Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Т. Бум-Эрдэнэ : Мянга мянган жилээр
Жүжиг

Т. Бум-Эрдэнэ : Мянга мянган жилээр

Урлаг Урлаг11/09/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
time-travel2-photo-courtesy-of-junussyndicate-on-deviantART6392515722014-09-11-14-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.

Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульсын эгэлгүй ертөнц үелзээд ирдгийм. Одоо мөдгүй эртэч хэдэн бялзуухай айдаст нүдээ гялтгануулан ирж, эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг мэдэрдэг. Өхөөрдөл гэдэг орчлонгийн хамгийн энхрий мэдрэмж байх. Төд удалгүй тэдний дуудсан тэг дугираг хуучин нар шинэхэн гэрлээ цацруулсаар тэнгэрийн хаяанаас мандахад цэв цэнхэр гариг маань цээлхэн хоолойгоор дуулах болно. Айдсаа гээсэн өнөөх хэдэн бялзуухай нарны цацраг дамжин нисэж одно. Нар угаасаа л итгэл найдварыг тээгч байх.

Моддын навчис салхин сэвшээг хөглөж, мөчир мөчиртөө бүжнэ. Морьд хаа нэг тургилангаа молор эрдэнийн толгой хаялж, балар эртний зүүдэнд умбана. Шүүдэрт шумбасан гоо өвс гэзгээ шувтран жингэнэх болно. Аргалын утаа тэнгэрт суунаглаж, амар амгаланг татлах болно. Айлын бүсгүй ашдыг ерөөж, алтан наранд сацал өргөнө.
Ай даа . . . арав арван жилээр алсарч хоргодмоор ертөнцдөө агь үнэртсэн модон сандал дээр алсыг ширтэж, анирыг анирдан суунам би . . .
Бяцхан бялзуухай хаанаас ирээд, хаашаа оддогийг би мэдэхгүй.

Хоёр

Миний зүрхний аглагхан ховдолд эртний нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд зориуд орхисныг мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж.
Гагцхүү арц үнэртсэн тэр модон сандал дээр өдөр болгон ирж, гүн хөх тэнгэрийн гүелзэх мандалыг бэдрэн суух дуртай.
Тас хар тэнгэрт туссан цавьдар нарны шаргал туяа түүнийг гүн хөх болгодгийг мэдэрнэм. Жин үдийн энэ цагаар халсан агаарын дүнгэнээн хамаг жингээрээ дэлхийг дарна. Тэнгэрийн хянганд тогтсон хурган цагаан үүлнээс хэдхэн дусал, бодол чийглэн унана. Унахгүй ч байж мэднэ.
Ирвэлзэж, жирвэлзсэн охин-зэрэглээн дундуур дэрвэлзсэн эрвээхэй эргэлдсээр ирж, цэцэгсийн дэлбээнд өөрийн ертөнцийн ховыг ярина. Эрвэлзэж дэрвэлзсэн өнөөх хэдэн эрвээхэй бас л хаа нэг тийш явж одно. Эднээс би эмзэглэлийг мэдэрдэг.
Хөх аргал дээр суусан хээрийн согтуу чогчого халамцуудаа хамаг нууцаа дэлгэнэ. Хагсаж хагарсан модон тэргэн доор халтар банхар урт хэлээ унжуулан урд насны нүглээ наминчилна. Гүү саамны хооронд гэрийн сүүдэрт үүрэглэх хүү өөрийнхөө үүсгэлийн усан далайг туучин үнэгчилнэ. Дуниартан хэвтэх их тал, дун цагаан цасыг хүсэмжлэнэ.
Ай даа . . . Зуу зуун жилээр зуларч хорогдмоор үймэн зүүмэн ертөнцдөө арц үнэртсэн модон сандал дээр гүн хөх тэнгэрийн гүелзэх мандалыг бэдрэн суунам би . . .
Эрвээхэй чухам хаанаас ирээд хаашаа оддогийг би мөн л мэдэхгүй.

Гурав.

Миний бодлын алсхан үзүүрт хөсөг нүүдлээс гээгдэж хоцорсон дотны нэгэн сандал байдгийм. Хаанахын, хэний нүүдлээс үлдсэнийг хэлж мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү амрагийн үнэртэй тэр модон сандал дээр үдэш болгон ирж, орчлонгийн хязгаараас зөвхөн намайг л гэж оносон охин сэтгэлийг сүслэн бодох дуртай.
Тас тэврэмээр, тасдаж идмээр, тачъяадан гийнах цангаж ангасан тэр мэдрэмж хаанаас ирдгийг би мэдэхгүй ч амрагийнхаа үнэрт хамар цоргиж, яргаж цахалсан тэр гиншээн чих эрвэгнүүлэхэд урангоо түүнийхээ уруул завсраар урсан оддогийг би мэднэ. Амраглал гэдэг магадгүй ашид мөнхийн мэдрэмж байх.
Одоо удахгүй нар таширлан унаж, олон уулсын цаагуур тунирхаж одно. Нар хаанаас ирж, хаашаа буцдагийг би мэдэхгүй. Гагцхүү уяхан цагаан манан уулын оройг таалж, шөнөжин ураг холбогдоод өглөө үүрээр бялуурч үлдэнэ.
Чагтнаас мултарсан унага эхээдээ чавхдаж, эхлээрийн чандад зэaрэглээ болон дэгдэнэ. Адууны хөлөөр боссон тоос, алаг хорвоогийн жамыг учирлана. Сээхэлзүүр өвсөнд чийг унаж, сэрлийн уянгаар янаглан тэврэлдэнэ. Ялаа хүртэл янаглалын тухай онол хүүрнэдэг.
Ай даа . . . Мянга мянган жилээр аргамжаатай үлдмээр арга билгийн энэ орчлонд амрагийн үнэртэй модон сандал дээрээ намайг л гэж оносон охин сэтгэлийг сүслэн бодсоор суунам, би . . .
Шувуу шиг ирдэг, эрвээхэй шиг эргэлддэг, амраг шиг янагладаг ямар нэгэн “юм” надад байдгийм байна. Ерөөс, нар надаас мандаж, надад жаргадаг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.