БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Цоодолын Жаргалсайхантай биет бус соёлын өв, язгуур урлагийн тухай болон язгуур урлагийг түгээн дэлгэрүүлж хөгжүүлж буй “Алтай” хамтлагийн тухай хөндөн ярилцлаа.
–Биет бус соёлын өвийг хамгаалах түгээн дэлгэрүүлэхэд мөн тэр дундаа үндэсний язгуур урлагийг хөгжүүлэхэд танай төв ямар ямар ажил хийж байна?
-Монголчуудыг ямар өргөн цараатай сэтгэж байсныг урлаг соёлоор нь таньж болно.Өөрөөр хэлбэл утга соёлын өв /Биет бус соёлын өв/-өөр нь таньж болно гэсэн үг. Өнөөдөр сайн муу түмэн үйл явдал өрнөж, амин хувь, ахуйнхаа төлөө буруу аргаар ч хамаагүй хөрөнгө босгохсон гэсэн хүсэлтэнгүүд цөөрч, улс орноо гэсэн Шинэ үе өсч өндийж ирж байна. “Уурхайг ухах тусам дундарна, Ухааныг ухах тусам ундарна” гэдэг. Өнөөдөр газрын баялагийг шүтэж, ухаж амьдарч эхэллээ. XIX зууны Оросын алдарт эрдэмтэн С.Козлов “Газрынхаа хөрсөн доор болон, дээрээ ийм их соёлын өвийг хадгалсан орон байхгүй” гэж бахархан бичсэнийг бид мэддэг. Монголд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбараас өөрийн гэсэн хөрөнгө босгож, оюун ухаанаа хөгжүүлэх нь зүй ёсны шаардлага болж байна. Цаашид өв соёл дээр суурилсан баялаг нэмэгдэж, бүтээгдэх ёстой гэж боддог. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар өрсөлдөх чадварын индексээрээ жижиг, хүн ам цөөтэй, алслагдмал, ХААН-н орон болох Сингапур, Финлянд улсууд тэргүүлж байна. Тэд ингэж хөгжих болсон нь хүмүүсийнхээ оюун санаа, ШУ-нд түшиглэсэнтэй холбоотой гэдэг.
СББӨ /Соёлын биет бус өв/, энэхүү өвийн гол цөм болсон өвлөгчдийг судлан тогтоож бүртгэл мэдээллийг яаралтай гарган нэмж баяжуулж бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, архив бүрдүүлэх, тэдний үнэлэмжийг дээшлүүлэх, сурталчлан алдаршуулах, хойч үедээ уламжлуулах чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах, энэхүү өв соёлыг үндэсний болон Дэлхийн соёл, боловсрол, шинжлэх ухааны гол байгууллага-ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлж дэлхийн данстай болгон сурталчлах ажил манай Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн ажлын гол зорилго. Бид энэ чиглэлээр салбарын яамны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн нэгжийн үүрэг гүйцэтгэж үндэсний хэмжээнд ажилладаг.
Биет бус соёлын өвийн илрэх гол гол төрөл хэлбэрийг ерөнхийд нь таван ай /домэйн/ багтаан тодорхойлдог юм. Үүний нэг том ай буюу домэйн нь-Нүүдэлчдийн нэн өвөрмөц оюун сэтгэлгээний тусгал болсон уран сайхны язгуур соёлын дахин давтагдашгүй арвин их өв сан- Ардын язгуур урлаг.
–Язгуур урлагийн Алтай хамтлагийн хувьд танайхтай харилцаа холбоотой байдаг уу, тус хамтлаг олон улсад монголынхоо өв их соёлыг сурталчилан танилж буй энэ хамтлагийн тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Монголынхоо өв соёлыг монгол төрхөөр нь авч үлдэх нь монгол хүн бүрийн сэтгэл дотор цаанаас цохилж байгаа гал, дөл хамаарна” хэмээн Ш.Чоймаа багш нэгэнтээ хэлсэн. Үүний төлөө цохилох зүрхтэй, зүтгэх сэтгэлтэй хүн бүр хичээх ёстой. XXI зууны хамгийн том бизнес нь соёлын өв байж болно хэмээн бичээд эхэлсэн байна. “Алтай” хамтлаг, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Гүйцэтгэх захирал, хөгжмийн зохиолч, судлаач Д.Ганпүрэв нар бол энэхүү үйл хэргийн төлөө бусдаас илүү эрч хүчтэй, илүү амжилттай жишээ болон ажиллаж байгаа. Жинхэнэ өв соёлоо гэсэн бүтээлч, эх оронч залуус юм. Дашрамд хэлэхэд ийм зан чанар өнөөдөр ихэд дутагдаж байгаа шүү дээ. Энэ хамтлагт хэдэн үеэрээ өв соёлоо уламжлан авч хөгжүүлж ирсэн өвлөн уламжлагч уран бүтээлчид багтдаг. Энэ нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг. “Алтай” хамтлаг, Д.Ганпүрэв 1400 жилийн өмнөх амьд уламжлал нь тасарсан байсан Алтайн ятгыг дахин сэргээх төсөл хэрэгжүүлж амжилттай ажиллаж байгааг нь бид талархан энэхүү хамтлаг, уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг. Хувь хүний хувьд ч би энэ залуусаар бахархаж бүх л боломжоороо дэмжиж ажиллахсан гэж боддог.
–Ер нь залуу хойч үедээ язгуур урлагийн гайхамшиг, үндэсний их өв соёлыг хэрхэн өвлүүлэх вэ. Үүнд эцэг эхчүүд болон багш нар ямар үүрэгтэй байх ёстой юм?
-Орчин цагийн гол үзэгдэл болох даяаршил, хотжилт, техник технологийн дээрх хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг дор дэлхийн улс орнууд үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж эхэллээ.
Биет бус соёлын гол цөм болсон өвлөн уламжлагчид цагаас цагт, өдрөөс өдөрт нутаг нутагт цөөрч эзэн хүнтэйгээ энэ их өв соёл алга болох эрсдэлтэй энэ үед энэхүү сайхан өвөө хойч үедээ уламжлуулан өвлүүлэх ажлыг цаг алдалгүй хийх ёстой. Өнөөдөр бидний дундаас нэгэн настан буурал халин одход түүнтэй хамт өв соёлын нэгэн том боть судар алга болж байгаа гэхэд буруудахгүй. Өнөөдөр хаа сайгүй, хэн бугайд ч эх нутаг, элгэн садан, эх орноо гэсэн итгэл сэтгэл, хайр халамж их дутаж байгаа нь эцэг өвгөдөөс үе улиран уламжилж ирсэн их түүхрүүгээ улангасан дайрч, эвдэж сүйтгэж, худалдаж, хулгайлж байгаагаас харагдаж байна гэж хэлэхэд хатуудахгүй бизээ. Тийм учраас эцэг эхчүүд, багш нар төдийгүй эх орон, өв соёлоо гэсэн монгол хүн бүр санаа тавих л хэрэгтэй гэж боддог. Хөрөнгө мөнгө мэдээж гол зүйл ч хүний сэтгэл ихэд дутагдаж байгаа нь илт харагдах юм.
Өнөөдөр ББСоёлын 13 өвийг ЮНЕСКО-д бүртгэн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн шилдэг дээж хэмээн зарлан тунхагласан нь нүүдэлчин монголчуудын бүтээн бий болгосны жишээ. Давтагдашгүй өвөрмөц эдгээр өвүүдийг дэлхий дахины түгээмэл, хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй бөгөөд монгол үндэстнээс нийт хүн төрөлхтний соёлын өв санд оруулсан хувь нэмэр хэмээн үнэлсэн хэрэг юм. Үүгээрээ нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийн үнэнхүү өлгий нутгийн иргэн-монгол хүн бүр бахархаж явах ёстой. Үүнээс илүүтэй байгаагаа хайрлаж хамгаалах, өөд татаж авч явах үүрэгтэй. Соёл хэрэглэхээ больхоор мөхдөг гэдэг нь бидний соёлтой бүр их холбоотой. Бид тэнгэр, Чингэс гэж цээжээ дэлдэж хий омогшихгүй, хөл дороо, хажууд байгаа, гарт байгаа их баялаг-өвөө, биедээ тээж яваа энэ баялаг оюуны өвөө нандигнан хайрлах хэрэгтэй байнаа.
Биет бус өв соёл гэдэг судлаад барагдашгүй их ч хамгаалж нандигнахгүй бол өчүүхэн эмзэг соёл.
–Алтай хамтлагийн 5 жилийн ойн тоглолт энэ сарын 22-нд болох гэж байна. Тоглолтыг зорин ирэх үзэгчдэд хандаж та юу гэж хэлэх вэ.
-Нүүдэлчид соёлынхоо өвийг биедээ тээж явдаг. Хөгжимгүй байлаа гэхэд хоолойдоо хөгтэй, олон ном судар тээж ачиж явахгүй ч ойдоо цээжилчихсэн байна. Аман уламжлалаар дамжиж ирсэн нүүдэлчин соёл мэдээллийн эрин зуун, соёл иргэншлийн үед нүүдэлчний амьдралын сонгодог хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдон бага багаар устаад байгаа юм. Энэ чухал үед маш их хичээж, нандигнан хайрлаж, хадгалах ёстой энэхүү өвөө сэргээн амилуулж, бүтээн туурвиж Монголдоо төдийгүй дэлхий дахинаа танигдаж үнэлэгдэж эхэлсэн “Алтай” хамтлагийнхандаа баярын мэнд хүргэж амжилт бүтээл, аз жаргал ерөөе. Монголчууд бидний онцолж ялгах нэрийн хуудас, онцгойрч бахархах бахархал болсон Биет бус өвөө хүн бүр хайрлаж хямгадаж, санаа тавьж, хөгжүүлье. Бидэнд газрын баялагаас илүүтэй бахархаад баршгүй, баялаг өв бас бий шүү. Даяаршиж буй ертөнцөд соёлын биет бус өв тухайн ард түмний оршин тогтнох гол эх үндэс гэдгийг үргэлж санаж явууштай.
Н.Чимэг