Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан музейн түүхэн замнал, үе үеийн үйл ажиллагаа, хамт олны хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулах зорилготой “Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочид, соёл урлагийн салбарын хамт олон, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, музейн ахмадууд, хамтран ажиллагч байгууллагууд урилгаар оролцлоо.
1966 оны долдугаар сарын 23-ны өдөр Дүрслэх урлагийн музей анхны үзэгчдээ хүлээн авч, үүд хаалгаа албан ёсоор нээж байжээ. Тухайн үед музей 300 гаруй үзмэр, бүтээлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
1995 онд музейн захирал Дашбалдангийн санаачилгаар Монголын төр, шашин, соёл, дүрслэх урлагийн нэрт зүтгэлтэн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын 1995 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 54 тоот тогтоолоор Дүрслэх урлагийн музейг Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит болгосон билээ.
60 жилийн ойд зориулан зохион байгуулж буй түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нь музейн нэгэн жарны түүхэн замналыг дүгнэн цэгнэж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дараагийн жарнаа өвлүүлэн ухамжлуулахыг зэрэгцээ шинэ жарны түүхийг бүтээх эхлэлийг тавих онцгой ач холбогдолтой юм.
“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 12-ны хүртэл Музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.


