Тун удахгүй Монгол-Холливудын хамтарсан бүтээл хийгдэх гэж байгаа гэдгийг манай уншигчид андахгүй сайн мэдэх биз ээ. “Precious” буюу “Ялдамхан” уран бүтээл дээр хамтарч ажиллахаар болсон Холливудын алдартай хоёр уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагаа хүргэхийн өмнө тэдний тухай товч намтрыг хүргэж байна.
Деанна Исмаил нь 24 жилийн туршид киноны бүх төрөлд ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч бөгөөд 100 гаруй кино бүтээжээ. Тэрээр сүүлийн 14 жилийн хугацаанд чамгүй идэвхитэй ажиллаж уран сайхны, богино хэмжээний кино, зар сурталчилгаа, телевизийн шоу нэвтрүүлэг, видео клип, баримтат болон үйлдвэрлэлийн зориулалттай дэлгэцийн бүтээлүүдэд зураглаач буюу дижитал дүрслэлийн мэргэжилтнээр ажилласан байна.
Деанна Исмаил “Universal Pictures” студио, “History Channel”, “US Coast guard” зэрэг газруудад зургийн найруулагч, “Chevrolet”, “Toyota”, “ Jaguar Motorcars” компаниудын зар сурталчилгаа, арилжааны зураг авалтыг хариуцан ажилласнаас гадна Катар улсын Шейхийн хуримын зураг авах хүндтэй ажлыг гүйцэтгэсэн билээ. Түүний ажилласан бүтээлүүдээс дурьдвал "Army of darkness”, жүжигчин Анжела Бассетийн гол дүр бүтээсэн "What’s love got to do with it?”, жүжигчин Дрю Беримогийн тоглосон "Mr. PAyback", "Guncrazy" болон жүжигчин Фэй Доновэйны анхны найруулсан "The yellow bird” зэрэг кинонуудад зургийн найруулагчаар ажиллаж байсныг дурьдах нь зүйтэй.
Деанна бол киноны салбарт дүрс зураг, дижитал системд шилжих үед энэ ажлыг хийсэн анхны төлөөллүүдийн нэг.2002 онд дижитал камераар түүний авсан "This girl’s life" кино нь Холливүүдийн шүүмжлэгчдээ өндөр үнэлгээ авч, шуугиан тарьсан байдаг.
Вариарти сэтгүүл энэхүү киноны “зураг авалт тодролтын хувьд дээд зэрэглэлийн жишээ” гэж бичиж байв.Тэрээр Санта Фе семинар, Дижитал дүрслэлийн дээд шатны курс, “Америкийн кино зураглаачдийн холбооны магистр анги 2014” зэрэг сургалтад хамрагдсан.Олон улсын кино зураглаачдын холбооны 600 гишүүний нэг юм.
Петер Грей найруулагчийн хувьд кино урлагийн салбар 40 гаруй жил ажилласан нэртэй зохиолч, найруулагч, продюсер.Тэрээр Австрали, Ази, Америк болон Европ зэрэг дөрвөн тивд ажиллаж уран сайхны болон олон төрлийн кинонд ажилласан байна. Кино зургийн найруулагч тэрээр дэлхийн олон хүндтэй шагналуудыг хүртсэн бөгөөд зураглаачдын нийгэмлэгийн 600 гишүүний нэг аж.
Мөн тэрээр кино зураглаачийн болон гэрэлтүүлэг дизайны шилдэг ажлаараа хэд хэдэн шагнал авч байжээ.
Петр нь Австралийн телевиз, киноны сургууль төгссөнөөс гадна олон улсын хүрээнд кино хийх болон бусад улс оронтой хамтран ажиллах маркетингийн нилээд туршлагатай нэгэн. Петер грей дэлхийн олон оронд киноны болон телевизийн бүтээл хийх арга барилыг зааж байсны дотор Австралийн Сиднейн Их Сургуульд гурван жил багшилсан. Петер Грей 1996 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод дээд ангилалын кино зураглаачийн Кодак олон улсын семинар, 2000 онд Сөүл, Пусан хотод Дүрс тодруулалтын дижитал камерийн семинар зэрэгт оролцож байсныг нэрлэж болно.
Ажиллах хугацаандаа өөрийн мэргэжлийн хүрээнд техникийн болон түүхийн судалгааны олон баримт материалыг бичиж хэвлүүлсэн.
Деанна Исмаил, Петер Грей нарын хамгийн сүүлд Австралийн жүжигчин Тереза Ливингтон, Америкийн театр, телевизийн жүжигчин Элижа Александрийн тоглосон “The trainer” хэмээх инээдмийн киног хамтарч бүтээсэн юм.
Ингээд алдартай холливудын уран бүтээлчидтэй онлайнаар хийсэн ярилцлагаа хүргэе.
Найруулагч: Петер Грей
-Сүүлийн үед монголчууд Америкийн кино бүтээгчидтэй хамтрах болсон тухай мэдээлэл их шуугиан тариад байгаа. Яагаад Монгол уран бүтээлчдийг сонгож, уран бүтээл дээрээ ажиллахаар болсон бэ?
-Бид хэд хэдэн Монгол кино үзсэн.Жүжигчид нь их авьяаслаг, шаардлага өндөртэй байсан бөгөөд бидний хамтарч хийх анхны кинонд энэ нь бол гол зүйл. Бас нэг зорилго бол хамтарч ажилласнаар монголчуудын авьяас чадварыг улам хөгжүүлэх явдал. Тиймээс бид монгол жүжигчидтэй болон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна.
Зохиолч: Деанна Исмаил
-Ер нь уг кино бүтсэнээр гарах үр дүн ямар байх вэ?
-Кино хийнэ гэдэг бол хариуцлага гэсэн үг. Кино зохиолын анхны санаа гарахаас эхлээд хийж дуусгах хүртэлх ажлаа нухацтай, нарийн сайн төлөвлөх хэрэгтэй.Тэгээд хамгийн сайн үр дүнд хүргэх ёстой. Энэ киног бүтээхэд туршлага, чадвартай, ажилсаг уран бүтээлч мэргэжлийн хүмүүс болон санхүүжүүлэгчийн гол зорилго бол өндөр амжилт олох.
Түүний төлөө бид чармайн ажиллана. Киногоо хийж дуусгаад дэлгэцэнд гарсны дараа Монгол, Америкад төдийгүй олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэхийг хүсч байна.
Зохиолч: Деанна Исмаил
-Монголын кино ертөнцийн талаар судалж үзсэн үү?
-Үзсэн, үзэлгүй яахав.Монголын кино урлагийн түүх болон өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болсон. Бидний ойлгож байгаагаар “Монгол кино” үйлдвэрийг анхлан хуучин Зөвлөлт Холбоот улсын тусламжаар байгуулж, эхний кинонуудаа хийсэн. Энэ нь ихэвчлэн үзэл сурталчил, энгийн боловсрол, танин мэдэхүйн чиглэлийн кинонууд байсан юмуу. Харин 1990 оноос Монгол улс зах зээлийн чөлөөт эдийн засгийн системд шилжих үеэс киноны салбарт төрөөс үзүүлж байсан тусламжууд алга болж, бие даасан хувийн кино продакшинууд үүссэн юм байна. Тэгээд бүтээлийн чанар, төрөл хэлбэрийн хувьд хийх ажлууд их гарчээ.Тийм ч учраас Монголын киноны салбарт өөрсдийн мэдлэг туршлагаараа туслах бодол санаа бидэнд төрсөн. Ялангуяа цаашид энэ салбарт өсөж хөгжих мэргэжлийн залуу үе, бидний анд Д.Ангараг нарт тусламж дэмжлэг хэрэгтэй учраас бид хамтран ажиллаж байна. Мэдээж тэнд энэ салбарын ирээдүйн гэрэлт од харагдах хэрэгтэй.
Зохиолч: Деанна Исмаил
-Ямар Монгол кино үзсэн бэ?
-Монгол кинонуудаас “Ингэний нулимс”, Герман, Монголын хамтран бүтээсэн “Шар нохойн орон”, мөн зургийн найруулагч Д. Ангарагийн “Бодлын хулгайч”, “Ану хатан” кинонуудийг үзсэн.
-“Precious” буюу “Ялдамхан” кино гарснаараа, холливудад болон Монголын кино ертөнцөд ямар ашиг авчрах юм бол?
-Миний бодлоор Монгол улс Холливуд болон дэлхийн киноны салбарт үндсэндээ танигдаагүй байгаа орон. Тийм ч учраас энэ бүтээл гарснаар Монголын кино урлагт томоохон өөрчлөлт, ахиц гарна гэж бодож байгаа. Америкийн олон нийт Монгол орныг үнэндээ хэвшмэл байдлыг эс тооцвол бараг мэдэхгүй. Бидний хамтарсан бүтээлээр олон зүйлийг мэдэх болов уу гэж бодож, хүсэж байна. Монголчуудыг ямар их хөгжил дэвшилтэй,баялаг соёлтой, тэмүүлэл дүүрэн үндэстэн гэдгийг үзэгчид мэдэх болно.
Найруулагч: Петер Грей
-Монгол уран бүтээлчдэд ямар давуу тал бий болгох вэ?
-Америкийн киноны мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласнаар тэдний авьяас чадвар улам өсөж, цаашид энэ салбарт ажиллах боломж бүрдэнэ.
Зохиолч: Деанна Исмаил
-Кино зохиолоо яагаад “Precious” буюу “Ялдамхан” гэж нэрлэх болсон бэ. Ийм нэртэй кино байдаг шүү дээ. Нэрний сонголт давхцахгүй юу?
-“Precious” буюу “Ялдамхан” киноны гол дүр Катринад аавынх өхөөрдөж өгсөн нэр юм. Катрина бол их зөрчилтэй дүр. Олон зүйл дээр зөв буруу, хар, цагаан, хохирогч, ялагч гэх мэт холилдсон олон зөрчлийг өгүүлэх дүр. Түүнийгээ Катарина ялгаж чаддаггүй. Өөрийг нь багад нь зовоогчийн нэрлэсэн “Precious” буюу “Ялдамхан” гэсэн нэрийг үзэн ядах хэрнээ хайрласаар байдаг.
Анх бүртгэгдсэн кино зохиол нь 2009 онд дэлгэцэнд гарсан “Precious” нэртэй киноноос өмнө бичигдсэн юм. Киногоо бүтээх явцдаа энэхүү нэрийг түр хэрэглээд, цаашид эндүүрэл үүсгэхгүйн тулд киноны нэрээ солино гэж бодож байгаа.
Зохиолч: Деанна Исмаил
-Зохиолын агуулгаар нийгэмд ямар мессежийг хүргэхийг зорьж байгаа вэ?
-Өөрийн төрсөн эцэгтээ багадаа хүчиндүүлж, хохирсон Катрина охин өшөө авахын тулд сүмд амьдрагч, тахир дутуу, шидтэн нэгэнтэй ер бусын холбоо тогтоон ажиллана. “Precious” буюу “Ялдамхан” бол ид шид, шашны болон аймшгийн элементтэй, адал явдал, хүчирхийлэл холилдсон “Трантино” хэлбэрийн кино юм.
Эмэгтэй хүний амьдралд хичнээн их бэрхшээл, хүндрэл байсан ч түүнийг даван туулах итгэл байсан тохиолдолд зовлонгоос ангижрах болно гэдгийг “Precious” буюу “Ялдамхан” үзүүлэх болно.
Найруулагч: Петер Грей
-Уг кинонд тоглох уран бүтээлчдийг сонгон шалгаруулалт болсон уу. Эрэгтэй эмэгтэй жүжигчдээр хэн хэн сонгогдсон бэ?
-Аль ч бие даасан кино бүтээгч, авьяаслаг жүжигчид, дүрээ сонгохоос өмнө санхүүгийн хувьд баталгаатай эсэхийг мэдэх хэрэгтэй болдог.Олон авьяаслаг, нэр хүндтэй жүжигчдийн төлөөлөгч, менежерүүд киноны төсөв, санхүүгийн баталгаа нь холбогдох банкны дансанд байгаа эсэхийг мэдсэний эцэст шийдээ өгдөг.Тиймээ, бид кинондоо урих зарим нэг хүндтэй жүжигчдийг судалсан, зураг авалтын төсөв баталгаажсан үед жүжигчиддээ сонгох эхний алхмуудаа хийнэ.
Зохиолч: Деанна Исмаил
-Жүжигчдийг ямар шалгуураар жүжигчдээ сонгох вэ?
-Бидний хамгийн чухал шаардлага бол нэр хүндтэй жүжигчнийг гол дүрд тоглуулж хамгийн сайн борлогдох кино хийх явдал.Ингэснээр киног санхүүжүүлэгчидэд оруулсан хөрөнгө нь найдвартай байж, дээд хэмжээний үр ашиг олох болно гэдгийг мэдрүүлэх нь бидний хийх ажил юм.
Найруулагч: Петер Грей
-Монгол уран бүтээлчидтэй ажиллах гэж байгаа шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ. Монгол уран бүтээлчдын ур чадварын хувьд хэр төсөөлөлтэй байгаа вэ?
-Өнөөдрийг хүртэл бидний үзэж мэдсэнээр, Монгол жүжигчид болон киноны уран бүтээлчдийн баг Холливүүдийн ямар ч багаас дутахааргүй ажиллаж чадна гэж мэдрэгдэж байна. Ерөнхийдөө, тэд нар мэргэжлийн хувьд дутахааргүй байна гэж бодож байна. Харинбид Америк болон дэлхийн хэмжээнд кино зураг авч байсан туршлага, арга барилаа хуваалцах болно.Мөн бид хамгийн шилдэг кино бүтээл хийхийн тулд нийт уран бүтээлчиддээ эл киноны үндсэн чиг шугамаа ойлгуулж, Монгол, Америкийн жүжигчидээ дэмжиж туслаж ажиллах болно.
-Уг кино чухам хэнд зориулагдсан бэ?
-Энэ кино нь олон нийт, үзэгчдэд хандсан үзүүлэлтээрээ хэд хэдэн хэсэгт чиглэгдэх боловч 18-40 насны хүмүүс илүү хамрах болов уу. Энэ киноны үйл явдал, өгүүлэмж нь адал явдалт, сэтгэл хөдлөлөөр баялаг. Бид нийтийг хамарсан, өргөн хүрээний үзэгчидтэй кино болгохыг хүсэлтэй байгаа. Мөн кино маань олон улсын хэмжээнд үзэгчдийн хүртээл болж, орлого нилээдгүй оруулах байх. Манай баг нь адал явдлаар дүүрэн, сонирхолтой энэхүү киноны сурталчилгааг янз бүрийн арга замаар хийж, олон үзэгчдийг байлдан дагуулах зорилготой.
-Киноны Монголд болох нээлтэнд Холливудын уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох уу. Кино сонирхогчид маань та бүхэнтэй уулзах хүсэлтэй байгаа нь ойлгомжтой шүү дээ?
-Киноны маркетингийн төсвөөс шалтгаалан дор хаяж гол дүрийн жүжигчдийг урих бодолтой байна. Эдгээр асуудлыг киногоо хийж дууссаны дараа шийдэх болно. Ерөнхийдөө аль болох олныг оролцуулахаар төлөвлөж байна.
-Тус бүтээлийн хөрөнгө оруулалтын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу, Монгол талаас хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ?
-Монголын продюсерүүд санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар их идэвхитэй ажиллаж байна. Энэ киноны төсөл тойрсон олон сонирхол давхцаж, хүмүүсийн анхаарал төвлөрч буй учир удахгүй энэ асуудлыг нааштай зохицуулна.
-Уг киноны зураг авалт яг хэзээнээс эхлэх вэ, хэр хугацаа шаардагдах бол?
-Аль болох хурдан хугацаанд киноны санхүүжилтийн сан бүрдсэн үед ажил эхлэх юм. Зураг авалт, бэлтгэл ажлын шат дууссаны дараа эхэлнэ. Бүх ажил нэг бүрчлэн хийгдсэн үед зураг авалт жигд амжилттай явагдах нөхцөл бүрдэнэ.
-Манай кино сонирхогчдын хувьд тус бүтээл нилээд хүлээлт үүсгээд байгаа. Хэзээ нээлтээ хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Киногоо бүтэн хийж дуусгаад, анхны үзүүлгээ хийнэ.Тэгээд бүх шатны бэлтгэл ажлаа дууссаны дараа 2015 оны сүүлээр киноныхоо нээлтийг хийх бодолтой байна.
-Зургийн найруулагч Д.Ангарагтай хэр дотно харилцаатай вэ. Анх яаж танилцсанаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Би Д.Ангарагтай анх 2013 оны 10 сард Америкийн Кино зураглаачдийн холбооны мэргэжлийн кино зураглаачдын магистр анги дээр танилцсан. Анх уулзаад хамтран ажиллана гэдгийг бодоогүй байсан шүү. Д.Ангарагтай танилцсаны дараа түүний нөхөрсөг, даруу, үнэнч төлөв байдал, авьяас чадвар, сурах мэдэх гэсэн эрмэлзлэлийг мэдэрсэн. Киноны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд үнэнч шударга зан их ховор байдаг. Сонирхол, мэргэжил нэг, дэлхийн нэр хүндтэй кино зураглаачидтай хамт туршлага мэдлэгээ дээшлүүлсэн. Дараа нь түүний найз, хамтран ажиллагч нартай уулзаж танилцсаны дараа Монгол хүний тухай бид сайхан сэтгэгдэлтэй болсон. Би Монголын талаар үнэндээ бараг мэддэггүй байсан гэхэд болно. Бидний нөхөрлөл зузаарах тусам мэргэжлийн талаас ч, хувь хүний хувьд ч бие биенээ улам ойлгож, цаашид хамтарч уран бүтээл хийх боломж бүрдсэн юм. Тодорхой хугацааны дараа хамтарч ажиллах бизнесийн чиглэлээ тогтоож, анхны зургаан киноноос нэгийг сонгон, зохиолоо дахин боловсруулсан билээ. Д.Ангараг бидний харилцааг хэрхэн ойлгож болох вэ гэвэл, нэг бодол санаатай хүнлэг, итгэлтэй, эвсэг, өөрсдийн зан заншил, соёл, нийгэм, аж амьдралыг нэгэндээ таниулсан нөхөрлөл гэж ойлгож болно шүү. Эдгээрийн эцэст бид монголчуудыг гайхамшигтай хүмүүс гэж мэдэж авсан.
Э.ТЭКҮ
Орчуулсан АНУ, Лос Анжелас хот
Л.НЯМГЭРЭЛ