Канон брэндийн албан ёсны хуудас болох www.facebook.com/CanonMGL хуудаснаа хоёр долоо хоног тутамд зарлагддаг цуврал уралдааны 2014 оны шилдэг оролцогчид болон мэргэжлийн зурагчдын “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 3-р сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д гарч байгаа бөгөөд тус үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх ажээ.
Бид тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Н.Гансүхтэй ярилцлаа.
– Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагийн гол ач холбогдол юу вэ?
-Энэ үзэсгэлэнд нийт 24 гэрэл зурагчид өөрийн бүтээлээ дэлгэн үзүүлнэ. Үүнд Canon Photo Contest 2014 уралдааны 12 шилдэг оролцогчид болон өөрийн төрөл жанараараа олны танил болсон 12 зурагчдын бүтээл үзэсгэлэнд орно. Ингэж хамтарсан байдлаар зохион байгуулж байгаа нь залуу зурагчдаа дэмжих, олонд “гайхуулах”, бие биенээсээ туршлага судлах, өөрийн зургаа харьцуулах боломж олгох юм. Бас нэг давуу тал бол нэг зурагчны бие даасан үзэсгэлэн тухайн хүний л мэдрэмж, өнгө аяс мэдрэгддэг бол хамтарсан үзэсгэлэнгээс олон хүний авьяас, өнгө төрхийг мэдрэх боломжтой.
– Залуу зурагчид туршлагатай зурагчидтай хамтран ажиллана гэдэг нь тэдний хувьд том боломж юм. Өргөн утгаар нь харвал энэ үзэсгэлэнгийн ачаар монголын гэрэл зурагчид хөгжих нэг үндэс болох нь гэж ойлгож байна.
-Яг тийм. Зургийг камераар харах, компьютерийн дэлгэцнээс харах, бодитоор нь сайхан чанартай хэвлээд харах зэрэг нь их ялгаатай байдаг. Манай шинэ залуусын бүтээлүүдийн жинхэнэ мөн чанарыг эндээс мэдэрч болно. Энэхүү үзэсгэлэнгийн санаачлагч, зохион байгуулагч Канон брэндээс Монголын гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах олон сайхан ажлууд хийдэг. Энэ үзэсгэлэн бол эдгээр ажлуудын нэг. Мэдээж үзэсгэлэн бүх нийтэд нээлттэй. Илүү өгөөжтэй болгох үүднээс бид тусгайлан хөтөлбөр гаргаж, гэрэл зураг авах арга барилаасаа хуваалцах уулзалт ярилцлага хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, мягмар гарагт баримтат, макро зургийг хэрхэн авах тухай, лхагва гарагт шөнийн зураг авах тухай, пүрэв гарагт ан амьтны зураг авах тухай гэх мэт өдөрт 2 төрлийн сэдвээр ярилцахаар төлөвлөж байна. Мөн залуу зурагчид зургийг ойлгохгүйгээр өнгөрөх гээд байдаг, түүнийг тайлбартайгаар ойлгуулах мэдлэгээр дэмжлэг үзүүлэх зорилготой.
-Ярилцсанд баярлалаа. Үзэсгэлэнд нь амжилт хүсье