хаан хүртэлх хэсгийн I дэвтрийг, Чингис хаанаас 1911 он хүртэлх II дэвтрийг А.Амар сайд бичихээр болсон. Харин 1911-1921 оны автономитын үеийн түүхийг Л.Дэндэв гуай, 1921 оны Ардын хувьсгалын түүхийг маршал Х.Чойбалсан, Г.Дэмид, Д.Лосол нар бичсэн. Гэвч А.Амар сайд II дэвтрээ бичиж амжилгүй хэлмэгдсэн тул тэр дэвтэр хэвлэгдээгүй. Үүний улмаас бусад хэсгүүдийг тусдаа ном болгон гаргасан юм. Тиймээс Л.Дэндэв гуайн “Автономитын түүх”, Х.Чойбалсан, Г.Дэмид, Д.Лосол нарын “Ардын хувьсгалын түүх” нь угтаа энэ цогц бүтээлийн хэсгүүд байв.
Социализмын үед Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийг БНМАУ-ын хилээр хязгаарлан авч үздэг байсан бол А.Амар сайд Монголын өндөрлөгийн хэмжээнд харж үзсэн хэрэг.
Жужан буюу Нирун улс тухайн үед Монголын нутагт оршиж байсан ч Монголын өндөрлөгийг бүхэлд нь авч үзвэл хамгийн хүчирхэг улс нь Тоба гаралтай Юань Вэй байжээ. Иймээс Амар сайд түүхийн үечлэлийг энэ өнцгөөс харсан нь монголын түүхийг Монголын өндөрлөгөөр нь харах уу, эсвэл өнөөгийн улсын хилээр харах уу гэдэг ялгаатай. Миний хувьд Амар сайдын байр суурь туйлын зөв гэж үздэг” гэв.
Мөн А.Амарын зохиол нь XIII зууны эхэн буюу Чингис хааны үеийг хураангуйлан бичсэн нь монголын түүх судлалын анхны томоохон бүтээл болсон хэмээн ач холбогдол, үнэ цэнийг нь түүхчид дүгнэсэн байдаг.



