Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд соёлын салбарт нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей хамтран нийслэлийн 11, орон нутгийн 24 музейг цахим төлбөр тооцооны нэгдсэн системд хамруулж, гүйлгээг бүрэн цахимжуулав. Энэхүү цахим шилжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гаргахгүйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлтийн үеэр Монголын Үндэсний музей болон “Гэрэгэ системс” компани хамтран ажиллах гэрээ байгуулж, цахим киоск төхөөрөмжийг танилцуулсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, ил тод хүргэх төрийн бодлогын хүрээнд соёлын салбарт томоохон ахиц дэвшил гарч байгааг цохон тэмдэглэв. Цахим системийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо, орлогыг үнэн зөв бүртгэх, статистик мэдээллийг бодитоор гаргах, бэлэн мөнгөний эргэлтийг бууруулж, санхүүгийн ил тод байдлыг хангах нөхцөл бүрдэж байгаа юм.
Музейн салбарын үйл ажиллагааны орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. 2022 онд 3.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 9.3 тэрбум төгрөгт хүрчээ. Бэлэн мөнгөний урсгалыг халж, цахим төлбөр тооцоонд нэвтэрснээр энэхүү өсөн нэмэгдэж буй орлого бүрийг нарийвчлан бүртгэх, бодитой, үр дүнтэй зарцуулах нөхцөл бүрдэж байгааг албаны хүмүүс онцлов.
Цаашид соёлын үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлж, музей, номын сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарын үйлчилгээнд дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, иргэн төвтэй, ухаалаг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх талаар ССАЖЗЯ мэдээлэв.

