Завханы музейн угсаатны зүйн танхимд монголчуудын уламжлалт мал аж ахуйд хэрэглэж байсан олон төрлийн эд өлгийн зүйлс хадгалагддаг. Үүний нэг онцлох үзмэр нь XIX-XX зууны үед хэрэглэгдэж байсан тэмээний таваг хатгадаг багаж юм.
Энэхүү багаж нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, баян Пүрэвжавын хэрэглэж байсан эдлэл бөгөөд тэрбээр олон тэмээгээр жин тээж явахдаа ашиглаж байжээ.
Дархны аргаар давтаж ширээж, хатаан дулааны боловсруулалт хийсэн, үзүүр хэсэгтээ сүвэгчтэй уг багаж нь холын аянд тэмээний таваг хатгах, улдах, гэмтэл гарсан үед ширээр бүрж ширлэх, хагарсан хэсгийг үдэх зэрэг зориулалттай байв.
Багажийн бүрдэлд зориулалт тус бүрдээ гурван төрлийн шөвөг үдэгч багтдаг. Мөн хоёр талдаа иртэй хутга нь зангилаа болон үдээсний товгор хэсгийг далд үдэхэд зориулан ташуу ярахад хэрэглэгддэг байжээ.
Тус үзмэрийг 1983 оны аравдугаар сарын 20-ны өдөр Пүрэвжавын хүү П.Лхагваас 15 төгрөгөөр худалдан авч музейн сан хөмрөгт бүртгэжээ.
Түүнээс хойш уг багаж нь музейн байнгын үзмэрт дэглэгдэн, монголчуудын мал маллагааны уламжлалт арга ухаан, соёлын өвийг сурталчлан таниулах ач холбогдол бүхий үнэт өв болон хадгалагдаж байна.
Тэмээний таваг буюу хөлийн ул хагарах, эвэрлэг бүрхүүл үүсэх үед тэмээчдийн хэрэглэдэг энэхүү тусгай багажийг тэмээний таваг хатгагч, мөн ерөнхийлж тэмээний тавхай засах хутга, зүү хэмээн нэрлэдэг. Энэ нь тэмээний хөлийн уланд үүссэн хатуу эвэрлэгийг авч, шархыг цэвэрлэх зориулалттай үзүүртэй, хатгагч хэрэгсэл юм.
Говийн хатуу хөрс, халуун уур амьсгалын нөлөөгөөр тэмээний таваг хагарч, үрэвсэхээс сэргийлэх, эвэрлэг ургасан хэсгийг цэвэрлэхэд уг багажийг ашигладаг байжээ. Ингэснээр тэмээний бэлчээрлэлт, ачаа тээвэрлэлтийн явцыг хөнгөвчилж, малын эрүүл мэндийг хамгаалах боломж бүрддэг байна. Тэмээний таваг хатгах арга нь малчдын уламжлалт мэдлэг, туршлагад тулгуурласан маллагааны нэгэн чухал хэлбэр бөгөөд өнөөдөр соёлын өвийн үнэт жишээ болон музейн үзмэрт хадгалагдаж байна.

