Булган аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 6а ангийн сурагч Н.Ялалтбаатар дэлхийн 20 гаруй орны 6800 гаруй хүүхэд оролцсон олон улсын гар зургийн уралдаанд амжилттай оролцож, 10-12 насны ангилалд шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ.
“Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг”-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Миний энх тайвны түүх” олон улсын гар зургийн уралдаан энэ жил найм дахь удаагаа болж, хүүхэд багачууд энх тайвны талаарх үзэл бодол, хүсэл мөрөөдлөө бүтээлээрээ илэрхийлэн өрсөлдсөн байна.
Уралдааны эхний шатыг Булган аймагт дөрвөн насны ангиллаар зохион байгуулж, Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан нийт 97 бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан юм. Үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдээс олон улсын шатанд өрсөлдсөн бөгөөд Н.Ялалтбаатарын бүтээл дэлхийн шилдэг 37 бүтээлийн нэгээр шалгарсан байна.
Сурагч Н.Ялалтбаатар тус уралдаанд Булган аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Нутгийн өнгө” дугуйлангийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш Л.Наранзаяагийн удирдлага дор оролцжээ.

