Нью-Хэмпшир дэх “Concord” нийтийн номын сангаас 132 жилийн өмнө зээлсэн сэтгүүлийг эргүүлэн өгчээ. “The Century Illustrated” гэх сар тутмын сэтгүүлийг 1984 оны есдүгээр сард хэн нэгэн тус номын сангаас гэрээр авсан аж. 132 жил буюу 48220 өдрийн хугацаанд тус сэтгүүлийн хугацаа хэтрүүлсний торгууль 12055 ам.доллар болсон байв.
“Concord” нийтийн номын сан хугацаа хэтрүүлсний торгуулийг түр зогсоож байгаагаа зарласны дараа “The Century Illustrated”-ийг Жон гэх хүн авчирч өгсөн аж. Жон хэдэн арван жил нэг л байшиндаа амьдарсан боловч тэр сэтгүүл яаж яваад гэрт нь “ороод ирчихсэн” байгааг ойлгоогүй гэжээ. Тэрбээр сонин дээр номын сангийн торгуулийг түр зогсоосон тухай мэдэгдэл гарсан байхыг хараад сэтгүүлийг буцааж өгөхөөр шийдсэн байна.
“Concord” нийтийн номын сан цахим хуудсандаа “Бид торгуулийг түр зогсоосноо зарласнаас хойш олон ч хүний аз жаргалтай царай харлаа. Мэдээж урт хугацаагаар алга болсон номууд маань эргэж ирнэ гэж бид найдсан. Гэлээ гээд 19 дүгээр зууны ном ирэх юм гэж хэн ч санаагүй. Тэр сэтгүүлийг эргэлтэд оруулахгүй боловч манай номын санд зохих байр сууриа эзлэх нь дамжиггүй. Аз болж тэр хүн ч 48220 өдрөөр хугацаа хэтрүүлсний төлбөр болох 12055 ам.долларыг төлөхгүй нь” гэжээ.
“Concord” нийтийн номын сан энэ сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн хугацаанд хугацаа хэтрүүлсний торгуулийг зогсоож байна. Тэд энэ кампанит ажилд дүн шинжилгээ хийж, “Торгуульгүй номын сан”-ийн үр нөлөөг үнэлэх ажээ.


