Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ.
Үүний нэг тод жишээ нь бидний өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан, өдөржин самар заран сууж гэрээ тэжээдэг бяцхан охин Зулаа юм.
Зулаа: Сургуульд сурмаар л байна… http://www.ugluu.mn/150740.html
Хүн хүндээ дэм болцгоое http://www.ugluu.mn/151843.html /Өмнөх нийтлэлийн дэлгэрэнгүйг дээрх холбоосоор орж үзнэ үү/
Сурах чин хүсэлтэй, эрдэм мэдлэг, боловсролтой болохыг мөрөөдлөө болгон тэмүүлж байсан охин маань сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар сургуульд орлоо.
Зулаа охин өчигдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд сургууль, хичээл нь их сонирхолтой байгаа гэсэн. Энэ дашрамд Зулаа охиныг сургуульдаа авсан 4-р сургуулийн хамт олон болон Ш.Батцэнгэл захиралд талархлаа илэрхийлье.
Мөн В.Лхагвасүрэн эгчдээ баярлахгүй байхын аргагүй юм. Өнөөдрийг хүртэл Зулаа охины төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж маш их сэтгэл гаргаж байгаа ба цаашдаа ч туслахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа юм.
Тэрбээр охиныг гэртээ байлгаж, сургуульд нь хүргэж өгөн, авч байгаа сайхан сэтгэлт нэгэн юм.
“Хоёр ч сургуульд хандаад сургуульд оруулж чадах нь уу гэж байтал 4-р сургуулийн захирал Ш.Батцэнгэл багш бид хоёрыг ихэд найрсагаар хүлээн авсанд маш их баярласан. Бас энэ бяцхан охины тухай анх мэдээ нийтлэл бичсэн Өглөө.мн сайтын хамт олонд бас маш их баярласнаа хэлье…
Өнөөдөр хичээл тарах үед ангийнх нь хаалганы цонхоор харахад ширээндээ багадсан уу гэлтэй зогсоод их л мэрийсэн юм бичиж зогсож харагдсан. Удахгүй 10-аас дээш тоолж сурна. А үсгээ заалгаж бичиж ч сурна даа, манай охин. Сургуулийн цайны газар ороод хоолны меню, үдийн цайны тухай сонирхож амталгаа хийлээ. Алтан медальт хоол нь хор шаргүй амттай байсан шүү” хэмээн В.Лхагвабүрэн эгч өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Бидний ирээдүй болсон нэгэн бяцхан охин өөрийн мөрөөдлөө биелүүлэн мэдлэг боловсролын үүр болсон эрдмийн их өргөөндөө үеийн хүүхдүүдтэйгээ тохой нийлүүлэн суралцаж эхэллээ. Хэдийгээр түүний хүсэл биелж сургуульд орсон ч бид ингээд л орхиж болохгүй мэт санагдана.
Охин маань аав, ээж, дүүтэйгээ амьдардаг ба хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй болохоор тогтсон гэр оронгүй байгаа юм. Удахгүй одоо байрлаж байгаа байрнаасаа ч гарахаар болоод байгаа гэсэн сэтгэл өвтгөм мэдээ байна.
Монголчууд бид “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж ярьдаг даа.
Монголынхоо нэгэн өрх гэрийг ядаж орох оронтой болгож, эцэг эхийг нь ажилтай болгочихвол бидний хэрэг бүтэх билээ.
Эрхэм уншигч та бүхэн маань сайхан сэтгэл гарган Зулаа охины ар гэрийнхэнд сэтгэлээсээ туслана гэдэгт найдаж байна.
Хэрвээ та Зулаа охинд болон түүний гэр бүлд туслах аянд оролцохыг хүсвэл, түүнд анх тусламжийн гараа сунган, сургуульд оруулж өгсөн В.Лхагвасүрэн эгчтэй 9907-6569 дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваарай.
Таны сайхан сэтгэлийн тусламж хэн нэгэнд итгэл, урам зориг, сайн сайхныг бэлэглэж танд ч мөн аз жаргалыг хайрлаж байдаг юм шүү.
Б.Нараа
www.ugluu.mn