Монголын сайтын холбооны зүгээс 2017 оныг “Хариуцлагатай, ёс зүйтэй, оюуны бүтээлийн зөрчилгүй” жил болгож залгасан. Энэ хүрээнд ээлжит сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаад гуравдахь сургалтаа “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдвээр “Глоб интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэхүү сургалтанд НҮБ-ийн гол төлөөлөгчид, Юнискогийн үндэсний комиссын нарийн бичгийн дарга нар оролцож байгаагаараа онцлог юм. Сургалтанд 60 гаруй байгууллагын 70-аад төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Монголын сайтын холбооны хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэгтэй ярилцлаа.
-Өнөөдрийн сургалт, арга хэмжээний зорилго юунд оршиж байна. Үр дүнг хэрхэн харж байна?
-1993 онд НҮБ-аас санаачлан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон. Энэ өдрөөс хойш 24 жил өнгөрч байна. Гэвч Тавдугаар сарын 3-ний өдөр болохоор л хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө маань хаана байна вэ гэж ярьцгаадаг болжээ. Гэтэл өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө юу вэ гэдгийг иргэд төдийлөн сайн ойлгож мэдэхгүй байна. Хэн нэгэн сэтгүүлч өөртөө эрх мэдэл авах гээд байгаа юм шиг ойлгоод байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгүүлчдэд эрх чөлөө гэж байхгүй. Сэтгүүлч ажлаа хийгээд л явж байгаа. Харин тухайн сэтгүүлч ажлаа ямар нэгэн дарамт шахалтгүй хийхийг л хүсч байдаг. Үүний цаана ард түмний мэдээ мэдээлэл олж авах тэр эрх чөлөө л байгаа юм. Тэгэхээр иргэд маань хэвлэлийн эрх чөлөөг хэн нэгэн сэтгүүлчийн эрх чөлөө гэж ойлгоод байгаа нь харамсалтай. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг хүний эрх чөлөө юм. Энэ талаас нь харж НҮБ, Юнискогоос оролцож байгаад миний хувьд баяртай байна.
-Сэтгүүлч хардах эрхтэй л гэдгээс үүнийг нь батлах хууль байдаггүй. Ийм байхад хэвлэлийн эрх чөлөө гэж байх уу?
-Монголд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж бий. Үүнээс гадна сэтгүүлчийн үйл ажиллагааг хориглосон гуравдахь хууль үндсэндээ гарах гэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн гуравдугаар заалтыг Эрүүгийн хуультай хольж байгаад сэтгүүлчдэд өндөр хэмжээний торгууль ногдуулдаг механизмийг шүүх, хуулийн байгууллага ашиглаад явж байгаа. Мөн Зөрчлийн тухай хууль гээд гараад ирж байна. Хууль эрхзүйн талаас ийм хаагдмал байгаа нөхцөлд сэтгүүлчид хариуцлагатай байх ёстой. Бидний алдаа бол биднийг боймлох үдээс, боолт болчихоод байгаа юм. Тиймээс бид өөрсдөө хариуцлага, ёсзүйтэй байх ёстой гэдэг талаас нь сэтгүүлчдэдээ ийм цуврал сурвалжлага явуулж байгаа юм.
-Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэх” заалт нийгмийг хамарсан асуудал болоод байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Би нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байгаа. Гүтгэх гэдгийг сэтгүүлчид эсэргүүцэхээр зарим хүмүүс та нар гүтгэж байгаагаа баталгаажуулах гэж байгаа юм уу гэж мушгиад байна. Гэтэл тийм биш. Одоо энэ хууль энэ чигээрээ батлагдлаа гэхэд, дараа нь хэн нэгэн хүн хэвлэлийн хурал хийгээд манай байгууллага дээр ийм зөрчил байна. Энд хүний эрх зөрчигдөөд байна гэж ярихад өнөөх байгууллагынх нь дарга түүнийг намайг гүтгэсэн гэж 10 сая төгрөгөөр торгуулиад, түүний хэлсэнийг нийтэлсэн хэвлэл мэдээллийнхнийг 100 саяар торгуулаад, тэгээд гүтгэсэн эсэхийг нь зүгээр нэг цагдаа “Дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцож торгож байгаа мэт” торгуулийн хуудас бичээд явах механизм үйлчлэх гээд байна. Түүнээс биш би гүтгэнэ гэж ярьж байгаа юм биш шүү дээ. Үүнийг мушгин гуйвуулж болохгүй. Энэ бол зүгээр л хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгох асуудал биш. Эцсийн дүндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн эрхийг хамгаалах л тэмцэл юм.
Шүүмжилснийх нь төлөө гүтгэлээ гээд л торгоод байвал хэн ч үг хэлж чадахаа болино. Үүний цаана эрх баригч, эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирлах орон зайг бий болгож өгөх юм. Үүнээс л бид айж байна.
Д.Дуулим