Хятадын Үндэсний радио, телевизийн захиргаа кино урлагт эрүүл гоо зүйг төлөвшүүлэх симпозиум зохион байгуулав. Энэ хүрээнд хэт гоё сайханд төвлөрөхийн оронд чанартай зохиол бичиж, жүжиглэх ур чадварт анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Хятадын сүүлийн үеийн кинонууд дээр цус нөжтэй тулааны талбарт буй өө сэвгүй цасан цагаан төрхтэй жанжидыг харуулах болсон. Үүнийг цахим орчинд үзэгчид шүүмжилж, кино үйлдвэрлэгчид гадаад төрхийг хэт шүтэж байна гэсэн юм.
“Pursuit of Jade” киноны хэв маяг ялангуяа олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Тус кинонд 10 гаруй жил дайн тулаанд оролцож яваа ахмад дайчин Жан Линхэ гэж гардаг. Гэвч Жан Линхэ олон жил дайн байлдаанд оролцсон шинжгүй шаазан шиг төрхтэй, зузаан нүүр будалттай, намирсан үстэй, гялалзсан хуяг дуулгатай байдаг. Энэ дүр төрхнөөс нь болоод олон нийт түүнд “Foundation General” буюу “Суурь кремтэй жанжин” гэсэн хоч өгсөн юм. Тэр байтугай “Хэрвээ тулаан өглөөний 06:00 цагт эхэлбэл жанжин үүрээр 04:00 цагт сэрээд нүүрээ буддаг”, “Цэргүүд ээ, жанжины суурь крем арилчихлаа. Ухраад тулаанаа маргааш үргэлжлүүлье” гэх зэрэг хөгжилтэй сэтгэгдлүүд ч цахим ертөнцөд таржээ.
Олон нийт түүний дүр төрхийг 2012 оны Петер Хогийн дүртэй харьцуулснаар маргаан улам дэвэрсэн байна. Петер Хо 2000 жилийн өмнөх домогт захирагч Сян Юйгийн дүрийг бүтээхдээ орчин үеийн шүтээн болсон гоо үзэсгэлэнт төрхийг гаргаагүй. Харин ч эсрэгээрээ Петер Хо шороо тоосонд халтартаж, цусанд будагдсан, хуяг дуулга нь элэгдсэн, ядарсан, ширүүн харцтай байдаг. Ийм бодит мэт дүрслэл үзэгчдэд илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Тэднийг харьцуулснаас хойш Петер Хогийн цахим платформ дахь дагагчдын тоо ч эрс өссөн байна.

