Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.
2026 оны “Байнгын үзэсгэлэн”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.
Хадны сүг зураг, агуйн дүрслэлээс эхтэй монголчуудын дүрслэх урлагийн уламжлал олон зууны турш хөгжиж, нүүдэлчин, малчин ахуй, түүх, соёл, зан заншил, оюун сэтгэлгээний онцлогийг өөртөө шингээн иржээ. XX зууны эхэн үеэс энэхүү уламжлал мэргэжлийн уран зургийн хөгжилтэй уялдан шинэ шатанд гарч, үндэсний уран зургийн өвөрмөц хэл болох “Монгол зураг”-ийн суурь бэхэжсэн байна. Их хүрээний уран сайхны уламжлал, шашны урлагийн дэг сургууль, уран дархчуудын арга ухаан нь шинэ үеийн уран бүтээлчдийн уран сайхны сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлжээ.
Монгол зураг нь нэг хавтгайд олон дүр, үйл явдал, орон зайн харилцааг багтаах, нарийн зураас, хэмнэл, тод өнгө, хээ чимэглэл, хавтгай дүрслэлийг хослуулахын зэрэгцээ хөдөлгөөн, цаг хугацаа, орон зайн мэдрэмжийг уран сайхны аргаар илэрхийлдэг онцлогтой.
Үзэсгэлэнд М.Хайдавын “Борооны дараа”, С.Мижиддоржийн “Сарлагийн уралдаан”, Л.Дэмбэрэлийн “Оторчид”, Ц.Даваахүүгийн “Сүргийн мэнд” зэрэг бүтээлээр байгаль, малчин ахуй, нүүдэлчдийн амьдралын хэмнэлийг харуулжээ. Харин П.Цэрэндоржийн “Эртний хуримлах ёс”, Ё.Жигжиддуламын “Шагайн тойром”, Д.Дамдинсүрэнгийн “Алдарт эх” зэрэг бүтээлд ёс заншил, баяр наадам, гэр бүлийн харилцаа, нийгмийн амьдралыг дүрслэн үлдээсэн байна.
Ийнхүү монгол зураг нь уламжлалаа хадгалахын зэрэгцээ шинэ сэдэв, материал, арга ажиллагаагаар баяжин хөгжиж, орчин цагийн Монголын дүрслэх урлагийн чухал чиглэл болон төлөвшжээ. Түүний үндэсний онцлог нь зөвхөн дүрслэлийн хэлбэр төдийгүй монгол хүний байгаль, ахуй, түүх, соёлтой харилцах өвөрмөц сэтгэлгээ, бэлгэдэл, гоо зүйн мэдрэмжид оршдог. Энэхүү үзэсгэлэн нь олон зууны туршид уламжлагдан ирсэн монгол зургийн өвийг XX зууны уран бүтээлчдийн туурвилтай холбон харуулж, үндэсний уран зургийн хэл хэрхэн хадгалагдан шинэчлэгдэж ирснийг тодотгон харуулж байна.


