"Миний хөрш чөтгөр", "Худалч залуу" хэмээх кинонуудын гол дүрийг чадварлаг бүтээн олны танил болсон “Х-түц” продакшины жүжигчин Т.Бархүү саяхан эхнэр И.Одончимэгийн хамт “Танхай тээгч” киногоо үзэгчдэд хүргээд байгаа билээ. 10 гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг.
Ингээд бид СТА жүжигчин Т.Бархүүтэй амьдрал уран бүтээлийнхэн талаар хэдэн хором хүүрнэснээ та бүхэнд хүргэе.
Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье?
2015 оны нэгдүгээр сарын нэгнээс “Аurora”, “Focus” фильмийн хамтын шинэхэн уран бүтээл “Танхай тээгч” нэртэй инээдмийн хөнгөн драмын киноныхаа нээлтийг хийлээ. Найруулагчаар нь МУГЖ И.Одончимэг ажилласан. Киногоо үзэгчдэдээ өргөн бариад сайхан байна. Үзэгчдэд маш их таалагдаж эрэлттэй байгаад сэтгэл хангалуун байгаа.
“Танхай тээгч” кинонд ямар дүр бүтээсэн бэ?
Төмөрөө гээд уран бүтээлч дуучин залуугийн дүрд тоглосон. Энэ залуу маань хайртай бүсгүйтэйгээ гэр бүл зохиосон боловч үр хүүхэдтэй болохгүй байгаагаас болоод гэр бүлд нь том асуудал үүсч “Яаж хүүхэдтэй болох вэ”, “ Хайртай хүнтэйгээ хамт энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн их зөв бодолтой залуугийн дүрд тоглосон. Ер нь энэ кино нь дээр хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр амьдралд юу юунаас илүү хамгийн чухал зүйл бол үр хүүхэд байдаг юм гэсэн санааг киногоороо дамжуулж үзэгчдэдээ хүргэсэн. Энэ асуудлыг киногоор дамжуулж дэлгэцийн уран бүтээл болгосондоо Одноо бид хоёрын хувьд маш их баяртай байгаа. Яагаад гэвэл сүүлийн үед залуучуудын дунд өнгө мөнгө, байр сав, машин тэрэг гэх мэт материаллаг зүйлд илүү ач холбогдол өгөөд үр хүүхэд, хайр дурлалын үнэ цэнэ гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрч гэр бүл гэдэг асуудлыг нухацтай бус хөнгөн хийсвэр өнгөцхөн харж үнэ цэнийг алдагдуулж байгаа гэж миний зүгээс ойлгодог. Сайхан гэр бүлээ авч яваа, сайхан үерхэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ ихэнх нь иймэрхүү хандлагатай болчихсон байна. Тэгээд ч сүүлийн үед гэр бүл салалт залуучуудын дунд ихэссэн. Зүгээр нэгэнтэй нь сууж л байдаг. Хүүхэдтэй болж л байдаг. Төд удалгүй салдаг. Ийм асуудлууд маш их байгаа учраас залуучууд маань ойлгоосой. Энэ үр хүүхэд гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг энэ киногоороо бага ч гэсэн мэдрүүлж ойлгуулж чадаж байгаа гэдэгтэй итгэлтэй байна.
Зохиолын санаа анх яаж, хэн гаргасан бэ?
Зохиолын санаа маань би нэг тээгч эхийн тухай Энэтхэг баримтат кино үзэж байсан юм. Энэтхэг улс нь амьдрал нь дорой хүмүүс маш их байдаг. Баян хоосны ялгаа хамгийн өндөр улс гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр ядуу гэр бүлүүдийн зарим нь амьдралаа залгуулахын тулд эхнэр нөхөр хоёр ярилцаад нөхөр нь зөвшөөрөөд хүний үрийг тээж тээгч эх болон мөнгө олдог. Тэр тээгч эхчүүдэд зориулсан тусдаа лагер, байр сав байдаг. Тухайн тээгч эх хүүхдээ гаргах 9 сарын хугацаанд гадагшаа гаргалгүй тэндээ амьдардаг. Гэтэл нөхрүүд нь эмнэлэгт хүн эргэж байгаа юм шиг өдөр болгон эргэж ирэн цонхны доороос харьцдаг. Энэ нь тэдний хувьд энгийн л амьдралаа залгуулдаг зүйл. Энэ баримтат киног анх телевизээр үзээд надад их сонин сэтгэдэл төрж Одноод “Ийм сэдэв байна. Үүнийг яагаад Монголд хийж болохгүй гэж, Монголчууд бас сүүлийн үед үр тээлгэн гэсэн асуудлыг хөндөж ярьдаг болсон болохоор ойлгохгүй биш ойлгох байх. Энэ тал дээр нэг зохиол бодьё” гэж ярьсаны үндсэн дээр бид хоёр санаа нийлээд кино зохиолыг хамтараад бичсэн. Ерөнхий бүх зүйлийн манай Одноо бичиж, миний санаа бас наана цаанаас орж хийсэн кино юм.
Яагаад инээдмийн кино болгоё гэж бодсон бэ?
Инээдмийн төрөлд оруулбал үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон. Мэдээж инээх дургүй хүн гэж байхгүй. Ингээд “Тээгч эх”-ийн талаар яаж инээдтэй болгох вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн л дээ. Бид нар нэг дүрийн шугам барьж авахаар шийдсэн. Тэр нь нэг залуу гэр бүл хүүхдээ тээлгэхээр тээгч эх хөлсөлчихдөг. Тухайн тээгч эх нь эхэндээ “сайхан сэтгэлтэй, даруухан” хүн байна гэж бодож байтал яг амьдрал дээр үрээ суулгасаны дараа ямар хүн болж хувирах вэ гэдэг тал дээр киногоо хийхийг зорьсон.
Зохиолын санаа их сонирхолтой юм. Ер нь манайд иймэрхүү тохиолдол хэр байдаг бол. Судалж үзсэн үү
Үр шилжүүлэн суулгах Баянгол эмнэлэг гэж байгаа. Үүнээс гадна хэд хэдэн эмнэлэг байдаг гэж сонссон, судалсан. Нэг эмнэлэг 3-4 жилийн хугацаанд Японтой хамтарч судалгаа, сургалт явуулж байгаа юм байна. Тун удахгүй нээгдэх юм билээ. Бид Баянгол эмнэлгийн захиргаа, эмч нар, доктор, профессоруудтай уулзаж ярилцан зөвлөгөө авсаны үндсэн дээр энэ киног хийхээр болсон. Монголд 2012 онд яг энэ аргаар нэг хүүхэд төрсөн юм байна лээ. Монголчууд өөрсдөө хийж үр суулгасан. Энэ хүүхэд одоо 2 ой гарантай. Үүнээс гадна хоёр хүүхэд байдаг. Тэрнийг нууцалдаг юм байна лээ. Ер нь иймэрхүү үр шилжүүллэн суулгах аргаар төрсөн хүүхдүүдийн асуудлыг их эмзэг сэдэв учраас нууцалдаг. Монголд үр шилжүүлэн суулгуулъя гэхэд тээгч эхийн асуудал их хүндрэлтэй. Яагаад гэвэл ерөөсөө итгэлтэй найдвартай хүн олддоггүй. Жишээ нь тухайн эх хүүхэд тээлээ гэхэд Энэтхэг шиг Тээгч эхийг амьдруулах тусгай газар байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй хаана амьдрах вэ. Гэрээ яаж хийгдэх вэ гэх мэт асуудлууд гарч ирдэг. Бид хоёрын яриаг уншиж байгаа хүмүүс дотор тээгч эх хайж байгаа, иймэрхүү байдлаар хүүхэдтэй больё гэж бодож байгаа хүмүүс байх юм бол хамгийн найдвартай арга бол хамаатны хүмүүсээ сонгох хэрэгтэй гэж эмч нар хүртэл зөвлөж байсан. Тэгээд болохгүй бол гадагшаа явж болно. Энэтхэгт хамгийн хямдхан тээгч эх байдаг. Хамгийн үнэтэй нь япон.
Та маш сайн судалсан байна шүү?
/инээв/ Тиймээ. Энэ киногоо хийхийн тулд.
“Тээгч эх” энэ сэдвийн талаар та анх юу гэж бодож байсан бэ?
Энэ сэдвийг хөндсөндөө би одоо илүү их баярлаж байгаа. Яагаад гэвэл би дээр хэлсэн. Нийгэмд тулгарч байгаа хосуудын өнгөцхөн харилцаанаас үүсч байгаа салалт нь хүүхдэд өнчирлийг үлдээдэг. Хүүхэд гэдэг маань элэг бүтэн жаргаж байх ёстой.
Үр хүүхэд, амьдрал гэдэг бол ийм сайхан зүйл шүү дээ гэдгийг энэ киногоороо хөндөж чадсандаа баяртай байна. Дахиад ч дараагийн сэдвүүд дээрээ ийм сэдвийг хөндөөд дуугарч болно. Ер нь уран бүтээлчид бид дараагийн залуу үедээ хэлж, ярьж, зөвлөж ийм байдаг юм шүү гэдгийг ойлгуулж байх ёстой. Зүгээр нэг хайр дурлал биш, зүгээр нэг салалт, зодоон дээрэмтэй кино хийхгүй. Залуучуудадаа ухаарал хайрласан юм хийж дээ гэдэгтээ Одноо бид хоёр маш их баяртай байгаа.
“Танхай тээгч” кинонд дуучин залуугийн дүрд тоглосон гэж байна. Таныг анх СУИС-д дуулаачаар шалгалт өгөх гэж байсан гэж сонссон юм байна?
Тиймээ, би багаасаа л дуунд дуртай хүүхэд байсан. Ээж маань намайг өвөр дээрээ суулгаад их дуулж өгдөг байсан юм. 1996 он гэхээр наймдугаар ангиасаа хойш Пионерын ордоны дууны дугуйланд явж найз нартайгаа хамтлаг байгуулаад 2000 оныг хүртэл явлаа. 1998 онд 10 жилээ төгсч 2000 оныг хүртэл нэг сургуульд сурсан ч “Би энүүгээр явахгүй юм” байна гэж бодоод гарчихсан. Хоёр жил завсардахад найз нар маань хоёрдугаар курсээ төгсөөд гуравдугаар курстээ орох гэж байна. Гэтэл би ямарч сургуульгүй гээд надад маш их асуудлууд үүсч эхэлсэн. Тэгээд л ерөөсөө нэг сургуульд орьё гэж бодоод “Би яг юунд сонирхолтой юм бэ” гэж бодож эхэлсэн. Хүн энэ амьдралынхаа хугацаанд өөрийгөө л хайгаад байдаг юм байна. Ялангуяа залуу хүн төлөвшитлөө. Тэгээд би урлагийн хүн болох ёстой юм болов уу дуугаа хөөе гэж шийдээд 2000 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгнө гээд өөртөө зорилго тавиад бас хамт дуулдаг найз нарын дэмжлэгийн дагуу очсон. Тэгтэл тэр үед яг юу болсоныг одоо ч би бараг сандаггүй. Яагаад ч юм би дуулаач руу биш Кино драмын анги руу бүртгүүлээд гараад ирсэн. Их сонин. Тэгээд л маргааш нь өдөржин шөнөжин бэлдээд шалгалтандаа тэнцсэн. Яг шалгалтынхаа урд өдөр нь бэлтгэж орсоор байгаад 15 хүүхэд авах ёстойгоос 13-д ороод азаар СУИС-д орж байсан даа. Энд миний авъяас чадвар гэхээсээ илүү гаднах төрх, өндөр нуруу, дуу хоолой нөлөөлсөн байх гэж боддог. Би ер нь дуулах сонирхолтой. Киноны зохиолыг бичиж байхад бүх дүрүүд өөрийн чиг хандлагатай байх ёстой. Тэрийг мэргэжлийн хэллэгээр шугам гэж хэлдэг. Тухайлбал Жавзан гээд Одноогийн тоглож байгаа дүр бол худлаа ярьдаг. Хүнээс мөнгө луйварддаг. Асар их мөнгөний өртэй. Урьд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг амьдардаг. Гэтэл миний дүр бол дуучин залуу гэр бүлээ ямар ч байсан бүтнээр нь аваад явна гэсэн бодолтой. Үүнийхээ хажуугаар ажлаа хийнэ. Урлагийн хүн болохоор оройтно, клипны зураг авалт хийнэ гэх мэт маш их асуудлууд гарч ирнэ. Гэтэл эхнэр нь хүүхэд тогтоох чадваргүй гэх мэт.
-Багадаа хамтлагтай дуулдаг байхдаа ямар хамтлаг дуучдын дууг сонсож дуулдаг байсан бэ?
Backstreet Boys, Камертон хамтлагийг сонсдог байлаа. Тэр үед "Камертон" хамтлаг байгуулагдаад нэг их удаагүй байсан. Тэд нарын дууг дагаж дуулна. Хүүхдийн ордон дээр Санжаа гээд багшийнхаа удирдлаган доор гоё гоё дуунуудыг бас дуулдаг байсан. Харамсалтай нь тухайн үед 90-ээд оны зах үеийн нийгэмд бүх юм их ховор, мөнгө төгрөг их хомс, хүмүүс ядуу байсан. Понограм хийлгэх гэхэд дөнгөж 8 дугаар ангийн хүүхдүүдэд мөнгө төгрөг олдохгүй. Дууны хоолой бичүүлэх байтугай өөрсдөө гуравдугаар хорооллоос Хүүхдийн ордон руу явах автобусны мөнгөө яаж олох вэ гэсэн асуудалтай байсан учраас тэр болгон дуугаа бичүүлж чаддаггүй байсан. Гэхдээ миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай байсан үе маань Хүүхдийн ордоны хамтлагт байсан мөчүүд. Энэ хамтлагт байж хүүхдийн ордонд явдаг байснаараа би урлагийн хүн болсон гэж боддог.
-Танай гэр бүлийхэн дунд урлагийн хүн байдаг уу?
Ээж маань одоо ч гэсэн урлагийн ахмадуудтайгаа нийлээд Төмөр замын дуу бүжгийн чуулга дээр улирал болгон очиж тоглолт хийдэг. Манай ээж Ятга, Шанз, Гитар, Баянхуур, Аманхуур гэх мэт дардаггүй хөгжим байдаггүй ийм хүн. Миний яг дээд талын Басхүү гээд ах маань СУИС-ийн Ардын хөгжмийн Линбэний ангийг төгссөн Лимбэчин хүн байдаг.
Багын хобби одоо хүртэл байдаг биз. Өөрийн гэсэн цомог гаргая гэсэн бодол байдаг уу?
Тиймээ одоо ч дуулах дуртай. Надад өгсөн, би хөгжмийн зохиолчоос авсан гээд 10-аад уран бүтээл бий. Зарим нэгийг нь хүмүүс FM-ээр сонссон байж магадгүй. Хэдэн дуундаа бас клип хийлгэсэн. Би нэг хэсэг цомог гаргая гэж бодож байсан. Гэхдээ тэр үеийн хүсэл мөрөөдөл унтарсан. Миний сонирхол арай өөр болсон гэх үү дээ. Ер эь шаардлагагүй гэдгийг би мэдэрсэн. Учир нь гоё уран бүтээл дуулж, бичүүлнэ гэсэн тухайн үеийнхээ хүсэл мөрөөдлөө гүйцээсэн гэж бодож байгаа. Тэрнийг заавал CD цомог болгоод байх шаардлагагүй гэж бодсон.
Сургуулиа төгсөөд “Х-түц” продакшинд орж байсан үедээ дурсаач?
-2004 онд СУИС-ийн Кино драмын ангийг Доктор, Ph С.Сугар багшийн удирдлага доор төгссөн. Тэр жил “Х-түц” продакшинаас манай ангийн хэдэн хүүхдүүдэд санал ирсэний нэг нь би байсан. Анхны тоглолт маань “Болиочээ ээжээ яах гээд байгаа юм бэ” гэдэг нэртэй байсан. Тухайн үед “Х-түц” продакшиныхан бид нарыг шалгах зорилготой авч байсан. Тэгээд цаг хугацааны шалгуураар ангийн хэсэг хүүхдүүдээс надтай нийлээд гурав дөрвөн хүүхэд үлдсэн. Дараа жил нь “Сэргээш-3” гэдэг мюзикл гарч, түүнд азаар тоглож таарсан. Ингэж л “Х-түц” продакшинтай холбогдож эхэлсэн лээ. Одоо би ангиасаа ганцаараа үлдсэн. Эргээд бодохоор би өлгийдөөд авсан, сэтгэл гаргасан зүйлдээ үнэнч байхыг боддог юм байна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энэ продакшинаар овоглогдож явна. Цаашдаа ч байхыг хүсдэг. Би ер нь энэ хамтлагт ороогүй байсан бол одоо яаж явах байсанаа төсөөлдөггүй. Тэгэхээр намайг анх авъя гэсэн саналыг өгч байсан Найдандорж найруулагч, Сугар багш хоёр маань ярилцаад энэ хүүхдүүдийг нэг үзээдхээч хараадхаач гээд явуулж байсан тэр цаг мөч бол миний амьдралд нэлээдгүй том ач гавъяа том тус хүргэсэн. Би өнөөдрийг хүртэл энэ жүжиглэх жаахан ч гэсэн туршлага, ойлголт, өнөөдрийн зэрэгтэй явж байгаа маань “Х-түц” продакшиныхантай л холбоотой. Эд нартаа би хайртай.
-Жүжигчин мэргэжлээр сурч байхдаа иймэрхүү жүжигчин болно доо гэж төсөөлдөг байсан уу?
-Үгүй ээ би тэгж боддогүй байсан. Тухайн үед зорилгогүй л хүүхэд байж л дээ. Ихэнх хүүхдүүдийн Чингис хаан, Жамух, Ромео, Гамлет гэх мэт мөрөөдлийн дүрүүдэд би тоглох юмсан гэж бодож байгаагүй. Зүгээр л надад ирсэн дүрийг яаж хүмүүст үнэн зав талаас нь энэ гайгүй жүжигэлчихлээ шүү, энэ худлаа жүжиглээд байна гэж хэлүүлэхгүй вэ гэж их боддог байсан. Энэ бодол маань ч зөв юм шиг. Харин сургуулиа төгссөнөөсөө хойш тийм юманд тоглох юмсан гэсэн бодолтой болсон. “Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн дурлал”, “Буудалд учирсан хоёр” гэх мэт Оросын хуучны кинонууд дээр гардаг сайхан дүрүүд байдаг даа. Ямар гоё тоглодог билээ. Хүний амьдрал тохиолддог бүхий л үйл явдлуудыг маш сайхнаар харуулдаг. Одоо ч гэсэн үзэхэд уйддаггүй тийм сайхан киноны голд дүрд тоглох юмсан гэж боддог болсон. Тэгэхээр хэзээ ч хоцрогдохгүй сонгодог, амьдралын баяр гунигийг харуулсан хар үгээр бол жинхэнэ амьдралтай киноны гол дүрд тоглох зорилготой. Гэхдээ миний нас арай болоогүй. Өшөө 40 гарсан хойноо нэг тийм сайхан кино хийнэ гэж боддог.
-Эхнэрээ өмнө нь мэдээж таньдаг л байсан байх. Та хоёрын хайрын түүх яаж эхэлсэн бэ?
Шууд хараад анхны харцаар дурлаж хайрлаад байх нь юу юм. Ер нь бол бид хоёрын гэр бүл хайраас үүссэн. Гэхдээ тэр хайр маань 2007 оноос эхэлсэн. Тэрнээс өмнө бид өөр өөрийн гэсэн амьдралтай ажилтай хэн, хэн нь үр хүүхэдтэй байсан. Манай хүн ганц бие, харин би хүүхэдтэй гэр бүлтэй байлаа. Гэвч тодорхой шалтгааны улмаас би ганц бие болсон. Тэрнээс хойш буюу 2007 оноос бид хоёрын хайрын түүх эхэлсэн. Бид бие биендээ татагдсан тэрнээс жүжигчний карьериа хөөх, тэр хүний авъяасанд болсон ч гэх тийм зүйл байгаагүй. Зүгээр л хэн хэндээ хайрлах хайр байсан. Өнөөдөр хүртэл тэр хайр маань үргэлжилж байна даа.
Анх хайр сэтгэлээ илэрхийлэхдээ намайг ойлгох болов уу гэсэн эргэлзээ байсан уу?
-Надад тийм эргэлзээ байгаагүй. Гэрийхэн маань их гайхаж байхад би “За энэ хүмүүс ингэж бодох нь аргагүй л юм байна даа” гэж бодож байсан. Тэгээд зорьсон зорилгодоо Бархүү хүрэхийн тулд тууштай байж чадсан. Тиймдээ ч зорилгоо биелүүлж заавал минийх болох ёстой гэж дайрсан, давшсан өөрийн болгож чадсан Одноог.
-Та эхнэрийнхээ юунд нь илүү татагдсан бэ?
-Мэдээж гадаад төрх, хөөрхөн нүд, царай гээд бүгд таалагдсан. Зан чанарын хувьд шударга илүү дутуу зан, маяг байхгүй. Яг өөрөөрөө байж чаддаг нь надад таалагддаг.
-Анх та хоёр амьдарч эхлэхэд МУГЖ И.Одончимэгийн охиноос нь танд ямар нэгэн эсэргүүцэл ирж байсан уу?
-Үгүй. Харин ч дэмжиж байсан. Тэр үед Намуунаа 16-тай жаахан байлаа.
-Та эхнэрийнхээ тоглосон ямар дүрд дуртай вэ?
“Ээждээ үнсүүлэхсэн”. Тэр кинон дээр их сайн тоглосон.
Танай охин одоо 3 настай байхаа. Охиндоо яагаад Сүндари гэдэг нэр өгсөн бэ?
Тиймээ. Арай нэг өвөрмөц гоё нэр өгье олон жилийн дараа бие биенээ олоод хайрын сэтгэл дундаас минь гарсан хүүхэд болохоор зүгээр нэг олон нийтэд байгаад байдаггүй гоё нэр өгөхийг хүссэн. Маш олон нэрээс сонгосон. Энэ нэр нь Одноо багадаа уншиж байсан Энэтхэг зохиолын гол дүрийн баатар бүсгүй нь нэр. Сүндари гэдэг нь сайхан, гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэсэн утгатай. Монголоор бол Сайхнаа гэж дуудагддаг нэртэй адилхан гэж болно.
-Охиноо урлагийн хүн болгоё гэж боддог уу?
-Үгүй ээ. Одоо тийм зүйл бодох болоогүй байх. Хараад байхад хурц ширүүн хөдөлгөөнтэй, сэргэлэн охин л доо. Арай том болоод аав ээжийнхээ ажлыг хараад ойлгодог болоод хэдэн жилийн дараа тэгж хэлж байж магадгүй. Тэрнийг бол тухайн үед нь шийднэ.
Өнөөгийн нийгэмд таны хамгийн их санаа зовж эмзэглэж явдаг зүйл юу вэ?
Хайр гэдэг зүйлийг их зөвөөр ойлгоод зөв хандлагатай байгаасай л гэж хэлмээр байдаг. Хайр гэдэг асар агуу зүйл. Хайр хайраа гэж дуудсанаараа болчихдог зүйл биш. Хайраа гэж дуудахад маш их сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Тэрнээс хэн дуртайгаа хайраа гэж дуудаад байж болохгүй. Тэр дөрвөн үсэгтэй үгний ард чин сэтгэл байх ёстой. Залуус гэр бүлийн үнэ цэнийг зөвөөр ойлгож тогтвортой гэр бүлийг зохиогоосой. Гэр бүл гэдэг асуудлыг их нухацтай авч үзэж, өнгөцхөн битгий хандаарай гэж захих байна даа.
Ц.Амарзаяа
Эх сурвалж: chuhal.mn