Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…
Уучлал ухаарлын сувдан чулуу нүдэнд бөмбөрөвч
Урдаас минь хараад түүж суух тэр л гар таных
Уурлаж хад чулуу шиг үгэн хана босгосон ч
Уучлаад инээх тэр л сэтгэл таных ээжээ…
Өөрийгөө тордон толины өмнө эргэлдэхдээ
Өр зөөлөн таныгаа мөр бүтэнг анзаарлуу
Хувцас бүтэн ч зүрхэндээ тал таныхаа
Хувирашгүй сэтгэлд тань талархсан билүү охин чинь…
Биеэ хувааж бидний төлөө зүтгэхдээ
Би ядарч байна! гэж хэлж үзээгүй та минь
Таваг аягахан угааж, тоос арчисныхаа төлөө
Татвар аятай мөнгө нэхэх тэнэгхэн охин явжээ би…
Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн таны минь үг
Хал үзэж хашир суусан эх хүний л ухаан
Бодолдоо дарагдан шанхны үсээ илбэхдээ
Буруу харж нулимсаа нуусныг тань анзаараагүй явж охин чинь…
Сэтгэл шигээ цагаахан таны минь нөмрөг болсон халаад
Сэрэмгүй зүүдний минь сэвлэг үнэрлэх цагаан дарь эх
Төрж үхэх амьдралын зааганд тамаас харамлах
Түмний төлөө амьдрал хайрласан эмч хүний үргэлжлэл би…
Хоёр яс салж уйлж төрөх амьдралд
Хүй хайчлан эх барьсан олон хүүхдийн ээж
Будантай булингартай энэхэн хорвоод
Буцааж нэхэж үзээгүй таныхаа сэтгэлийн ундарага би…
Намар шаагих бороон дусал гадуурхаж
Навч бүрийг нэг нэгээр таслан унагавч
Мөчрийнхөө төлөө амь тэмцэн ургасан
Мөнхөд харагдахгүй модны үндэс таны минь сэтгэл…
Нуугаад гуних дүрийг минь та л нэвт хардаг
Нуугдаж уулзах болзоог харуулдаж та л хүлээдэг
Эр хонгор Яргай модны зүрхэн тушаа
Эвэлж ургасан сүүн цацлын мөчирхөн би…
Хэвлийд хүү минь бүрэлдэх болсон тэр л цагаас
Хувь тавиланд талархаж таныгаа илүү ойлгосон
Амьдралыг хүчтэй шуурга гэвэл ээжээ
Айхгүй сөрсөн таныхаа хүчийг илүү мэдэрсэн…
Цасаар алгадаж мөсөөр хайрсан энэ амьдралд
Цаас шиг хөнгөн яваагүй ээ миний ижий
Урьд хойд хормойгоор нөхөх бодит амьдралд
Уналтаасаа ололтыг хайсан миний ээжий…
Амьдралд яарч айлын хүү дагуулж ирэхэд
Анисгандаа нулимсаа нуун харамласан ижий
Амьдралд ам гарч болдгүй юм үр минь гэж
Аргадаж асуусан тэр л үг Чи уйлахгүй биз?…
Сайхан хүний үр сүүтэй гүүний унагахан би
Салхи зүсэж бүргэд шиг зовлонг сөрнөө ээжээ
Санаа алдаж та минь санаашрах хэрэггүй
Сайн явж таньдаа харуулнаа охин чинь…
Алга дарам цаасан дээр унагасан хэдхээн үгс
Амь атгуулсан ачийг тань яаж гүйцэх билээ
Амрах завгүй ажилсан таныхаа хөлс хүчийг
Алтаар үнэлэвч яахан нөхөх билээ…
Зовлонг минь нимгэлэх таны минь царай
Зоргоор туучих замыг минь гэрэлтүүлдэг
Заяа буянг минь тэгшилэх гэж залбирсан таны үгс
Замбуулинг уярааж жаргалд хөтөлдөг юм шүү ээжээ…
Хоолойд торох нулимсаа би залгиад
Сэтгэлийг тань зөөллөх үгээ цэнээд
Сайхан амьдарч таньдаа харуулмаар байна
Сайн охин төрүүлсэнээ хараараа ээж минь…
Би таны он цагийн үргэлжлэл…
Би таны бидний төлөө орхисон биелээгүй хүслийн үргэлжлэл…
Би таны хүүхэд насны үргэлжлэл…
Би таны хүсээд хүрч амжаагүй хүслийн бодит үргэлжлэл…
Би таны хатаагүй нулимсны үргэлжлэл…
Би таны инээж дуусаагүй жаргалын үргэлжлэл…
Би ээжийнхээ он цагийн үргэлжлэл… Кана.Б