Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд зураач М.Ганбат, М.Мөнхбат, Д.Дашцэрэн нарын хамтарсан "Монгол бэлгэдлээ дээдлэе"уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Монгол бэлгэдлээ дээдлэе” хэмээх энэхүү үзэсгэлэнд хээ угалз, уран зураг, сийлбэрийн зэрэг олон бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэнд дэлгэгдэж буй хээ угалз, уран зураг, сийлбэр зэрэг нь Монголын үндэсний ёс заншил, бэлгэдэл хүндэтгэлийг илэрхийлэн, үндэсний соёлын өв болох хээ угалзыг урлагийн түвшинд, уран бүтээлийн стандартын дагуу бүтээл болгон үзэгч олны хүртээл болгож байгаа бөгөөд уг үзэсгэлэн нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.
Монгол орон арвин баялаг уламжлал, урлаг соёлын гайхамшигт өвтэй билээ. Энэ их өв соёлын нэг болох хээ угалзын урлаг нь хадны сүг зургаас үүсэлтэй. Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл хээ угалзыг амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд утга агуулгын хувьд дэвжин дээшлэх, урт наслахыг бэлгэдэн, нар сарны эргэлтээр зөв тойрсон байдаг нь энергийн зөв үелзлэлийг бий болгодог байна.
Түүнчлэн Монгол гэрийн хана, унь, тооно, хаад хатдын хувцас, үсний гоёл чимэглэл, бүс зэрэг тэргүүтэнд Монгол хээгээ урлан буулгадаг уламжлалтай юм. Энэхүү хээний утга учир, бэлгэдлийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчилан ойлгуулах, амьдрал ахуйдаа сэргээн хөгжүүлэх, бахархалыг төрүүлэхэд үзэсгэлэнгийн гол зорилго оршино.
Үзэсгэлэнд зураач М.Ганбатын “Найман тахил”, “Хос арслан”, “Бат-Өлзий” зэрэг нийт 11 уран зураг, зураач Д.Дашцэрэнгийн “Бурхад биднийг харж байна”, “Хүннү дайчин” уран зураг, “Хаянхярваа” бурхан, сийлбэрчин М.Мөнхбатын “Бурхан багшийн хөрөг”, “Гүнгэрваанууд”, “Морин эрдэнэ, Заан эрдэнэ”-ийн зэрэг нийт таван сийлбэр дэлгэгдэж үзэгч олны хүртээл болж байна. Энэхүү арга хэмжээнд БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа хүрэлцэн ирсэн нь онцлог байсан юм.