Америкийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн, кабелийн мэдээний CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер 87 насандаа таалал төгссөн тухай тус телевизийн цахим хуудсанд “Turner Enterprises” компанийн хэвлэлийн мэдээг эш татан лхагва гараг /2026.05.06/-т мэдээлжээ. Тёрнер гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэл дунд амьсгал хураасан байна. Тэрбээр таван хүүхэд, 14 ач зээ, хоёр гучтай.
“2018 онд 80 нас хүрэхээсээ сар орчмын өмнө Тёрнер тархины даамжрах өвчин болох Леви биетийн зөнөгрөх өвчин туссан тухайгаа мэдэгдэж байсан юм. 2025 оны эхээр тэрбээр уушгины хатгалгааны хөнгөн хэлбэрээр эмнэлэгт хэвтэж, дараа нь тусгай төвд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн” гэж эмгэнэлийн мэдээнд дурджээ.
Тёрнер 1938 оны 11 дүгээр сарын 19-нд Охайо муж улсын Цинциннати хотод сурталчилгааны агентлагийн эзний гэр бүлд төржээ. 1960 онд тэрбээр эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн бөгөөд эцэг нь амиа хорлосноос гурван жилийн дараа агентлагийг удирдаж эхэлсэн байна. Хэд хэдэн радио станц болон Атланта дахь алдагдалтай ажиллаж байсан телевизийн сувгийг худалдаж авснаар Тед Тёрнер “Turner Broadcasting System” хэмээх медиа компанийг байгуулжээ. 1970-аад онд түүний суваг хиймэл дагуулын дохио ашиглан АНУ-ын кабелийн оператор компаниуд руу нэвтрүүлгээ дамжуулж, үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн суваг болсон юм.
1970-аад оны сүүлчээр Тёрнер 24 цагийн кабелийн мэдээний суваг байгуулах санааг олжээ. Тэрбээр CNN сувгийг 1980 онд ажиллуулж эхэлсэн бөгөөд түүний гол онцлог нь мэдээг шуурхай хүргэж, үйл явдлыг шууд дамжуулах явдал байв.

