Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Яруу найрагч Б.Ойдов Сүхийн талбай дээр улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв
Утга зохиол

Яруу найрагч Б.Ойдов Сүхийн талбай дээр улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв

Урлаг Урлаг02/03/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
SAM_45082817866642015-03-02-13-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Жил бүрийн 3-р сарын нэгэн бол эх орончдын өдөр. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн, өөр бусад иргэний хөдөлгөөнүүд хамтраад Жанжин Сүхийн талбайд томоохон цуглаан зохион байгуулсан юм. “Ноён уулыг хамгаалах” нэрийн дор явагдсан уг цуглаан нь урьд өмнөх жагсаал цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг, соёлын одод ирж ая дуугаа өргөсөнд байлаа. Түүнчлэн энэхүү улс төрийн цуглааны үеэр сүүлийн хорин жилд бараг мартагдах шахаад байсан “Улс төрийн шүлэг” галтай цогтойгоор эгшиглэсэн юм. Ер нь манай өнөөгийн яруу найрагчид зөвхөн “Болор цом” руу хуйлардаг болсоноор улс төрийн шүлэг гээч юм орхигдох тийшээ хандаад байгаа билээ.

   Харин ерээд оны үед яруу найрагч Д.Пүрэвдорж, Ц.Чимэддорж, О.Дашбалбар, Зундуйн Дорж нар улс төрийн дайчин хурц шүлэг уншиж ард түмэнтэйгээ байнга хамт явсан байдаг. Харамсалтай нь тэр цагаас хойш улс төрийн шүлэг уншсан хүнийг хэнхэг, шизотой гэж цоллох болсон тул улс төрийн шүлэг уншдаг хүн байхаа больж, голдуу л янаг амрагийн, хийсвэр сэтгэлгээний хоосон уянгууд Монголоор дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Харин энэ жилийн “Эх орончдын баяр”-аар яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдов “Төрөөс төрсөн тэрбумтанууд” хэмээх улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын дурсамжийг сэргээв. Талбайд цугларсан хүмүүс “Төрөөс төрсөн тэрбумтан” шүлгийг маш тааламжгаар хүлээн авч алга нижигнүүлэн ташиж байлаа. Үнэндээ сүүлийн хэдэн жилийн туршид манай найрагч нар иймэрхүү шүлэг уншаагүй юм байна шүү. Дашрамд өгүүлэхэд Б.Ойдов нь саяхан “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.

   Тэрбээр “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэр, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Р.Чойномын нүүрний хэв”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг сонирхолтой олон ном бичсэн байх бөгөөд тэдгээр нь бестселлэр болсон байдаг юм. Ингээд Б.Ойдовын уншсан шүлгийг толилуулъя.  

ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН 

Үнэнхүү зүтгэлээр мачийж хөлжсөн гэмээргүй   
Өтгөн хор найруулж малийтлаа баяжсан гэмээр   
Үнэтэй цайтай хөрөнгө орлогын мэдүүлгүүд 
Өмнө минь баярхсан шинжтэй дурайж байна  

Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө 
Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжсөн 
Хулхи засгийн томоохон эрх мэдэлтэний  
Хураасан цуглуулсаныг онцгойлон авч тандахуйяа  

“Ланд-200”, “Ниссан Патрол” тус бүр нэг 
Ланжгар том хаус нь хоёр зуун мянган ногоон 
“Яргуй” жуулчны баазын хорин нэгэн хувь 
Яргайтын зуслангийн байр нь хорин долоон сая  

Хурхын хөндийд эдлэн газартай 
Хувьчлаад авчихсан алтны уурхайтай 
Хурдан буутай, хурдны морьтой 
Хуучны эдлэлтэй, хувьцаа, лицензтэй 

Нийт хөрөнгө нь тэрбум гараад талийчихаж  
Нэрэлхэж эмээлгүй тэр чигээр нь мэдээллэчихэж 
Нэхэл хатуутай бохир мөнгөө угаачихаж 
Нийслэл, дүүргийн шүүхийг бас аргалчихаж  

Хаалга цоожтой, салхивч түгжээтэй, цонх хаалттай
Хар шөнөөр хэрхэн, хаагуур, яаж гараад би 
Хүүгийнхээ сэвлэгийг үлээж үнэрлээд
Хүүхнийхээ уруулыг үнсэж хоноод ирдэг байна аа” гэх  

Манай нэг найрагчийн “Ойлгомжгүй” гэдэг шүлэг шиг   
Мань хүн чухам хэдийд, хаагуур, хэрхэн яаж хөдлөөд   
Маруухан доройхон засгийн цалингаас халиад  
Мандан бадралын диваажинд заларчихдаг байна аа?   

Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө  
Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжчихөөд 
Төгрөг мөнгийг “Түй чёрт” гээд нулимж суугаа  
Төрөөс төрсөн тэрбумтан гуай та сонс!   

Ерээд оны үед хэн байснаа ор тас мартаад   
Ихэмсэг хээнцэр язгууртан болж жүжиглэх чинь   
Илжигний толгойд мөнгөн хазаар угласан юм шиг л  
Элэг хөшөөмөөр, бас уушиг сагсаймаар харагдаж байна   

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог шиг  
Исгэж гашилтал хурааж цуглуулсан эд хөрөнгө чинь  
Энэ зууны дансанд адгийн муугаар үлдэхийг  
Ирээдүйн шүүх араандаа зуугаад хүлээж байна

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.