Тандаа захидал бичээгүй уджээ, амгаланг тань айлтгая. Одоогоос тавь гаруй жилийн тэртээ оюутан ахуй цагтаа таньдаа захидал бичиж, сургуулийн хүүхдээр бичүүлсэн захидлыг тань авч зохих хэмжээгээр ээжтэйгээ захидлаар харилцдаг байлаа.
Тэр үед ямар сайхан байв аа ээжээ. Захидал гэхээр л бага нас, төрсөн нутаг, нутгийн минь хэдэн түшигтэй өвгөд нүдний өмнө сүүмэлзэх шиг болох юм. Бидний өвөг дээдсийн нутаглаж ирсэн Талын өвөлжөө, Ар булан, Алайрын гол, Толгойн шил гээд бүгд сэтгэлийн гэгээн гэрэл болж ээлтэй сайхан болох юм. Энэ л нутагт би ээжтэйгээ хамт байсан. Талын өвөлжөөний хойд уулнаас ээж, ах, бид гурав түлээ гишүүгээ түүж үүрээд, харганы модны цэврүү одоогийнхоор бол бохь л юм даа түүнийг эрхэлж, түүж зажлаад л муу бор гэрээ зорьдогсон.
Бас ундны ус залгуулахаар зузаан цасыг үүрч ирээд цай чанадагсан. Энэ л үедээ бид хамгийн жаргалтай ээждээ эрхэлж, уярал хайран дунд өссөн билээ. Ингээд сургуулийн нас эхлэн аав ээж хоёр минь биднийг сайн хүн болгох гэж өвөлжөө хаваржаанаасаа сум, сумаасаа аймаг хүртэл нүүж явдагсан. Ээж минь гарын таван хуруу шиг таван хүүхэд төрүүлж өсгөсөн билээ. Биднийг арван жил сурахад үргэлж дэргэд минь байж өөрийнхөө бүхий л чадлаар бор амьдарлаа бор гэлгүй асардаг байж дээ.
Энэ л насандаа бид аавын харцнаас эмээж ээжийн харцнаас энэрэл хайрыг олж харж ирсэн. Энэ хоёр харцны дундаас бид хожим хүн болох хүмүүжлээ олж авцгаасандаа. Эхний гурван хүүхэд нь эхдээ дээд сургууль төгсөж, ажил амьдралтайгаа золгож дөрөв дэх охин нь бас л их сургуулийн хуваарь авсан тэр нэгэн намар ээж та минь бурхны орондоо заларч биднийг орхисондоо.
Хорвоо хуурамч, хүний амьдрал богино гэдэг энэ л юмдаа хэмээн халаглаад ч хайрт ээжээ харж чадахгүйгээ ухаарсандаа. Түүнээс хойш бүхий л зүйл бүүдгэр болж, очих газар үгүй болсон мэт санагдаж билээ. Хайран залуу ээж минь дээ таньтайгаа байх л хамгийн жаргалтай байж дээ. Аав тэр үед нөхөддөө миний нар жаргасан гэж хэлж байсан. Бидний нар ч бас тэр л мөчид жаргасан даа. Түүнээс хойш нэлээд хугацааны дараа хадам ээж минь “Ээж чинь манайд эргэж ирсэн. Өнөө шөнө миний зүүдэнд ээж чинь би эрүүл болсон” гээд хуучилсан гэв.
Удалгүй ээж минь наддаа миний сайхан үр минь болон мэндэлсэн билээ. Ээж таны минь хүний төлөө бүхнээ зориулдаг хөнгөн зөөлөн сайхан сэтгэл нь өвлөгдөж ирсэнд баяртай байдаг. Хүү минь эрдэм чадалтай сайн хүн болсон. Ээж минь та манай гэр бүлийн хамаг ажил амьдарлыг зохицуулдаг наран байждээ.
Хадам ээждээ бичсэн захидал
Өөрийн төрүүлсэн ээждээ захидал бичхээр төрүүлснээс ялгаагүй хэдэн хүүхдийг минь өсгөж өгсөн хадам ээждээ яаж захиа бичихгүй байх билээ. Яагаад гэвэл та наймайг бэрээ болсон тэр цагаас хойш насан өөд болтлоо бид дандаа хамт байсан. Та бол хорвоод хосгүй хадам ээж байсан юм шүү, ээжээ. Хүний амьдралын жаргалтай наран өдрүүд бор борхон борлог өдрүүдэд бид дандаа хамт байсан ээжээ. Одоо та минь байдаг ч болоосой. Зөндөө олон зүйл асуумаар байх юмаа.
Бид хоёр ажил ажил гээд таныгаа бодолгүй бүхнийг танд даатгачихаад яваад өгдөгсөн. Төрөөд л 45 хоногтой хүүхдээ орхиод явсан шүү дээ. Орой ирэхэд ийм хөөрхөн тийм ч хөөрхөн сууж байхаас биш хэцүү байна гэж хэлээгүй шүү. Та яасан сайхан сэтгэлтэй амгалан хүн байв даа. Хадам аав ээж та хоёр минь хэдэн хүүхдүүдийн минь төлөө маш их зүтгэсэн дээ. Тэр их ачийг хариулж, чадаагүй би яалтай ч билээ дээ гэж захидал тэрлэн ахуйдаа орчлонгийн эрээн барааныг ухаарнам.
Та хоёрын минь орон зайг эзлэх сэтгэлийг минь дэвтээх хүү охин хоёр хөрстөд амьдарч байгаа нь бидний үргэлжлэл юм. Та хоёрын минь сүнс гэлтэй дэрсхэн үрсээ бид хайрланам.
Үйлэнд уран өөрийн ээж
Үгэнд сэцэн хадам ээж
Хайр энэрлийн эздүүд
Хайрт хоёр ээж минь баяртай
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн өндөр настан Гунгаабуу овогтой Цэвэлмаа