Монгол сурагч оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өчигдөр /2026.04.15/ нээлээ.
Энэхүү үзэсгэлэн олон нийтэд анх удаа толилуулж буйгаараа онцлог бөгөөд үзмэрүүд нь олон байгууллага, тэр дундаа архивын байгууллагын эх сурвалж, баримт нотолгоонд тулгуурласан материалуудаас бүрдэж байна. Мөн гадаадад суралцаж байсан залуусын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй үзмэрийг дэлгэжээ. Тухайлбал, эл үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгөөс архивын баримтууд, захидал цахилгаан, “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-ны үйл ажиллагаанд холбогдох албан бичгүүд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс газрын зураг, бичгийн машин, зурагт хуудас зэрэг үзмэрийн зүйлс, Гадаад харилцааны төв архиваас сурагчдын гадаад паспорт, Герман, Франц улсын зохих байгууллагуудтай харилцсан албан бичгүүд, ТЕГ-ын Тусгай архиваас хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд, МУҮНС-аас багш Б.Ишдорж, Д.Буддарь нарын бичиж хэвлүүлсэн ном зохиол, аян замын тэмдэглэл, 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл, үр хүүхдүүдийн гар дээр хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйлийг үзэх боломжтой. Мөн тус үзэсгэлэнд тавьсан гэрэл зургуудыг судлаач, сэтгүүлч Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас үзмэр дэглэн толилуулж байна.
Нээлтийн үеэр Монголын үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн ярихдаа, “Монгол Улсаас Герман, Франц болон Европын эдгээр улсад мэргэжил, боловсрол эзэмшихээр манай залуус зорин очиж суралцан, эх орондоо эргэн ирээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, монголын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, манлайлагчид болж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Энэхүү үзэсгэлэн Монгол Улс болон ХБНГУ-ын соёл, боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, уламжлал болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Архивын ерөнхий газрын дарга, доктор Л.Нямгэрэл, “Монгол Улсын газрын сан хөмрөг, архивт манай улсын ой санамж болсон түүхэн олон баримт бичиг хадгалагдан үлдсэн. Тэдгээрийн нэг хэсэг нь 1925 онд өндөр хөгжилтэй улс орнуудад суралцахаар явсан 35 залуугийн хувийн болон төр, нийгмийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд бий” хэмээн дурдав.
Мөн тэрбээр, “1921 оны Ардын хувьсгалын дараа Засгийн газраас үндэсний сэхээтнийг бэлтгэх, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг илэрхийлэл нь Герман, Франц зэрэг улс оронд мэргэжилтнүүдийг сургахаар илгээсэн явдал юм. Эдгээр анхны явсан залуусаас монголын төр, нийгэм, соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан олон сэхээтэн төрөн гарсан. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн нэгэн үеийн түүхийг харуулах төдий бус, харин хойч үедээ сургамж өгөхийг зорьсон. Иймээс бид түүхэн баримтад тулгуурлан иргэдийг зөв мэдээллээр хангаж, залуу үедээ үнэн зөв ойлголт өгөх нь чухал юм. Цаашид эдгээр түүхэн баримтыг олон нийтэд таниулах, судалгаа, сурталчилгааны ажлыг тогтмол, үр бүтээлтэй зохион байгуулна” гэв.
1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус “Хээрийн галуу нисэн үл хүрэх газар”-т эрдэм сурахаар Герман, Франц улсыг зорьсон билээ. Эдгээр сурагч насны хувьд бага нь 13, ахмад нь 25 настай байв. Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхан, Д.Буддари, Б.Далай, Б.Авирмэд нарын гурван багш сурагчдыг Герман, Франц улсад хүргэж өгөхөөр явжээ. Манай 35 хүүхдийн 31 нь Герман улсад, дөрөв нь Франц улсад 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр суралцсан бөгөөд өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлсэн татсан.
Эдгээр хүүхдийн ихэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Тэдгээр хүүхдийг удирдан авч явсан багш нар хэлмэгдүүлэлтэд өртөн цаазаар авхуулсан бол сурагчдаас гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас баржээ.
Герман, Франц улсад суралцсан тэдгээр сурагч хожим улс Монголынхоо тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдар нэрээ мөнхөлсөн. Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, анхны академич нарын нэг, Гавьяат мал зүйч Т.Аюурзана, анхны Ардын багш Г.Батсүх, Гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, Улсын Төв номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, Аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, Улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, герман-монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд нарын алдартнууд төрсөн юм.
Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Үндэсний төв номын сан, Гадаад харилцааны төв архив болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран энэхүү түүхэн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болно.


