Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клуб болон ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж буй “Монголын нууц товчоо” боловсролын хөтөлбөрийн наймдугаар бүлгийн уншлага, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залууст Монголын түүх, өв соёл, уран зохиолын үнэт өв болох “Монголын нууц товчоо”-г системтэйгээр уншиж судлуулах, түүхэн үйл явдлыг ойлгон тайлбарлах, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, бусдын байр суурийг сонсож, харилцан ярилцах замаар унших, шүүн тунгаах, хэлэлцүүлэгт оролцох чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид зохиолыг бүлэг бүрээр нь уншиж, тухайн хэсгийн үйл явдал, дүрүүдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, зохиолын хэл найруулга болон өгүүлэмжийн онцлогийг хэлэлцэн ярилцдаг. Өмнөх хэлэлцүүлгүүдэд хүүхдүүд түүхэн үйл явдлыг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, үзэл бодлоо үндэслэлтэй илэрхийлэн, номын агуулга болон уран сайхны онцлогийн талаар санал солилцож байв.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Монголын нууц товчоо”-ны наймдугаар бүлэг буюу “Хүчлүгийн дутаасан ба Жамухын дарагдсан нь” хэсгийн үйл явдал, дүрүүдийн онцлог, түүхэн ач холбогдлыг уншиж судлан, оролцогчид өөрсдийн ойлголт, байр суурийг хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тус бүлэгт Мэргидийн Тогтоа бэх, Найманы Хүчүлүг нарын хувь заяа, Жамухын баригдсан үйл явдал, улмаар Чингис хаан Жамухад хэрхэн хандаж буй зэрэг тухайн үеийн улс төр, харилцаа, анд нөхөрлөлийн асуудлыг өгүүлдэг.
Хэлэлцүүлгийн үеэр зохиолд гарч буй үйл явдал, дүрүүдийн шийдвэр, тэдгээрийн цаад шалтгааныг өнөөгийн нийгмийн ойлголттой холбон тайлбарлаж, түүхэн эх сурвалжийг зөвхөн уншиж мэдэхээс гадна асуулт дэвшүүлэх, нотолгоонд тулгуурлан санал бодлоо илэрхийлэх байдлаар ажилласан байна.
“Монголын нууц товчоо”-г хүүхэд, залуучуудад системтэйгээр уншуулж, бүлэг бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулах энэхүү санаачилга нь 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед оролцогчид бүтээлийг 17 сарын хугацаанд уншиж судлахаар төлөвлөсөн юм.
“Монголын нууц товчоо” боловсролын хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад үндэсний түүх, хэл, уран зохиол, өв соёлоо танин мэдэх боломж олгохын зэрэгцээ ном унших дадал, түүхэн сэтгэлгээ, судлан шинжлэх болон үзэл бодлоо зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг, утга зохиолын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр ярилаа.
Сонирхуулахад, 2025 оны тавдугаар сард зохион байгуулсан дөрөвдүгээр бүлгийн хэлэлцүүлэгт Завхан, Говь-Алтай аймгийн 50 гаруй сурагч оролцож, номын агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцсан байна.


