Балжирын ДОГМИД /Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ/
Олон жилийн тэртээ эмч миний биеийг үзээд “Зүрх чинь тааруухан байна шүү. Анхаараарай! Иймд архи, дарснаас холхон явж, сэтгэлийн хөөрөл бухимдлаа дарж амгалан тайван аж төрөхийг хичээх цаг болжээ. Хэд хоног амьд явья гэвэл нөгөө зохиолч, уран бүтээлчийн романтик зангаа татаж эгэл хүмүүний бодь борог амьдарлаар амьдарч, найз нөхдийн хүрээгээ хумих хэрэгтэй гэх маягийн зөвлөгөө өгөх нь тэр. Түүний харцнаас ажихад хайр дурлалын тухай халгиа цалгиатай шүлэг тэрлэх ч хориотой бололтой.
Багадаа би дайн болоосой, Дандар шиг баатар болох юмсан. Арван японы толгой цавчиж алчихаад архи ууж гайхуулах юмсан гэж дайны жилийн хүүхэд насны гэнэн мөрөөдөлтэй хамт эх орон, газар шорооныхоо төлөө цохилж явсан нөгөө гайхамшигтай гал халуун зүрх минь ингэж ганцхан хормын дотор гурил болох юм гэж хэн яахин санахсан билээ. Хайртай, дотно бүхнээсээ хагацсан миний мэтийн амьтны зүрх яахин эрүүл саруул байхав дээ. Архи, дарс уудаг ч гэсэн шүлэг зохиол бичиж өөрийгөө өөд татан, урлаг уран сайхны ертөнцөд орж, гарч явсныхаа буянаар харин ч овоо хэдэн нас насалсан бус уу гэж бодоход тэрэгний хөгшин морь шиг зүтгэн намайг өдий олон жил чирж яваа хөөрхий муу зүрхэндээ баярлахаас өөр яахсан билээ.
Зүүн уул нь зэрэглээтээд байна ай нанай хө хө хө
Зүглээд очсон чинь үгүй лээ байлаа хө хө хө
Зүүдэн нойрондоо хоёулаа байлаа ай нанай хө хө хө
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна хө хө хө
Ийм хатуу, хүтүү зовлонтой шар өдөр, бор хоногийг нулимстайгаа хамт зүрхэн дундуураа урсган унаж, боссон өдий насны эр хүн юуг эс үзэхсэн билээ. Арав алхахгүй амьсгаа бөглөчих гээд айл, саахалтындаа орох нь байтугай гэрээсээ ганцаараа гарахаас ч эмээдэг болов. Хаа нэгэн газар унаад үхчихвэл үр, хүүхэд минь зовно. Энэ олон согтуучуудын нэгэнтэй андуурагдан өөд болсон хойноо эрүүлжүүлэх байранд очиж нүдний булай болж юун магад. Хааяа гадагшаа гарахдаа “нитрогилцерн” гэдэг эм хэлэн доороо тавих. Гурван кг-аас илүү хүнд юм өргөх, өгсүүр өөд газар явах, ширүүн салхины өөдөөс ам, хамраа таглалгүй алхах аюултай гэж эмч нар зөвлөнө. Энэ янзаараа бол агаар амьсгалж, ус уух ч хориотой болох янзтай. Хорвоогийн ус уух хоногийн маань тоо цөөрсөн нь юм бүхнээс илэрхий.
Хөх ногооны будан татаж, хөвчийн модонд хөхөө шувуу донгодохыг сонссон ч ирж яваа цаг биш, буцаж яваа улирал шиг санагдана. Нэг үгээр хэлэхэд үхэл гэдэг үүдэн хоймрын зайд иржээ. Арслантай юу авдарныхаа дотор ороод суусан ч хүн ямар эрлэгийн элчээс нуугдаж чадах биш гэсэн шүү юм бодон яахаа мэдэхгүй арга тасран гэртээ гиюүрэн сууж байсан чинь нэг өдөр “Клиникийн гуравдугаар эмнэлэгийн зүрхний мэс заслын их эмч Дамдинсүрэн намайг яаралтай ир хэмээн утсаар дуудав” . Учрыг нь сайн мэдэлгүй яаран сандран хүрч очвол “Дэлхийн эрүүл мэндийн шугамаар Францын хэсэг эмч нар ирсэн, та тэд нарт үзүүл” гэх нь тэр. Шинжилгээ өгч, үхэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зурж баймаажин оочерт орж, бүдүүн гуяныхаа артерын судсаар дэлэм хэрийн трос шиг урт дурангаар гол судас хийгээд зүрхээ “сэтгүүрдүүлэн” дурандуулах болов. Намайг тэргэн дээр хэвтүүлэн хагалгааны өрөө рүү түрэн оруулах үед Гавьяат жүжигчин дуучин Найдалмааг толгойноос нь бусдыг цагаан даавуугаар бүтээчихсэн өмнөөс түрэн гарч ирэх нь хальт харагдаад өнгөрлөө. Хожим сонсвол зүрхээ сэтгүүрдүүлж, дурандуулна гэдэг бол тийм ч амар хялбар, гар хурууны үзүүрийн ажил биш байсан юмсанжээ. Үйлийн үр нь ирвэл нэг нарийхан судас дотроо хагарахад л ямар ч авралгүйгээр мэс заслын ширээн дээр нүд аних эгзэгтэй шинжилгээ байжээ. Эцэг, дээдсийн минь шүтээн Махгал Таван Гомбо бурхан минь толгой дээр байсан тулдаа л амь аврагдсан гэж боддог. Гэтэл шинжилгээний хариу гарч зүрхний титэм судасны хатуурал, цусан хангамжийн дутагдал гэсэн онош тавигдаж, даруй түргэн Бээжинд очиж хөлийн шилбэний бүдүүн судсаа авахуулж зүрхнийхээ титэм судсыг солиул гэсэн зөвлөгөөг Францын эмч нар өгөв.
Зүрхний титэм судас нарийссан үед эм байтугай мөнхийн ус уусан ч нэмэргүй тул мэс засал хийлгэхээс өөр гарц үгүй ажээ. Сураг сонсвол зөвхөн хагалгааны төлбөр нь ойролцоогоор зуу орчим сая төгрөг бөгөөд үүн дээр хамт яваа хүмүүсийн онгоц, буудал, хоол унд мэтийн бусад зардал, хагалгааны дараах эм тариа, шинжилгээний үнэ, орчуулагчийн хөлсийг нэмбэл багаар бодоход даруй 200 сая төгрөг хэрэгтэй бололтой.
Төгрөгний ханш чанга байх үеийн 200 сая төгрөг гэдэг миний толгойд байтугай ядуухан сумын банкны авдарт багтахааргүй их мөнгө. Ах дүү, үр хүүхдийнхээ орон сууц, машин тэрэг, гялайх цайх бүхнийг үрж зараад, өр зээл хийж байгаад мэс засал хийлгэлээ гэхэд эдгэж, илааршаа ч билүү үгүй ч бил үү хэн мэдлээ.
Үхэх мөрөөрөө үхэхгүй ядарч зутарсан муу сайн ах дүү нараа дэмий нэг хөлдөө чирэн амин зуулгаас нь салгаж, гуйлгачин болгоод цаашаа харвал яах вэ? Ингэвээс арван найман тамын адгийн хар нүхэнд унаж өлсөж, цангах, өвдөж зовохоос ч долоон дор нүгэл болно.
Үүний оронд хажуу хавирганыхаа хүмүүст гай бололгүй, мөрөөрөө явж байгаад нүд анья.
Харин үхэхээсээ өмнө зуслан дээр бариулахаар эхлүүлсэн өвлийн байшингаа яаж ийгээд битүүлж, охиндоо өгөөд дараа нь бурхан хэд хоногийн нас хайрлавал дөчин хэдэн жил бичиж ноороглосон зохиолоо засч редакторлан хэвлэлд бэлтгэе. Хэндээ найдаж ноорог новшоо задгай хэвээр нь үлдээхэв. Хожим хүмүүс учир начирыг нь олохгүй зовно гэж бодоод бага залуугаасаа цоохорлосон бичиг цаасаа онгичин хэд хэдэн номоо хэвлэлд бэлтгэж эхлэв. Охин маань эхээс ганцаараа, нас бага, хань ижилтэй болохын цагтаа үр, хүүхдээ агаар салхинд гаргаг гэхдээ зуслангийн байраа яаралтай бариулж дуусгахын тулд чимх, чимхээр хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө эмчилгээндээ бус байшиндаа зориулав. Үхсний дараа хойт нас, сүнс сүүдэр гэж байдаг нь үнэн юм бол хорин зургаахан насандаа хорвоогоос буцсан хайрт гэргий Отгонбаяртайгаа диваажингийн цэцэрлэгт уулзах ч юм билүү гэсэн горьдлого төрнө. Энэ ертөнц дээр бурхан, буг чөтгөр байдагт би бат нот итгэдэг учраас бурхан хүнийг хэзээ ч хуурахгүй гэж боддог нэгэн. Орой дээрээ залан, шүтэх бишрэх, хүндэтгэж хайрлах юмгүй хүнийг ямар хүн гэх юм бэ. Миний эцэг цөвүүн цагийн босгон дээр шар шувталсан лам хүн. Би өөрөө шашны төв таван ухаанд боловсроогүй ч Монгол Улсын Их Сургуульд оюутан байхдаа талийгаач Гаадан хамбаар Төвөд хэл бичиг заалгаж, эрдэмтэн зохиолч Сэндэнжавын Дулам багшийнхаа амнаас дорно дахин хийгээд Төвөд, Энэтхэгийн бурхан Шиваашидийн сургааль, гүн ухааны зах зухаас сонссон, хүзүүндээ сахиустай амандаа маань мэгзэмтэй хүмүүн учраас, өөрийнхөө зөн совин, зүүд нойрондоо үзсэн харсандаа итгэдэг, түүнийг шинжиж тайлахыг хичээдэг, номыг нь сураагүй ч номхоныг нь сурсан. Сэтгэлийнхээ элдэв ад, дэвийг номхотгож чаддаг нэгэн билээ. Хүн бүхэнд архичин ч бай, хулгайч ч бай аав, ижий хоёр гэдэг амьд бурхан буй бөгөөтөл зарим нэгэн хүн бурхныг их холоос эрээд байдаг нь надад сонин санагддаг. Жишээ нь: Усанд унаад живж үхэх гэж сандарч байгаа хүнийг гараас нь татаж гаргасан ачтан бол яавчиг амьд бурхан мөнөөсөө мөн гэдэгт би итгэдэг. Талын малчны гэрт төрж, малын дэргэд өссөн болоод ч тэр үү алдрай бага наснаасаа бусдын зовлонг хуваалцан нулимс унагаадаг өрөвчхөн хүүхэд байсан учраас ийнхүү миний зүрх оёг өвчтэй болсон ч байж магадгүй гэсэн нэгэн онош өөртөө тавив. Эмчлүүлэх мөнгөгүйгээс үхэхээс өөр аргагүй болсон би бээр өвчнийхөө онош эмчилгээний тухай гэр орныхондоо тодорхой ярьсангүй. Арав алхаж чадахгүй амьсгаа бөглөчих гээд байгаа миний эрүүл мэндийн байдлыг эхнэр маань эмчээс дутуугүй мэдэж байсан ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тул хэрхэн яахсан билээ. Дэмий л сандрахдаа уран бүтээлийн тоглолт хийж хэдэн төгрөг олох тухай ярихад нь би түүнийг нь дэмжээгүй тул нутгийн зөвлөлийн дарга нартай уулзаж, тус дэм үзүүлэхийг гуйсан сураг сонсогдов оо. Хэдэн курс эм уугаад үз. Тэгээд биеийн чинь байдлыг харж байгаад хэрхэхийг шийдье гэж эмч нар хэлсэн. Миний хонгор сандрах хэрэггүй гэвэл эхнэр маань нулимсаа арчин “ Чингис хааны тухай ном бичсэн дэлхийн олон том зохиолчид бүгд үхсэн гэдэг. Манай зохиолчдоос “Мөнх тэнгэрийн хүчин дор болон Чингис хааны нууц түүх зэрэг бүтээл хийсэн Д.Маам, С.Эрдэнэ, Сан.Жаргалсайхан нарын хэд хэдэн хүн өөд болсон. Та Галдан бошигтын тухай “Үхэл ирвээс үл эмээтүгэй”, “Бурхны шувуу”, “Хөх тэнгэрийн зарлиг”, “Үхэх хүнд хань хэрэггүй” зэрэг ихэс, дээдсийн тухай хэдэн хатуу тарни мэт зохиол бичсэнээсээ хойш бие чинь муудсан шүү дээ. Үүнээс хойш, түүнээс цааш битгий тийм бэлгэ дэмбэрэлгүй хачин нэртэй зохиол бичээрэй хэмээн үглэх болов. Хариуд нь би:
- Үхэхээ хүрвэл бичсэн ч үхнэ, бичээгүй ч үхнэ. Бичилгүй үхснээс бичээд үхсэн нь дээр юм биш үү гэвэл эхнэр маань:
- Амь, амьсгаа чинь хоолой дээр чинь тулчаад арга чаргаа барж ядаж байгаа хэрнээ тэс өөр дэмий юм хэлж байх юм. Одоо тоглож суудаг цаг биш ээ. Ерөөсөө бөхийн өргөөнд хандивийн тоглолт хийе гэв.
- Хорин мянган төгрөгөөр билетээ зарсан ч хоёр мянган хүний суудалтай бөхийн өргөөг дүүргэнэ гэдэг амаргүй. Нар, цаг хоёр наашаа эргэлээ. Юу ч гэсэн хавар болж шувуу ирэг. Хүний сэтгэл, малын зоо хоёр тэнийсэн тэр урин дулаан цагт миний зүрх эрх биш засрах байлгүй гэвэл эхнэр маань:
- Та юун гэнэн, хүүхэд шиг юм яриад байгаа юм бэ, шувууд ирэхийг хүлээх ямар хэрэг байна. Тэд танд зүрхний эм тан авчирч өгөхгүй шүү дээ…
- Эм авчирч өгөхгүй ч гэсэн ирж байгаа цагийн өнгө гэрэл, нарны илч, энерги гэдэг хүний биед эмнээс дутуугүй эрч хүч өгдөг юм. Чи “Хаврын шувууд ирлээ” гэдэг сайхан симфонийг мэднэ биз дээ. Түүнийг сонсохлоор хаврын хөгжим шиг хөх сэрхэрээ салхи сэвэлзэн, нутгийн минь уул ус цэнхэртээд явчихдаг юм хэмээн өвчнийхөө тухай яриаг энэ удаа хавар, шувуу, хөгжим гурваар дүйвүүлэн өнгөрөөв. Дам сонсвол “Номин”-гийн Шагдарсүрэнгийн жолооч хоёр, гурван жилийн өмнө Бээжинд очиж зүрхнийхээ титэм судсыг солиулах мэс засал хийлгээд одоо амьд сэрүүн ажлаа хийгээд явж байгаа тухай Одончимэд над хэлсэн ч би тэр жолоочтой уулзья гэж бодсонгүй. Гэтэл санаандгүй явж байгаад нэг өдөр “Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Сэлэнгээгийн өрөөнд мөнөөхөн Шагдарсүрэнгийн жолоочтой танилцан яриа дэлгэлээ. Тэгсэн чинь мань эр:
- Би үхээд боссон хүн шүү. Муу авгай минь дэргэд байгаагүй бол миний оронд бумбатай үнс чандар л Бээжингээс буцаж ирэх байсан юм гэж яриагаа эхлэв. Хэдэн жил тэргийг нь барьсны буянаар манай Шагдарсүрэн захирал, Номин компани миний эмчилгээний зардлыг дааж, би Бээжингийн төв эмнэлэгт очиж өвчнөөсөө салсан юм. Яг хагалгаа хийх үед тэр ариутгал хийсэн мэс заслын өрөөнд Хятад эмч нар авгайг минь оруулаад дэргэдээ тусгай сандал дээр суулгасан юм билээ. Мэс засал арваад цаг үргэлжлэн зүрхэнд хөлийн минь судсыг тавьж, хагалгаа дууссаны дараа эмч нар орчуулагчаар дамжуулан:
- Одоо танай хүнийг тогоор цохиулна. Хорин тав тоолохын хооронд амь орж зүрх нь ажиллахгүй бол шууд моорог руу явуулна гэж хэлээд цахилгаан бороохой шиг юмаар нэг, хоёр, гурав гэж хорин тав хүртэл тоолон тогоор цохиулсан боловч мэс заслын ширээн дээр байгаа нөхөр нь огт хөдөлсөнгүй. Эмч дамнуургатай сувилагч даруй дуудан ирүүлж үхдлийг моорогт хийхийг тушаахад эхнэр нь эмчийн хөлнөөс зууран дахин тогоор хэд цохиулахыг гуйн хагацлын хар нулимс асгаруулжээ. Эмч “Тогоор цохиулаад одоо нэмэргүй. Наад хүний чинь цус одоо бүлхэрч бүлэгнэчихсэн байгаа гэж ууртайяа хашгиран хэлээд дахин цахилгаан боройхоогоор хэд хэд хүчтэй цохиултал би цочсон мэт сарвагасхийгээд босоод ирэхээс наахнуур хөдөлсөн гэдэг” юм.
Ингэж л би муу авгайнхаа буянаар өнөөдөр агаар амьсгалж орчлонгийн шороо хөдөлгөж яваа хүндээ гэж ярив.
Хавар болж, хэдэн номоо хэвлэлд бэлтгэн редакторлаж, зуслангийн байшин маань дууссан ч зүрх маань миний санасанчлан тэгтлээ сайжирсангүй. Гэтэл нэг шөнө сонин зүүд зүүдлэв. Миний бие ихэд доройтон өвчин маань хүндэрч мухрынхаа жижиг өрөөнд орон дээр адар ширтэн хэвтэж байх юм. Том өрөөнд хүмүүс найрлаж байгаа бололтой шуугилдан архи, тамхины үнэр сэнгэнэн аяга, хундага харшин тулгах бөгөөд тэнд Говийн догшин ноён хутагт Равжаа, зохиолч Жагдалын Лхагва, Төрийн сүлд зурдаг зураач Ойдов, Эрээнцавын яруу найрагч Данзангийн Нямсүрэн тэргүүтэй олон хүмүүс архинд нилээд халж согтсон бололтой дуу нь өндөр нам болон шүлэг унших дуулдана.
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээн цавд бороо орох сайхан…
Миний орны өмнөх явган ширээн дээр уухгүйг нь мэдсээр байж бурхны тахил адил ганц хундага архи тавьсан нь талийгаачийн зурагны өмнөх идээ будааны дээж мэт ёозгүй харагдана.
Тэдний уншиж байгаа шүлэгний дотроос “ Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан” гэсэн мөр миний чихнээ ертөнц дээр төрсөн хүн гэдэг амьтан сав үүрч, саваа тулсан гуйлгачин ч байсан хорвоогийн наран дор амьд явахын үнэ цэнийг мах цусанд минь шингэтэл мэдрүүлэв. Лхагва опер хоолойгоор:
Алтан гургалдайн хоолойгоор
Алсаас чи минь дуулна
Аялгуут зөөлөн эгшгээрээ
Алаг зүрхийг минь жаргуулсан хэмээн чулуу гүүплэж байгаа юм шиг нүргэлүүлэн дуулна.
-Ноён хутагтыг ирсэн дээр нөхрийнхөө хойтохыг уншуулж, сан тавиулбал яасан юм бэ гэж нэг нь согтуурхан өгүүлэхэд:
-Ноён хутагт : “Чи амьд сэрүүн хүний хойдохыг уншдаг гэж ямар чөтгөрөөсөө дуулаав. Энэ хүн чинь чиний санаснаар үхэхгүй. Битгий эрт баярла гэж хэлэх нь их л тод сонсогдов.
Найр эхэлсэн шигээ гэнэт тарж, ирсэн хүмүүс уван цуван гарав. Ноён хутагт миний өрөөнд орж ирээд, судсыг минь барьж үзсэнээ:
- Бие чинь гайгүй байна. Ирэх сарын хоринд Хамарын хийд дээр хоёулаа уулзья, хоцорч хожимдолгүй очоорой гэж хэлчихээд гараад явчихав. Би түүний зүс царайг харахыг хичээсэн боловч гутлынх нь хоншоор, дээлийнх нь хормойноос бусдыг олж үзсэнгүй.
Өглөө босоод урьд шөнө Равжаа хутагт манайд ирж, дарс таалаад ирэх сарын хоринд Хамарын хийд дээр уулзья гэж болзоо тавиад явлаа гэж авгайдаа хэлбэл:
- Тэр том хүн айл бүхэнд тэр бүр заларч, хүн бүхний зүүдэнд ирдэггүй байлгүй. Дараа сарын хоринд хоёулаа хамт явья гэх нь тэр. Тэр өдрөөс хойш би Хамарын хийд дээр очиж Равжаа хутагтад мөргөхөөр аян замд гарах бэлтгэлээ хийж эхлэв. Хэвлүүлсэн шинэ, хуучин хэдэн номоо цуглуулан, барьж золгох нэг баранзад хадаг, хөөрөг даалин, эм тан, бензин шатахуунаа базаалаа. Энэ үед эхнэр маань Хадгаламж банкны Баянхошуун дахь салбарын өр барагдуулах албанд ажиллаж байсан учир гэрт орох завгүй хоёул, гурвуул айлын хашааны хаалга балбан, харанхуй шөнө ч хамаагүй нохой түгжээ хоёртой нойргүй “байлдаж” явсан үе. Цаг завгүй хүний ажлыг таслуулж, чөлөө гуйгаад яахав гэж бодоод эхнэрээ гэртээ үлдээн ганцаараа оргохоор шийдэн Улаанбаатараас арван наймны өглөө үүр цүүрээр Далай-Сайншанд хот руу хөдлөв. Тэгээд Төв аймгийн Баян сум буюу Мааньт өртөө өнгөрөхийн алдад авгай руугаа утас цохин би замд гараад явж байна гэвэл эхнэрийн маань хоолой зангиран:
- Хүнийг хайрладаггүй та ямар муухай хүн бэ, замд ганцаараа явж байгаад гэнэт бие чинь өвдөж, иймээ тиймээ болвол яах вэ гэж бодсонгүй юу гэхэд нь би:
- Би ямар явган явж байгаа биш, машинаар явж байгаа болохоор амьсгаадна гэж санаа зовох хэрэггүй. Равжаа хутагтын сахиус намайг харж байгаа. Би эмээ зуун километр тутамд хэлэн дороо тавиад дажгүй давхиж явна. Сүлжээ барих газар бүрээс чам руу ярина гэж хэлээд утсаа таслав. Би бурхны авралаар аян замдаа амар мэнд явж Сайншандад ирээд охиныдоо биеэ сувилан алжаал ядаргаагаа тайлж хоёр хоноод яг хорины өглөө Хамарынхаа хийд дээр давхиж очлоо. Өглөө эрт байсан болоод ч тэр үү хийдийн хавиар машин тэрэг ховор, хүмүүс цөөвтөр үзэгдэнэ. Гол цогчин дуганад нь хурал хурж байгаа бололтой хэнгэрэг, цан дуугарах сонсогдоно. Би тэрэгнээсээ бууж, эрхи, хадгаа өвөртлөн гол сүм рүү аажуухан алхаж явтал нэг залуухан гэлэн өмнөөс тосон ирж, сайн явж ирэв үү хэмээн гар барих зуураа таны сүүлд бичсэн нэг хөөрхөн өгүүллэгийг уншиж гялайсан шүү. Гар чинь халуун, бие чинь сайн байгаа юм байна. Би энэ баруун хойшоо Дэмчигийн хийд, Дэлгэрийн хийдээр орох давхар, давхар ажилтай явна… гэх мэтийн зүйлсийг өгүүлэн яриа задгайрах янзтай болоод ирэхийн алдад цогчин дуганад очиж, хурал номд даган баясах гэж яарсан би залуу хүн байж “Юун олон үгтэй гайхал вэ” гэж тээршаан бодох зуураа мөнөөх хуваргын атгасан халуун алганаас гараа бараг суга татан авч, яарсандаа баяртай ч гэж хэлж амжилгүй цаашаа хөлөө зөөн аажуухан алхаж явтал цагаан жийп барьсан мөнөөх ламтан миний хажуугаар гар даллан давхин одов. Тэрэгнийх нь дугаарыг харвал “18… УБТ” гэсэн хэдэн үсэг, тоо тоосон дундаас хальтхан үзэгдэхэд саяын залуу гэлэн чинь эндхийн хүн биш байж ээ гэсэн шүү юм бодоод хоцорлоо. Дуганд орвол даллага авч дуусаад, хуврагууд мандал өргөн “Оройн ерөөл” уншиж байлаа. Би даллаганы сунтагнаас адис аваад залбиран зогсч байтал түрүүчийн сэргэлэн алаг нүд, гоолиг тэгшхэн биетэй, цагаан жийптэй ламтан чинь миний нөгөө уулзахаар зорьж ирсэн ноён хутагт Равжаа маань байсан юм биш үү. Өвчиндөө шаналан санах, сэрэх маань үдээс хойш болсон би их хүнийг танилгүй таван ч үг сольж чадалгүй явуулчихлаа гэж үү гэсэн бодол толгойд гэнэт харван орж ирэв. Тэгээд яаран гарч, тэргээ асаан Хамарын хийдийн хойд хадтай дөрөлж дээр давхин гарвал аймгаас наашхи замд ганц ч машины бараа, тоос харагдсангүй. Тэгээд би аймгийн төвд давхин ирж, замын уулзвар дээр зогсож байгаа цагдаа бүхнээс Улаабаатарын дугаартай цагаан жийп үзэгдсэн эсэхийг лавлан асуусан боловч цөм толгой сэгсрэн сураг хэлэх хүн олдсонгүй. Тэр газраас уулзахаар болзон тэмцэж зүтгэж ирсэн би яагаад түүнийг анзаарсангүй вэ. Аль эсвэл хутагт маань надад өөрийгөө танигдуулахыг бодоогүй юм болов уу. Тэр өдөр би дахин Хамарын хийд орж ноён хутагтын бясалгал хийдэг байсан номын агуйд орж, гаран хоёр цаг хэртээ сууж, эрч энерги хүртэв. Ертөнц авхайн жам ёс, ааш араншингийн тухай олон сайхан шүлэг дуулал зохиосон агуу их Равжаа энэ агуйг оюуныхаа зулаар гэрэлтүүлэн бясалгал хйиж суухдаа орсон гарсан хүмүүний нүгэлийг нимгэлэн, өвчин зовлонгоос нь ангижруулах, нисваанисийн хорлолыг номхотгох Юлха бурхны зүрхэн тарнийг адислаж, аравнайлсан гэдэг. Хариугүй амьсгал хураах гэж байгаа хүнийг гудас дэвсгэртэй нь хамт энэ агуйд авчирч хонуулаад сэхээсэн нэн саяхны түүх ч цөөнгүй байдаг. Би эмчилгээгүй болж, хутганы ирэн дээр очсон алд бие, амь насаа Равжаа хутагтад даатган есөнтэй сөгдөн мөргөөд агуйнаас амьсгаадсаар гарав. Агуйн хажуугийн жалганд ургасан сакурагийн цагаан цэцэг цомирлогоо дэлгэн алаглаж, алсад явган зэрэглээ туналзана. Орхиод үхэхийн аргагүй орчлонгийн хавар зүрхэнд хөгжим болон эгшиглэнэ. Равжаагийн сахиусанд мөргөсөн тэр шөнө миний бие, сэтгэл ариусч их л амар амгалан нойрсжээ. Өглөө босвол санааных ч юм уу цээж уужран хоолой, төвөнхийн дээр бөглөчих гээд байсан төө хүрэхгүй амьсгал маань урт уудам болсон мэт санагдахад гарч орцны явган шатаар дээш доошоо хэдэнтээ алхан өгсөж уруудаж үзвэл үнэхээр бие хөнгөрсөн мэт . Гадаа гараад сая хөлд орж буй хүүхэд адил гудамжаар аажуухан алхаж үзвэл амьсгаадах нь гайгүй ч болсон юм уу гэмээр байлаа. Хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн даруйдаа Шастины гуравдугаар эмнэлэг дээр очиж зүрхний ЭХО-д харуулбал эмч нар анх миний Францчуудад үзүүлэх үеийн архивын зурагтай харьцуулан хараад “Таны зүрхний нарийссан титэм судас бараг эрүүл болчихсон байна” та хаана ямар эмчилгээ хийлгэв, тэр нууцаа бидэнд харамгүй хэлж өгөөч хэмээн гайхацгаалаа. Би Хамарын хийдэд очиж Равжаа хутагтын сахиусанд мөргөж, амь насаа даатгаад ийнхүү ужиг өвчнөөсөө салснаа хэлэв.
Хүн итгэл үнэмшил, сэтгэхүйгээрээ өөрийгөө удирдаж, биеийнхээ оёг өвчнийг илааршуулж эдгэрүүлж болох тухай сэтгэлзүйн онол байдаг. Та их шүтлэгтэй хүн үү гэж зарим хүн надаас асуудаг. Миний шүтлэг, ном гүрэм гэж юу байхсан билээ. Яг үнэнээ хэлэхэд бурхан байдаг гэдэгт л итгэдэг, хуучнаар бол мухар сүжигтэй мунхаг эр. Ноён хутагт Равжааг шүтэж, шүлэг зохиолыг нь уншдаг, түүний тухай “Догшин хутагтын сахиус”, “Чонын дурлал буюу оосор бүчгүй орчлон” гэсэн хоёр кино зохиол бичиж дэлгэцэнд гарган олны мэлмий, сонорт хүргэснээс өөр хэлэх гавьтай юм ховорхон ийм л нэгэн хүн. Хэрхэн яаж өвчнөөсөө салсан тухай энэ бяцхан “үлгэр” –ээ нэг удаа өөрийн танил нэг том эрдэмтэнд итгээд ярьсан чинь “Энэ зохиолчид гэдэг улс дандаа хүн үнэмшихийн аргагүй элдвийн юм зохиох юм” гэж урмыг маань хугалсан. Түүнээс хойш би энэ тухай хүнд ам ангайхаа больсон.
Миний үнэн, худал хэлсний алин болохыг “Гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн компьютерт хадгалагдаж буй архивын зураг болон Лхагвасүрэн, Дамдинсүрэн гэдэг хоёр их эмч гэрчилнэ буй заа.
Хэн хүн үнэмшиж итгэхэд төвөгтэй юмыг яах гэж бичээд байгаа юм бэ гэж зарим нь бодож магадгүй ээ.
Тэгвэл энэ хорвоо дээр бидний тэр бүр мэддэггүй мөртлөө мэдүүштэй, ядарсан сандарсан үед аминд орох шинжлэх ухаан ч тайлж тайлбарлаж чадахгүй олон юм байдаг юм шүү гэдгийг энэ бяцхан өгүүлэл мэтээрээ эрхэм мэргэн уншигч танаа хэлэх гэсэн юм.
Сарны гэрэлд шүлэг тэрлэхэд нь
Сакурагийн цагаан цэцэг дэлгэрдэг
Равжаа хутагтын оюуны зул нь
Арван тавны саран ч юм уу даа
“Үлэмжийн чанар”-ыг хуурданхан хурайланхан суухад
Үүл нь гарч бороо шивэрдэг
Равжаа хутагтын нутаг нь хө
Ар Халхын Утай, Гүмбэн ч юм уу даа …
2016 оны 1-р сарын 13
Улаанбаатар хот