Улсын драмын эрдмийн театрын хамт олон маргааш “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр өвөл цагийн үзвэрээ нээнэ. Үзэгчдэд уярал, ухаарал бэлэглэх энэхүү жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглож байгаа билээ.
Ингээд түүний цөөн хоромын ярилцлагыг хүргэж байна.
-Тантай уулзаж, ярилцах амаргүй юм. Олон удаа утсаар тань холбогдож, ярилцлага авах санал тавьсан ч та татгалзсан. Гэтэл бид гэнэт ингээд театраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр таардаг байна шүү?
-Өст хүн өлийн даваан дээр гэгч л болж ээ дээ. /Инээв/
-Нэгэнт уулзсаных танаас асууж, лавлах хэд хэдэн зүйл байна. Одоо бол татгалзахгүй юм байгаа биз дээ?
-Ингээд таарчихсан юм чинь дүү асууж, би хариулдаг л байх даа. Тийм ээ. /Инээв/
-Хөгжилтэй юм аа. Уг нь тантай тухтай сууж байгаад ярилцахыг хүссэн юмсан. Гэхдээ цаг давчуу байгаа бол би шууд л асуухыг хүссэн зүйлээ асууя?
-Би хариулахад бэлэн.
-Маргааш УДЭТ-ынхан өвөл цагийн үзвэрээ нээнэ. Өөрөөр хэлбэл, “Гэгээн муза” наадмаас олон шагнал авч ирсэн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр тань нээлтээ хийхээр төлөвлөжээ. Модун Шаньюгийн дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзахад бэлэн үү?
-Мэдээж бэлэн байлгүй яах вэ. Монголын ард түмэн бүгд л энэхүү дүрийг маань мэднэ. Эх оронч үзэл, газар шороо, нутаг усаа хэрхэн хайрлаж, хамгаалахыг харуулсан сайхан жүжиг. Нэг үгээр хэлбэл, Хүннү гүрэн хэрхэн байгуулагдсан, ямар замналыг туулж бидэнд энэ газар нутгийг өвлүүлж үлдээгээ вэ гэдгийг үзэгчдэд нэгийг бодогдуулж, нөгөөг ухааруулсан, цаг үеэ олсон жүжиг л дээ.
-Жүжигт Модун Шанью эцгээ хөнөөдөг. Бас л харгис, хэрцгий хааны дүр шүү дээ?
-Тийм ээ, Модунь Шаньюгийн түүхийг өнгөцхөн харахын бол харгис, хэрцгий алуурчин мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ тэр хүн эх орон, газар шороогоо авч үлдэхийн тулд асар их зүйлийг золиосолж, бас л зовлон туулж яваа эр хүний дүр юм. Чиний хэлснээр аавыгаа хөнөөдөг. Хайртай хатнаа алдана. Бага хатнаа барьцаанд өгч явуулдаг. Өөрөө ч гэсэн барьцаанд очдог шүү дээ. Эцсийн эцэст энэ бүхэн эх орон, газар нутгийнхаа төлөө хийж байгаа сонголт, үйлдэл юм.
Дахин хэлэхэд, маш их зовлон туулж, асар их зүйлээ золиосолж байж бидэнд энэ газар, нутгийг өвлүүлж үлдээсэн байдаг. Нөгөөтэйгүүр газар, шороо үгүй бол улс байхгүй. Газар, шороо бол улсын үндэс гэдгийг хүн бүхэн ойлгож, ухаараасай.
-Тэгэлгүй яах вэ, тантай санал нэг байна. Гэхдээ та үнэхээр азтай юм. Модун Шаньюгийн дүр хэр баргийн аавын хүүд олдохгүй ховор боломж?
-Үнэн л дээ. Энэ дүрд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Түүхэн жүжгийн гол дүр тэр болгон уран бүтээлч хүнд олдоод байдаг аз, завшаан биш л дээ. Надад үнэхээр сайхан завшаан тохиосон. Энэхүү завшаанаа алдахгүйг хичээж, хамт олон болоод үзэгчдийнхээ итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд дүр дээрээ чадан ядан ажилласан.
-Өмнө нь жүжиг хэд хэдэн удаа тайзнаа тоглогдож байсан. Нэг үгээр хэлбэл, үзэгчдийн сэтгэлд хэдийнэ хүрчихсэн гэсэн үг. Танд өмнөхөөсөө муу тоглох эрх байхгүй шүү?
-Ойлголоо. /Инээв/ гэхдээ таетрт нэг давуу тал бий.
-Ямар?
-Хүн амьдралынхаа туршид суралцдаг. Эрх биш ч энэ үгтэй санал нийлнэ биз дээ.
-Тийм ээ, нийлнэ?
-Амьдралын бичигдээгүй энэ хууль тайзан дээр хэрэгжиж явдаг. Ялангуяа театрт маш сайн хэрэгжих боломжтой.
-Уучлаарай, нэг л сайн ойлгосонгүй. Янз нь та, хэлсэн үгнээс минь зугтаад байна аа даа?
-Яалаа гэж. Кино, телевизийн нэвтрүүлгээс драмын жүжиг тэс ондоо. Кино зураг авалт дуусаад нэгэнт үзэгчдийн хүртээл болчихсон бол хэчнээн чанаргүй байсан ч засч, янзлах боломжгүй. Харин тайз бол өөр. Бараг өдөр бүр тоглоно. Жүжигчдийн уран чадвар ч тоглолтоос тоглолтод ахиж байдаг. Магадгүй зарим нэг тоглолтод алдаж болно. Үүгээрээ, дээр нь үзэгчидтэйгээ шууд амьд харьцаа үүсгэж байдгаараа давуу талтай. Одоо юу хэлээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
-Тийм ээ, “Тэнгэрийн хүү” жүжгийг өмнөхөөсөө буулгахгүй. Ингэж ойлгож болох уу?
-Яг тийм. Би “Тэнгэрийн хүү”-г унагахгүй. Урд өмнө нь тоглож байснаасаа улам сайн, сайжруулахыг хичээнэ. Бүх тайзны бүтээл ингэж л явагддаг.
-Нэг зүйлийг хүмүүс янз бүрээр л ярих юм?
-Юуг тэр билээ.
-Шинэ түүхэн жүжиг тайзнаа тавигдахгүй байгаа шалтгааныг. Үүнийг батлах гэсэн шиг театр хүртэл өмнө нь тавигдаж байсан түүхэн жүжгүүдээ сэргээн тоглож байгаа биз дээ?
-Үнэхээр маш олон шалтгаан бий л дээ.
-Жишээ нь?
-Үнэнийг хэлэхэд, Монгол Улс маань түүхээр хангалттай баян. Ямар мундаг баатар, хаан, хатдын түүх шаштиртай билээ. Ямар олон шилийн сайн эрчүүдтэй билээ. Энэ мэтчилэн түүх ярих юм бол бидэн хангалттай бий. Гагцхүү үүнийг уран сайхны хэлбэрт оруулж өндөр түвшинд зохиол болгон бичнэ гэдэг өөр хэрэг. Мэдээж мундаг сайн зохиолчид байна. Гэхдээ зохиолын чанар, даац гэж байх ёстой. Үнэндээ үзэгчдийн шаардлагад нийцсэн сайн түүхэн жүжгийн зохиол ховор байна шүү дээ. Түүнээс хэрэгтэй, хэрэггүй олон зохиол байж л байна.
-Ингэхэд одоогоос 10 жилийн өмнө Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар та дөрөв нийлж “Драмын дөрөв” хамтлаг байгуулж байсан. Ойгоо тохиолдуулан олон ажил хийхээр төлөвлөж байгаа сураг дуулдлаа?
-Тийм ээ. Ярьж, төлөвлөсөн зүйл их бий.
-Цаг хугацаа ч хурдан юм аа. Саяхан л “Драмын дөрөв” байгуулагдаж байсан санагдана?
-Бид дөрөв найзалж нөхөрлөөд, тайзан дээр хамтдаа амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаад багагүй хугацааг үджээ. Үнэхээр цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Гэхдээ хамтлаг, дуучид гэхээсээ илүү мэргэжлийн найруулагч, жүжигчин гэдэг утгаараа “Драмын дөрөв” гэх нэр үзэгчдэд илүү дотно, ойр байдаг байх. Тийм учраас ярилцаж байгаад өөрсдийнхөө 10 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж шийдсэн. Төлөвлөсөн том, том ажил бий. Одоохондоо хийж эхлээгүй байгаа болохоор тодорхой зүйл ярихад эрт байна даа.
-Ярилцсанд баярлалаа.