Оросын цааагчийн хүү, Харвардын хамгийн залуу оюутан, профессор, эрдэм шинжилгээний олон бүтээлийн эзэн Уильям Жеймс Сидис бол манай гариг дээр амьдарч байсан хүмүүсээс хамгийн ухаант хүн гэж болно.
19 дүгээр зууны сүүлээр Европ, оросын цагаачдыг ачсан хөлөг Нью-Йоркийн боомтод ар араасаа ирж зогсдог байхад ийм хөлгүүдийн нэгэнд Хаант оросоос цагаачилсан Борис болон Сара Сидис хоёр сууж очжээ.
Борис шинэ газраа удалгүй нэр хүнд олж сэтгэл судлалын ухааны анхдагчдын нэг болсон байна. Сара ч гэсэн анагаах ухааны зэрэг хүртсэн анхны хэдхэн эмэгтэйн нэг байлаа.
Ийм гэгээлэг гэр бүлд өссөнөөрөө Уильям Жеймс Сидис ер бусын авьяаслаг хүүхэд байсан юм. Тэр төрсөн эхний сараасаа л боловсрол эзэмшиж эхэлсэн гэж болно.
Модон шоон дээр бичсэн үсгүүдээр Борис хүүд цагаан толгой зааж, хүүгээ хагас унтаа байдалд оруулан эдгээр үсгээ давтдаг байсан нь үр дүнгээ өгч зургаан сартай байхдаа “door” гэдэг үгийг хэлж, дахиад сарын дараа “moon” гэж хэлсэн байна.
Найман сартайдаа жаал хүү халбагаа өөрөө барьж, шоон дээрх үсгүүдийг давтан ер нь дөрвөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэж чаддаг болжээ. Ой хагастайдаа тэрээр өдөр тутмын сонин уншдаг болсон байна.
Таван настай болохдоо хэвлэлийн амтанд орж, бичгийн машинаар бичиж, латин, грек, орос, франц, немц, иврит хэл сурч эхэлжээ.
Түүний сурч мэдэх хүсэл байнга нэмэгдэж “Анатом”-ын сурах бичгийн ботиуд, Гомерын бүтээлийг уншдаг боллоо.
Зургаан настайдаа дунд сургуульд орж нэг жилийн дараа төгсөх ангийн хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн байлаа. Энэ тухай “Нью-Йорк Таймс” сонины эхний нүүрэнд бичиж байв.
9 насандаа тэрээр Харвардад орохыг оролдсон ч элсэлтийн шалгалтаасаа илүүтэй оюутан болоход арай тэнцэхээргүй настай гэдгээр татгалзжээ.
Харвардад элсэх зөвшөөрөл хүлээх зуур тэр коллежид элссэн байна. Энэ хугацаандаа тэрээр дөрвөн ч ном бичжээ. 1909 онд залуу ухаантан 11 нас хүрч их сургууль арай гэж оюутан болгож авлаа. 1909 онд тэрээр Харвардад элсэхдээ хамт Норбер Винерт бас элссэн байна.
Сидис 16 насандаа Харвардыг онц төгсч дээд боловсрол эзэмшжээ.
Ингээд хэсэг хугацаагаар Хьюстоны их сургуульд багшилж байгаад удалгүй халагдсан байна. Оуютнууд түүний лекцийг сонсохоосоо бага залуу насыг нь илүү их сонирхоод байснаас ингэхэд хүрсэн гэдэг. Удалгүй тэр хуулийн боловсрол эзэмшихээр Харвардад эргэж ирсэн ч хууль түүнд нэг их сонин биш болсон байлаа.
1919 онд тэрээр өөрийн үзэл бодлоосоо болж эсэргүүцлийн жагсаал арга хэмжээнд оролцдог боллоо. Энэ нь түүний бурхны талаарх уламжлалт биш философитой холбоотой. Ер нь Сидис улстөрийн талаар либерал маягийн үзэл бодолтой нэгэн байсан юм.
Тэрээр нөлөө бүхий эцэг эхийн ачаар арай шоронд ороогүй ч түүнийг Калифорни дахь зуны байшинд гэрийн хорионд суулгах нь тэр. Ингээд л тэр эцэг эхээ ч бодолгүй, өөрийнх нь нэрлэснээр хэнд ч хэрэггүй “архаизм” гэсэн суу билэг авьяасаа ч бодолгүй америкийн зүүн эрэг тийш зугтааж явжээ. Тэгээд албан хаагч, энгийн нэг нягтлан бодогч зэрэг ажил хийж ажлаа байнга солин сайндаа л математикинй суутан гэгдэж явжээ. Нэг удаа тэрээр “Математикийн энэ хэдэн арга намайг нэг л хэлбэрт оруулаад залхаалаа. Би одоо тооны машин бүтээхийг хүсч байна. Энэ намайг амар заяа үзүүлэхгүй байна” гэж байжээ.
Сидис насанд хүрэх үедээ өөрийгөө олны анхаарлаас холдуулахыг хүсч байж. Тэр хэд хэдэн ном бичиж зохиомол нэрээр хэвлүүлжээ.
Түүний “Омгууд болон мужууд” нэртэй гар бичмэлд Шинэ Английн улстөрийн систем, индианчуудыг нэгтгэх ардчилсан зарчмууд зэргийг бичсэн нь бий.
Үүнийхээ зэрэгцээ тэрээр хэл сурах ажлаа үргэлжлүүлж 200 гаруй хэл сураад нэг хэл шинээр зохиожээ. Тэрээр америкийн түүх, сансар судлал, сэтгэл судлал гээд шинжлэх ухааны олон салбарын судалгаа бүтээл үлдээсэн юм.
Хэвлэлийнхэн түүнийг байнга мөрдөж янз бүрээр бичиж байж. 1937 онд “Нью-Йоркер” сэтгүүлд “Дөрөвдүгээр сарын нэгний тэнэг” гэсэн өгүүлэл гарсан нь түүнийг ёстой амьдаар нь алсан гэж болно.
Тэрээр хувийн амьдрал, нэр хүндэд нь халдлаа хэмээн шүүхэд заргалдаж багагүй мөнгө авсан байна. Түүнийг 1944 онд нас барахад эмгэнэл дээр нь “хамгийн гайхамшигтай ч бүтэлгүй нэгэн”, “шатаж дууссан аугаа ухаантан” гэж бичсэн байдаг.
Сэтгэл судлалд бага залуудаа ер бусын ухаантан байсан ч насанд хүрсэн хойноо ямар ч амжилтад хүрээгүй хүнийг нэрлэдэг “Феномен Сидиса” гэдэг нэр томъёо бий болж өнөө ч гэсэн хэрэглэгдсээр байдаг гэнэ.
Эх сурвалж: WWW.ASSA.MN