Монголынхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа. Тэрбээр багынхаа мөрөөдлийг орхигдуулалгүй, хуульч мэргэжилтэйгээ хослуулан яваа хөдөлмөрч бүсгүй. Саяхан Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан “Photo model of the world 2016” тэмцээнд 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж гуравдугаар байрт шалгаран дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулаад иржээ. Мөн “Elegance miss” номаницийн эзэн болсон Б.Гүнзаяатай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Дэлхийд дээгүүрт ордог “Photo model of the world 2016” тэмцээнд оролцоод гуравдугаар байрт шалгарч мөн “Elegance miss” номаницийн эзэн болсонд нь халуун баяр хүргэе. Таны амжилтын гараа?
– Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорсон. 2011 Face of mongolia -Авьяаслаг модель, Манжуурын миссийн шилдэг оролцогч, Miss intercontinental -Тив дэлхийн мисс, 2014 Mongolia-тэргүүн байр, Монголын үзэсгэлэн гоо 2015-Буриад, Орос, Монголын гоо бүсгүй тэмцээнээс хоёрдугаар байр, Miss beauty-2015- Хятад, Орос, Монгол шилдэг оролцогч, Mongol model agency 2015 Шилдэг модел шагналыг авч байлаа. Мөн эрдэм, алтан медальтай арван жилийн сургуулиа дүүргэсэн. Монголын шилдэг мянган хүүхдийн нэгээр тодорч маш их баярласан. Арван жилдээ сургуулийнхаа волейболын аваргын тэмцээнд дөрвөн жил дараалан тэргүүлж байсан. Багаасаа хөнгөн атлетик, хариалт гүйлтээр хичээллэсэн.
Саяхан Мисс Монгол аялал жуучлалын холбооноос Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан “Photo model of the world 2016” тэмцээнд 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөөд ирлээ. Өдөр болгон шаргуу бэлтгэлтэй, Монголынхоо бүхий л сайхан талыг харуулахыг хичээсэн. Ингэснээрээ маш өндрөөр үнэлэгдэж “Photo model of the world 2016” тэмцээнд “Second runner up” буюу гуравдугаар байрт шалгарсан. Мөн “Elegance miss” номаницийн эзэн боллоо. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс Малдав улс, Монгол улс хоёрыг онцлон баяр халуун баяр хүргэж, ирэх жилийн титмийг гардуулах саналыг ирүүлсэн. Ар араасаа маш олон тэмцээний саналуудыг тавиад байгаа. Кинонд тоглох санал хүртэл ирсэн.
-Загварын ертөнцөд хэзээ хөл тавив?
-Өсвар насны хүүхдүүдийн дунд загварын тэмцээнд болдог. Энэ үеэс л эхэлж хичээллэж эхэлсэн дээ. Харин их сургуулийнхаа нэгдүгээр курсээс Монгол модел агентлагт харьяалагдаж өдийг хүрсэн. Гэхдээ Олон улсын шинж чанартай тэмцээнд оролцоход Мисс Монгол аялал жуучлалаас явуулдаг. Энэхүү байгууллагын тэргүүнээр мисс Б.Гантогоо эгч ажилладаг юм. Б.Гантогоо эгч 2005 оны Монголын сайхан бүсгүйгээр шалгарч байсан. Гадаадад харилцаа маш сайтай. Олон улсын тэмцээний үндэсний захиралаар ажиллаж бүхий л тэмцээнд оролцогчдыг шалгаруулж явуулдаг.
-Таны үндсэн мэргэжил?
-Би ИЗИС-ийн хууль зүйн сургуулийг Монголын оюутны холбооны хамгийн дээд шагнал болох “Алтан медаль”-тай төгсөөд 10 гаруй хонож байна. Нийгмийн идэвхитэй, хууль зүйн талдаа илүү сонирхолтой мэргэжлээрээ цаашдаа ажиллах зорилго тавьсан.
-Загварын салбарт таныг хэн хөтөлж оруулав?
-Миний багын мөрөөдөл бол загвар өмсөгч болох. Энэхүү мөрөөдлийг маань биелүүлэхэд Хөдөлмөрийн багш Баярмаа гэж багш бий. Монгол улсад загвар өмсөх чиглэлээр дэмждэг “Монгол модел”-ийн захирал, Азийн топ модель Болормаа багш, Олон улсын, дэлхийн хэмжээний тэмцээнд Б.Гантогоо эгч маань үргэлж, тусалж дэмждэг. Бүх багш нартаа маш их баярлаж, талархаж явдаг. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.
-Нэг өдрийн амьдралын хэмнэл нь хэрхэн өрнөдөг вэ?
-Оюутан байхдаа нэг, хоёрдугаар курст суралцах үедээ хичээлийнхээ хажуугаар Монгол модел агентлагт харьяалагдаж цалинтай ажилладаг байсан. Өөрөө маш их сонирхолтой байсан болохоор хичээл, ажил хоёроо хослуулаад явж чадсан. Харин дөрөвдүгээр курстээ шалгалтадаа бэлтээд хичээлдээ анхаарсан. Төгсөхөөсөө өмнө олон улсын нэр хүндэттэй тэмцээнд амжилттай оролцоод амжилт гаргаж ирсэндээ маш их баяртай байгаа.
– Дэлхийн хэмжээний “Photo model of the world 2016” тэмцээнд оролцохдоо хувийн бэлтгэлээ сайн хангаж чадсан уу?
–Хэдийгээр төгсөх курс байсан хэдий ч өмнөх тэмцээнүүдээсээ туршлага хуримтлуулсан байсан. Мөн өдөр болгон бүжиг, фитнессээр хичээллэж, шалгалтадаа бэлдэх гээд завгүй хэдэн сарыг үдсэн. Найз нөхөдтэйгээ уулзах цаг завгүй л гүйсэн дээ. Сүүлийн үед өглөө эрт сэрж, орой унтах болсон.
-Бие галбиртаа хэрхэн анхаарал тавьж байна?
-Спортод их сонирхолтой. Аав маань хөнгөн атлетикийн тамирчин хүн байсан. Би дөрөв, таван жил хөнгөн атлетикаар хичээллэж байгаа.
-Загварт хөл тавихад чинь гэрийнхэн нь яаж хүлээн авсан бэ?
-Манай гэрийнхэн хүн юу хийхийг хүснэ түүнийг нь маш их дэмждэг. Тийм дээ ч миний хувийн бэлтгэлийг хангахад маш их тусалдаг юм. Ерөөсөө эсэргүүцэж байгаагүй. Хамгийн гол нь хүн өөрөө зөв явах ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Миний ээж багш хүн байдаг. Зорьсон л бол хүрнэ. Энэ бол мэдээж залуу хүний гоо сайхны ажил. Би ихэвчлэн олон улсын тэмцээнд оролцдог. Хөгжилтэй, мундаг орнуудын залуустай эн зэрэгцээд монголоо сурталчлаад явна гэдэг миний бахархал. Энэ салбарт насаараа ажиллаад явахгүй юм аа гэхэд хэдэн жилийн дараа ээж болж, гэрийн эзэгтэй болсныхоо дараа би ийм байсан гээд яриад, бахдаад суух нь гоё юм болов уу гэж бодож байна.
-Олон улсын тэмцээнд ихэвчлэн оролцдог болохоор хэлний мэдлэг ихээхэн хэрэгтэй байх?
-Англи хэлээр ойлголцдог. Гэхдээ мэргэжлийн түвшинд бол хүрээгүй байгаа. Залуу хүн мэдээж цаашдаа сурч, өөрийгөө хөгжүүлнэ. Хуулийнхаа мэргэжлээр өөрийгөө гүнзгийрүүлэн улс орондоо хэрэгтэй мундаг хуульч эмэгтэй болохын төлөө зүтгэнэ гэж бодож яваа. Дэлхий даяаршиж байгаа энэ цагт олон улсын хэмжээнд хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж болно гэж байна. Энэ талаар судалж эхэлсэн. Олон улсын тэмцээнд оролцох тусам зөвхөн загварын талаа харах бус бүхий л талыг харж, өөр өнцгөөс нь эрэл хайгуул хийдэг болсон л доо.
-Хоёр мэргэжлээ хослуулаад явах цаашдын зорилго?
-Мэдээж эмэгтэй хүн гоё төгөлдөр явахад хүн байтугай дэлхий гоо үзэсгэлэнгийн өмнө мэхийдэг ш дээ. Үүн шиг эмэгтэй хүн гоо үзэсгэлэн төгөлдөр байх хэрэгтэй. Гэхдээ төгс хүн гэж байхгүй. Бүгд л гоо үзэсгэлэнгийн төлөө тэмүүлж явдаг. Тэрэн шиг л ямар ч мэргэжилтэй байсан өөрийн биеэ зөв аваад явчихдаг байхыг хүсдэг дээ.
Би орсон тэмцээн болгоноосоо шагнал авчихдаг. Хүний хөдөлмөрийн хөлсийг бурхан хардаг юм болов уу даа гэж боддог.
-Шагналын хуртай бүсгүй маань шагналын хэр одтой байв. Оюутан цагийнхаа үеэс дурсвал?
–Их сургуульдаа маш их амжилттай суралцаж төгссөн. Сургуулийн маань багш нар их дэмждэг. Түүний нөлөөгөөр хоёр мэргэжлээ хослуулан явж чадсан гэж ойлгож байна. ИЗИС маань урлаг, соёлыг их дэмжинэ. Гэхдээ би хичээл, номоо орхигдуулж байгаагүй. Цаг тухайд нь юм аа хийж гүйцэтгэдэг. Арван жилдээ онц сурдаг хүүхэд байсан даа.
-Суралцах их үйлсдээ хийх цаашдын алхам?
-Мэргэжлээрээ олон улсын түвшинд гарч сурахыг тэмүүлж явна. Ер нь залуусын эрин үе ирээд байна шүү дээ. Мундаг боловсон хүчин, мэргэжилтэн байхыг л хичээж явна.
-Өсөж яваа залуу хүний хувьд Монголынхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж хүн болгон саар байна гэж шүүмжилдэг. Харин миний хувьд маш их гэгээлэг харагддаг. Яагаад гэхээр, бодлын хүч гэдэг шиг бид нар ийм сайхан залуус дэлхийд өрсөлдөж, хөгжилтэй орнуудад тэргүүнд явж чадаж байна. Бүгд зорилготой, салбартаа тэргүүлэгч байхын төлөө бие биетэйгээ өрсөлдөх болсон. Монголчууд бид эд баялагаас илүүтэй оюун ухааны хүчтэй байхад хаа ч ялагдашгүй. Ийм сайхан шавхагдашгүй хүч нөөцтэй байхад биднийг гэрэлтэй ирээдүй хүлээж байна.
-Гадаадад тэмцээн уралдаанд оролцоод явж байхад Монгол орны оролцогчийг хэрхэн хүлээж авч байна?
–Улсын ялгаа бий. Тухайлбал, Турк улсын Bodrum хотод Монголын тухай ойлголтгүй байсан. Чингис хаан гэхээр “Аан Чингис хаан уу” гэдэг. Өөрийгөө Монгол гэдгийг үүх түүхээрээ харуулна. Монголчуудынхаа хийж бүтээдэг зүйлсийг таниулж, сурталчлах зорилготойгоор гар урлалын бүтээлээс авч очиж бэлэглэдэг. Бид эртний өвөг дээдсээ дурсахаасаа гадна орчин үеийн залуус чадварлаг болсон гэдгээ харуулах нь чухал л даа. Тэмцээнд оролцогч нарт өдрийн төлөвлөгөө гаргаж өгдөг. Үүнийхээ дагуу зөвлөгөө өгдөг. Бусад орны оролцогчдоос илүү Монгол хүмүүс юмыг хурдан ойлгодог. Хаа ч очсон Монголчууд гярхай, сэргэлэн, манлайлагч байж чаддаг.
-Монголын түүхээ хэр судалж байна?
-Хамгийн түрүүнд хүнтэй хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй л дээ. Хүндлэх, угтах, үдэх зэрэг ёсоо маш сайн судалдаг. Хаана ч биеэ зөв авч яваад улсынхаа нэрийг сайнаар дурсах бүхий л зүйлд суралцаж, өөрийгөө бэлддэг. Оролцогч орнуудынхаа гоо бүсгүйчүүдийн хамгийн сайн найз нь ч болж, дотно сэтгэгдэл үлдээж чаддаг. Мэдээж миний нэр гаргахаас гадна Монгол улсын маань нэр илүүтэй гарна. Тэмцээн дуусахад “Монголиас” яаж хагацна аа гэтэл сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг даа.