Хоёр дахь удаагийн “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д өчигдөр /2026.04.02/ нээлээ.
Монгол хүний ахуй соёл, түүхэн уламжлалд морь нь салшгүй холбоотой, хийморь сүлд, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн. “Хийморь” үзэсгэлэн нь энэхүү үнэт өв, бэлгэдлийг орчин үеийн болон уламжлалт дүрслэх урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, уран бүтээлийн чанар, цар хүрээг тэлэх зорилготой ажээ.
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрөл бүрийн чиглэлээр уран бүтээл туурвидаг 73 уран бүтээлчийн нийт 79 бүтээлийг дэлгэн толилуулж байна.

МУЭ-ийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр ярихдаа, “Анх энэхүү үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 2-нд хоёр жилийн өмнө зохион байгуулж байсан. Харин морин жил гарч буйтай холбоотойгоор хоёр дахь удаагаа үзэсгэлэнгээ нээж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг өнөө жил хоёр дахь жилдээ тэмдэглэнэ. Тиймээс ихээхэн бэлгэшээлтэй үйл явдал болж байна” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Монголын ард түмэн морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Морь нь бидний хийморь, сүлдтэй салшгүй холбоотой. Энэ ойлголтыг урлагийн хэлээр хэрхэн дүрслэх боломжтойг уран бүтээлчид харуулж байна” гэв.
Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчид бүтээлээ жилийн өмнөөс эхлэн бэлдэж эхэлсэн байна. Зарим уран бүтээлч өмнөх “Хийморь” үзэсгэлэнгээс хойш дараагийн үзэсгэлэнд зориулж шинэ бүтээлээ туурвиж, хоёр жилийн турш хөдөлмөрлөжээ. Тэдгээр бүтээлүүдээс зарим нь шагнал хүртээд байна.

МУСГЗ зураач, сийлбэрч Т.Баттогтох, “Би “Жаргалын 8” нэртэй бүтээлээр оролцож байна. Уг бүтээлээ найман ширхэг үхрийн далаар хийсэн. Ерөнхий зохиомжийн хувьд хөгжмийн нотын хэмнэл, бүтцээс санаа авсан. Жишээлбэл, до-ре-ми-фа-соль-ля-си-до гэсэн аялгууны бүтэц, морины давхих хэмнэл нь 8, 16 хэмтэй байдаг. Энэ хэмнэлийг илэрхийлэхийг зорьсон. Мөн эртний нот бичлэгийн хэв маяг болох нарийн, бүдүүн, өндөр, нам өнгийн ялгарал зэрэг шинжийг дүрсэлсэн. Энэ утгаараа бүтээлээ “Жаргалын 8” гэж нэрлэсэн. Монголд “Жаргалын найман морь” гэж бэлгэдэл байдагтай холбож, нэг талаасаа морьдын хөдөлгөөн, нөгөө талаасаа аялгуу, эгшгийг хослуулан илэрхийлсэн орчин үеийн контемпорари бүтээл юм. Энэхүү бүтээлээ “Хийморь” үзэсгэлэнд зориулж туурвисан” хэмээж байв. Түүнчлэн уг үзэсгэлэн 4 дүгээр сард болдгоороо онцлог. Энэ нь байгаль дэлхий сэргэж, ургамал ногоо соёолж эхэлдэг үе тул уран бүтээлчид ч мөн адил “хийморь”-оо сэргээж, шинэ бүтээлээр оролцдог. Яг л морь эмээллээд давхиж буй мэт уран бүтээлч хүн шинэ бүтээлээрээ өөрийн эрч хүч, онгодоо илэрхийлж оролцдог хэмээн дурдав.

“Хийморь” үзэсгэлэнд анх удаа оролцож буй уран бүтээлч Ж.Энхдэлгэр, “Морь” бүтээлээ хөнгөн цагаанаар гараараа мушгин урласан. Нэг талаас нь харахад “морь” хэмээх үг монгол бичгээр бичигдсэн мэт харагддаг бол нөгөө талаас нь харахад давхиж буй морийг дүрсэлсэн. Миний илэрхийлэхийг зорьсон гол санаа нь аливаа зүйл, үйл явдлыг хүмүүс өөр өөр өнцгөөс хардаг. Тиймээс энэ бүтээлд сайн, муу гэсэн өнцөг байхгүй. Харин аливаа зүйлийг олон талаас нь харж, ойлгож болохыг илэрхийлсэн. Би уран бүтээлээрээ дамжуулан эерэг үзэл санааг түгээхийг зорьдог. Хүмүүс бие биеэ ойлгож, аливааг олон өнцгөөс харж, эв найртай байхыг хүсдэг. Энэ бүтээл ч мөн адил нэг зүйл олон өнцөгтэй, олон янзаар тайлбарлаж болохыг харуулсан” гэв.

Уран бүтээлч Ш.Сүхбат, “Тэнгэрийн амьтан” нэртэй бүтээлээ анх 2025 онд хэсэг зураачтай хамт Өмнөговийн үзэсгэлэнт нутгаар судалгааны аялалд оролцож явахдаа Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавын байгалийн үзэсгэлэнт газраас морины дүрстэй олдвор олсон. Анхны өнгө нь говийн улаан шавар өнгөтэй байсан. Материалын хувьд байгалийн шавар ашигласан. Харин материалын бат бөх байдлыг хадгалах үүднээс бага зэрэг боловсруулж, будсан. “Тэнгэрийн амьтан” хэмээх нэрийн утга нь монголчуудын домог, бэлгэдэлтэй холбоотой. Эрт цагт морь нь тэнгэрийн амьтан байсан ба хожим хүнд баригдан газар дээр амьдрах болсон гэх домог байдаг. Тиймээс энэ бүтээлээрээ уг домгийг илэрхийлэхийг зорьсон. Мөн бүтээлийн дүрслэл нь нэг талаас ганц эвэртэй гөрөөс мэт, нөгөө талаас монгол азарганы сүр хүчийг илтгэсэн” гэв.
Мэргэжлийн уран бүтээлчдийн баг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдэд шүүлт хийж, агуулга нь сэдэвтэй хэр нийцсэн, гүйцэтгэл, ур чадвар, мэргэжлийн түвшин зэрэг шалгуурыг харгалзан шалгаруулжээ.
“Хийморь” үзэсгэлэнгийн тэргүүн байрт Н.Лхагвасүрэнгийн “Хурдан морины хүүхдүүд” уран баримал шалгарсан бол дэд байрт А.Дугарсүрэнгийн “Эрдэнийн судар” уран дархны бүтээл оржээ. Мөн шилдэг бүтээлийн шагналыг Э.Ганзоригийн “Талын салхи”, А.Чадраабалын “Галын дөл-Голомт”, Л.Бумандоржийн “Хөдөө нутаг” уран зургууд хүртсэн байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.















Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

