Хэрэв та бүх л амьдралынхаа туршид олох дундаж орлогоо болон хэдэн жил ажиллаж байгаагаа харьцуулж үзэх юм бол ихэнхи хүмүүс ажиллаж байх хугацаандаа доод тал нь сая доллар, түүнээс дээшийг олж байгаа. Харин тэдний цөөхөн хэдхэн нь “саятан” болцгоодог. Гартаа орж ирж байгаа мөнгөн хөрөнгөө хэрхэн захиран зарцуулж байгаагаас л чухамдаа хамаардаг байна.
Ингээд энгийн л хоёр санхүү төлөвлөгч нараас бага цалингаа их хуримтлал болох зуршлуудыг асууж судалснаа толилуулъя.
1. Эсрэгэээр нь бод
Цалингаа аваад татвар, хураамж, сарын төлбөрүүдээ хийсний дараа үлдсэн хэдэн төгрөг нь үнэхээр жаахан санагдаж, тэтгэвэрт гарсан хойноо хураасан хэдэн юмтай болох нь хүртэл эргэлзээтэй болж ирдэг. Гэхдээ хуримтлал хураахын тулд бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татвар хураамжаа төлөөд үлдсэнийг нь бүгдийг нь тэр чигт нь зарцуулчих биш харин цалингаасаа ахиад жаахан төгрөг тасалж аваад өөрийнхөө бодож явдаг хамгийн том санхүүгийн амжилтанд хүрэхэд хадгалах хэрэгтэй юм.
“Ихэнхи хүмүүс авсан цалингаасаа үрнэ ямар нэгэн хэрэглээнд эхлээд, дараа нь төлбөр хураамжаа төлнө, тэгээд эцэст нь жаахан бор юм “үлдвэл” хадгалчихдаг шүү дээ” гэж Нэнси Батлер /Мэргэшсэн Санхүүгийн төлөвлөгч/ хэлсэн байдаг. Гэхдээ үүний эсрэгээр харин ч бид санхүүгийнхаа зорилтот хадгаламжиндаа эхлээд тасалж хийгээд, төлбөр хураамж, татвараа төлөөд тэгээд эцэст нь үлдсэнээ зарцуулах эсэхээ шийдэж баймаар. Бидний ихэнхидээ бодож явдаг буруу зүйл бол “За яахав дээ, << дараа нь >>”, дараа нь л цалин мөнгө ахиу болохоор л хэдэн юм хойш нь хийе… Гэвч орлого нэмэгдэнэ гэдэг тэр хэмжээгээрээ л та хэрэглээндээ зарцуулчих болчихдог гэдгийг бүү мартаарай.
Энэ нь бид таныг бүх мөнгөө цааш нь хийчихээд хямдхан хоол идээд суу гэж байгаа юм биш л дээ. Мэргэшсэн санхүү төлөвлөгч Блэйлокын хэлснээр “Би таныг сард цалингаасаа 1000 ам.доллар цааш нь хий гэж байгаа юм биш. Харин сард 50 ам.доллар эсвэл аль боломжит хэмжээгээрээ цааш нь хий гэж зөвлөх байна. Бага багаар удаан хугацаанд хуримтлуулсан зүйл ирээдүйд том зүйл болдог гэдгийг санаарай”
2. 5 жилийн төлөвлөгөө
Хуримтлуулах мөнгөөрөө юу хиймээр байгаагаа, яах гэж зорьж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Ирээдүйдээ байнгын хуримтлал хийж байхын тулд санхүүгийн мэргэжилтнүүд 5 жилийн төлөвлөгөө гаргахыг зөвлөдөг байна. 5 жилийн төлөвлөгөө гэдэг нь ирэх 5 жилд хүрэх таны санхүүгийн зорилтууд болон тухайн зорилтуудад хүрэхэд юу хэрэгтэй гэдгийг харж болох самбар юм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та оюун ухаандаа заавал хүрнэ дээ гэсэн зорилготой, түүнийгээ тов тодорхойлчихсон гэхдээ яг юунд зориулж хуримтлуулж байгаа нь тийм ч чухал биш, тийм тохиолдолд хуримтлал хураахад илүү дөхөм болдог.
3. Таны хувийн санхүүгийн дүрэм
Та өөрөө өөртөө санхүүгийн дүрэм тогтоож, түүнийгээ ягштал дагаж мөрддөг зуршилтай байх хэрэгтэй. Тухайлбал сардаа хүүхдийн хувцсанд дээд тал нь 50 000, харин өөртөө гутал авахдаа мөн дээд тал нь 200 000 төгрөг ч гэх юм уу өөртөө зарцуулах эд хэрэглээнийхаа мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тогтоох нь хуримтлал үүсгэхэд бас нэгэн чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. Гэхдээ ингэж хязгаарлалт хийх нь дэндүү, арай л хэтэрсэн санагдаж байвал энгийнээс эхэлж болохыг Мэргэшсэн санхүү төлөвлөгч Блэйлок зөвлөж байна. Жишээ нь: Долоо хоногт хоёр л удаа гадуур хооллох, үнэтэй дэлгүүр орохоо багасах гэх мэт…
4. “Нууц” БАЯН хүн шиг л амьдар
Зарим хүмүүс саятан байна гэдгийг нэг их олон орд харштай, гялалзсан сайхан Бэнтли унасан дүр зургаар төсөөлдөг. Гэвч ихэнхи саятан хүмүүс гоё ганган орд харш, үнэтэй машинд мөнгө үрж, зарцуулахаас илүүтэйгээр харин ч илүү ихийг хураахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл тэд мөнгөө үрэн таран цацдаггүй. Америкийн саятангуудтай хийсэн ярилцлаганаас үзэхэд ихэнх баян хүмүүсийн цаана шаргуу хөдөлмөр, хичээж зүтгэж байж хадгалсан хадгаламж болон өөрийнхөө аяс, хэм хэмжээнд тааруулан амьдарч байгаа зэрэг зүйлс ажиглагдсан байна.
Лас Вегас дахь Дэвид Сэппэр болон түүний эхнэрийн хуучин машин худалдаалах бизнес нь маш амжилттай яваа ба тэд яг л “нууц баячууд” шиг амьдардаг гэнэ. Тэд жилдээ 500 мянган ам.доллар олдог бөгөөд сард бүх татвар, төлбөр хураамж, хоол хүнс, хэрэглээндээ зөвхөн 2500 ам.долларыг нь зарцуулаад үлдсэн орлогынхоо 90%-ийг нь хуримтлуулдаг аж. Түүний зөвлөж байгаагаар “Өөртөө хэрэгтэй байгаа болон түүндээ сэтгэл ханамжтай, тав тухтай байгаа тэр цэгээ ол, тэгээд тэндээ үлд”. “Надад ЭмТиВи-дээр гарч байсан LL Cool J –ийн хэлсэн “Би бусад рэппэрүүдийг мөнгөгүй гуйлгачин болж байхад Хонда Аккордыг сарын 399 ам.доллараар лизиндэж байлаа” гэхийг үзээд “А-ха!” гэсэн бодол орж ирснээр өнөөдөр энэхүү бизнесийн маань суурь тавигдсан юм.
5. Одооноос тэтгэвэртээ хуримтлуулж эхэл
Магадгүй та өнөөдөр “Би 20, эсвэл дөнгөж 30-тай юм чинь надад одоохондоо тэтгэвэртээ хуримтлуулах шаардлага байхгүй” гэж бодож болох юм. Гэхдээ хэдий сүүлд хуримтлуулж эхэлнэ төдий чинээ та их хэмжээг цааш нь хийх шаардлагатай болдог гэдгийг санаарай. Харин ч эртхэнээс хэдий чинээг бага багаар ч болов цааш нь хийж эхэлнэ төдий чинээ урт хугацаанд хуримтлал тань улам илүү өсөх боломжтой юм. Жишээ нь: Та өнөөдөр 30-тай. Тэтгэвэрт гарахдаа зориулж сарын 50 ам.доллар 7%-ийн хүүтэйгээр тэтгэвэрийн дансандаа хадгаллаа. Энэ нь 30 жилийн дараа нийтдээ 56 мянган ам.доллар болох юм. Харин 10 жилийн дараа 40 насандаа хуримтлуулж эхэлье гэвэл та яг адилхан 56 мянган ам.долларыг цуглуулахын тулд сар бүр 110 ам.доллар буюу 2 дахин их мөнгийг хийж байх хэрэгтэй болно.
6. Данснаас чинь хэд гарч, хэд орж байна вэ гэдгийг “мэддэг” бай.
Бидний ихэнхи нь дансанд мөнгө “орж” ирэхэд л гол анхаарлаа хандуулж байдаг. Хэрэв бид дансанд орж, гарч байгаа бүхнээ мэдэхгүй бол ирээдүйд юунд хүрэх, яах гэж, хэдийг хуримтлуулаад байгаа эсэхээ хүртэл мэдэхээ байна. Дашрамд зөвлөхөд өнөөдөр “ухаалаг” гар утастай хүмүүс олон болсон. Тэгвэл орлого, зардлаа хянаж, бүртгэж болдог ухаалаг аппликейшнүүд бас гарчихсан байгаа. Тэднийг татаж аваад ашиглаж заншвал танд хэрэгтэй. Заавал апп-аар гэлтгүй орлого, зардлаа гараар бичиж хөтөлдөг, ер нь яаж ч хөтөлж, бүртгэх нь таны л дур шүү дээ.
7. Өрнөөс салах нь – “Яаралтай үед” данс
Амьдралдаа өргүй хүн гэж үгүй биз. Гэхдээ сургалтын өр эсвэл барьцаанаас гадна кредит картандаа өртэй, бүр тэгээд сарын өндөр хүү төлдөг бол энэхүү өрнөөсөө салах нь таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл байх. Гэхдээ сар бүр өрөө барагдуулахад төлж байгаа мөнгөнөөсөө талыг нь “яаралтай үед” дансандаа хийж байх нь хамгийн ухаалаг шийдэл бололтой. Кредит картныхаа өрийн төлбөрт 600 ам.доллар төлөх ёстой бол 300-г нь төлөөд үлдсэн 300-г нь “яаралтай үед” дансандаа хийх. Энэ нь төлж дуусах өрийн хугацааг сунгаж байгаа ч ямар нэгэн яаралтай үед зарцуулах мөнгөн хуримтлалтай болж байгаа юм. Ингэж “яаралтай үед” дансанд мөнгө хуримтлуулснаар та ирээдүйд дахин дахин өр зээлэнд орохгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
Харин нэгэнт өрнөөсөө салсан бол танд гэж зөвлөхөд ганцхан л кредит карттай байж түүнд хуримтлуулсан мөнгөө “зөвхөн” яаралтай үед хэрэглэнэ дээ гэсэн зарчмыг өөртөө тавих хэрэгтэй. Яаралтай, шаардлагатай үед гэдэг нь машин чинь эвдрээд та засах боломжгүй байхыг хэлэхээс биш “ямар нэг бараа хямдарчихаж, гэхдээ энэ нь надад 6 сарын дараа л хэрэг болно” гэдэг бол биш юм шүү.
8. Орлогоо нэмэгдүүлэх нь
Танд цэвэр орлогоо нэмэгдүүлэх хоёр зам байна.
a) Мөнгөө бага үрэх
b) Мөнгөө ахиу хадгалах
Ихийг олно гэхээрээ л таны цэвэр орлого ихсэнэ гэдэг бол ташаа ойлголт. Учир нь орлого нэмэгдэхийн хирээр амьдрах хэв маягийн зардал дагаад л нэмэгдэж байгаа болохоор. Гэхдээ таны орлогоо нэмээд заримыг нь хойш нь хийгээд байвал мэдээж цэвэр үр ашиг өснө. Ингэхийн тулд дараах нэгэн зөвлөмжийг өгье.
Үндсэн ажлаасаа гадна өөрийнхөө хүсэж, сонирхдог зүйлээрээ хагас цагийн ажил хийж орлогынхоо урсгалыг тэл. Энэ нь таны магадгүй “алба ажил” гэж боддоггүй тийм зүйл. Орлого тань хоёр өөр урсгалаар орж ирэн, нэмэгдлээ ч ганц хүнд хийх зүйлс цөөхөн л байдаг. Мэдээжийн хэрэг хоёр өөр ажлын тань 1, 1 сая төгрөгний цалин нийлээд 2 сая төгрөг байлаа гээд ганц хүний хэрэглээ 2 дахин нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ.