Гэнэт ард “Хүүе цаана чинь алиалагч”, “Алиалагч ах аа, зогсоорой хамт зурагаа авахуулъя л даа” гэх хүүхдийн дуу цангинав. Эргэж хартал нээрээ алаг малгайгаа хэлтгий тавьсан марзан алиалагч гүйж явна. Хаа нэг тийш яарч яваа бололтой. Гэсэн ч зурагаа авахуулахаас татгалзсангүй. Би ч бас “Алиалагч ах аа, цөөхөн асуултад хариулт өгөөч” гээд зүтгэчихлээ. Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү, алиалагч Л.Нурбулан бидний асуултад ингэж хариуллаа.
–Сайн явж байна уу, алиалагч аа. Ажил ихтэй байна уу?
-Сайн явж байна аа. Цас мөсний орноос өвгөн ааваасаа түрүүлээд та нарыг хөгжөөхөөр нисээд ирлээ /инээв/. Ажил их ээ. Олон цэцэрлэг, сургууль урилга ирүүлсэн. Хотын түгжрэлд тэр болгонд хүрч очих амаргүй. Хувцсаа сольж, нүүрээ ч будах завгүй харайлгаж явна /инээв/.
–Бяцхан үзэгчиддээ ямар бэлэг барих гэж байна?
– Хүүхдүүдийн хамгийн дуртай илбийн үзүүлбэр, жонглёр, дуу, шүлгээр богцоо дүүргэсэн. Дээр нь инээд+инээд+инээд байхыг бодож хүүхдэд зориулсан хошин гараанууд бэлдсэн.
–Нээрэн хүүхэд байхад алиалагчийг өвлийн өвөөгийн хүү нь гэж боддогсон. Та юу гэж боддог байв?
-Би ч гэсэн тэгж л боддог байсан. Өвлийн өвөө тэнгэрийн орноос Хавтгай, Шонхор гэдэг хоёр хүүгээ чарган дээрээ суулгаад ирж гэж итгэнэ. Аавыг алиалагчийн хувцсаа өмсөөд биднийг хөгжөөхөд танихгүй “Алиалагч ах аа, таны гэр хаана байдаг вэ” гэж асуудаг байлаа.
–Өөрөө алиалагч болчихоор юу бодогдох юм бэ?
-Би айлын бага хүү, бүрэг хүүхэд байлаа. Хүн инээлгэх чинь хэцүү шүү дээ. Анх хүмүүсийг инээлгэх нь бүү хэл өөрөө уйлж явсан удаатай.
–Яагаад?
-Анх алиалагч болох гэж оролдож явахад дөр суугаагүй, туршлага муутай. Нэг цэцэрлэгт алиалагчаар уригдаж очтол хүүхдүүд инээх биш айгаад уйлчихлаа. Хөөгдөх шахам гарсан. Асууж, зөвлөгөө авах ч хүнгүй, “Аав минь байсан бол” гэж бодогдоод өөрийн эрхгүй нулимс урсч байсан. Сүүлд өөрийгөө бас ч гэж алиалагч болчихлоо гэж бодсон өдрөө аавынхаа алиалагчийн хувцсыг өмсөөд үсрээд гартал юм оёж суусан ээж минь инээснээ дараа нь зөндөө уйлж байсан даа.
–Одоо архаг алиалагч болсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. СУИС-ийн жүжигчний ангиа Л.Чаминчулуун, Н.Ганхуяг багш нарынхаа удирдлагад төгссөн. Жүжигчин Р.Алтансүх /Аси/ багшаасаа их юм сурсан. Багш нарынхаа заасан болгоныг бодит болгон эрдэнээр бол зүлгэж өнгөлж явна. Хүүхдүүдийн үсэглэлийн баяр, шинэ жил, төрсөн өдөрт уригддаг. Тэдний хамгийн хайртай зочин нь болсон.
–Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?
-Өнгөрсөн зун ӨМӨЗО-ы интертаймент компанийн урилгаар тоглолт хийгээд ирсэн. “Сайн найз аа”, “Баян төмөр /АТМ/ очоод зоос аваад ирье. Тоглолт үзнэ шүү” гээд намайг найрсаг угтсан. Сая Хөвсгөл аймгийн Мөрөн хот, зарим суманд тоглоод ирлээ. Он гаруут ОХУ руу аялан тоглохоор багаа бэлдэж байна. Энэ сарын 23, 24-нд Улаанбаатар чуулга дээр “Хандгай” театрынхаа хоёр дахь бие даасан тоглолтыг хийх гэж байна. Энэ дашрамд бяцхан үзэгчдээ уръя.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин