“Тэмдэглэл” булангийн маань зочноор “Фантастик” продакшны жүжигчин Эрдэнэ-Очирын Одбаяр уригдлаа. Түүний тоглосон шинэ уран бүтээл “Параллель ертөнц” уран сайхны кино энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна.
“Параллель ертөнц” кино түүний тоглож байгаа анхны инээдмийн уран сайхны кино гэдгээрээ онцлогтой. Хөдөлмөрч, авьяаслаг залуу уран бүтээлчийн тоглосон дүр бүхэн үзэгчдээс өндөр үнэлгээ авах болсон. Хошин урлагт ажиллаж байсан түүнийг “Параллель ертөнц” кинонд түүнийг ямар дүрд тоглосон нь олон хүний сонирхлыг татаж байна. Трейлэр цацагдсан цагаасаа эхлээд залуусын дунд ам дамжигдан яригдсаар байгаа “Параллель ертөнц” уран сайхны киноны тухай түүнтэй ярилцахаас гадна хувь хүнийх нь дотоод сэтгэлийг уудлан уншигч танд хүргэхийг зорилоо.
- Сайн байна уу? Шинэ уран бүтээлийнх нь нээлт болох гээд завгүй байгаа ч гэсэн миний урилгыг хүлээн хүлээн авсанд баярлалаа…
Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа. Миний ярилцлагыг унших хүн бүрт энэ өдрийн мэнд хүргэе.
- Өөрөө өмнө инээдмийн кинонд тоглож байгаагүй санагдаж байна. Фэнтези комеди жанрын “Параллель ертөнц” кинонд тоглоход ямар байсан бэ? Өмнө нь хошин урлагт байсан болохоор инээдмийн кинонд тоглоход дөхөм байсан уу?
“Параллель ертөнц” уран сайхны кино бол миний тоглосон зургаа дахь дэлгэцийн уран бүтээл. Энэхүү инээдмийн уран сайхны кинонд би туслах дүр болох Анарын дүрд тоглосон. Өмнөх 5 уран бүтээлийн ардаас анх удаа инээдмийн кинонд тоглосон нь “Параллель ертөнц” УСК болж байна. Хошин урлагт байсан хэдий ч надад инээдмийн кинонд тоглоход яагаад ч юм эвгүй байсан. “Параллель ертөнц” киноны өмнө түүхэн 2 кинонд тоглосон болохоор ч тэр юм уу, би өөрөөр ямар байж болох уу гээд их хичээчихсэн юм болов уу. Гэхдээ зүгээр л дээ. Туслах дүрд тоглосон ч гэсэн би маш их юм сурсан.
- “Параллель ертөнц” кинонд тоглохоос гадна арын албаны ажилд гар бие оролцсон гэж сонссон. Жүжигчин Э.Одбаяр тоглох дүрүүддээ их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. “Параллель ертөнц” кино сэтгэлийг нь татсан болохоор тоглосон байх гэж бодож байна…
Өнгөрсөн жил Ц.Амартүвшин ах “1991 оны тухай, мелодрам киноны багшийн дүр байна. Тэр дүр дээр чамайг харчихсан байгаа шүү” гэсэн. Тэгээд надад зохиолоо ярихад нь нэг их таалагдаагүй. Цаасан дээр буухаар нь уншаад үзье гээд л орхисон. Дараа нь “Чиний нөгөө багшийн дүр бүр гоё болчихсон. Жоохон зохиолоо янзлаад чамд уншуулна аа” гэсэн. Би ч хажуугаар нь ажлуудаа хийгээд явж л байсан. Тэгсэн Ц. Амартүвшин ах “Нөгөө кино чинь больчихлоо. Шал өөр кино хийхээр болсон” гээд санааг нь ярьж өгсөн. Надад бусад инээдмийн кинонуудаас жанр нь их өөр сонирхолтой санагдсан учраас энэ кинонд тоглосон. “Параллель ертөнц” киноны зохиол бичигдэж үйл явдлын дараалал цаасан дээр буух гэх мэт бүх зүйл дээр нь кино багийнхантай хамт ажиллаж байсан. Дүрийн хувьд кино зохиол гараад дүр хуваарилалт хийгдэхэд Анарын дүрд тоглохоор болсон. Миний дүр надад маш их таалагдсан болохоор энэ кинонд тоглосон. “Параллель ертөнц” киноны жанр бусад уран бүтээлүүдээс их өөр, гоё учраас үзэгчдэд, тэр дундаа орчин цагийн залууст их таалагдана гэж бодож байна.
- Дүрдээ тоглохоос гадна кино багт үүрэг хүлээж байсан гэсэн үг үү?
Тийм ээ. Би “Параллель ертөнц” кинонд тоглосноос гадна арын албанд талбайн зохион байгуулагчаар ажилласан. Зураг авалт эхлэхэд хамгийн түрүүнд би байх ёстой. Зураг авалт дуусахад бүх юмаа хариуцаж хүлээлгэж өгдөг байсан. Талбайн зохион байгуулагч хийх хэцүү юм байна лээ. Бүх юманд оролцож холбогддог. Өмнөх уран бүтээлүүд дээр би зөвхөн “Дүрдээ яаж сайн тоглох вэ” гэдэг дээр л анхаардаг байсан. “Параллель ертөнц” киноны хувьд дүрдээ анхаарахаас гадна баг бүрэлдэхүүний ажлыг залж удирдах, хурдтай ажиллуулах, зургийн талбайг ашигтай байрлалаар зохион байгуулах, асуудал үүсвэл зөвөөр шийдвэрлэх нь миний ажил байсан. Мөн хажуугаар нь жүжиглэж дүр дээрээ ажиллана. Тэр утгаараа маш их юмыг сурсан. Хэцүү байсан гээд байгаа маань дүр талаасаа биш ажиллагаа талаасаа гэж ойлгож болно.
- “Параллель ертөнц” кино үзэгчдэд яг юуг ойлгуулах вэ? Уран бүтээл бүхэн цаагуураа нэг зүйлийг илэрхийлж байдаг шүү дээ…
Манай киноны гол дүрийн залуу өчүүхэн амжилтандаа бардсан, гэр бүл, найз нөхдөө үл тоодог, өөрийгөө бусдаас илүүд үздэг, амьдралын зорилго байхгүй, хүсэл эрмэлзэлгүй хүн. Тэр хүний амьдрал кино төгсөхөд орвонгоороо өөрчлөгддөг. Хэрхэн өөрчлөгдөхийг үзэгчид маань үзээд ойлгох байх. Нийгэмд “Параллель ертөнц” киноны гол дүрийн залуу шиг амьдардаг залуучууд их байдаг шиг санагддаг. Залуучууд киног маань үзээд амьдралдаа зорилготой, хүн чанартай, бусдыг хайрлаж энэрдэг байх хэрэгтэйг ойлгоно гэж бодож байна. Илэрхийлэх гэсэн санаа маш их байгаа. Тэр болгоныг дурдаад яахав. /Инээв/
- Жүжигчин Э.Одбаярыг ажиглаад байхад даацтай хэдэн уран бүтээл дээр л тоглосон байдаг. Юм бүхэнд оролцоод байдаггүй, хийнэ гэснээ л хийдэг, дотроо бодолтой, хүрэх газраа тодорхойлчихсон уран бүтээлч шиг санагддаг…
Юм болгонд салбаганаад байя гэж боддоггүй юм аа. Үнийн санал нь өндөр байсан ч гэсэн санал тавьсан кино, реклам сурталчилгаа бүрт тоглодоггүй.
Миний хувьд ямар уран бүтээлд, ямар дүр дээр ажиллах нь чухал.Тэрнээс юу авах нь чухал биш.
Дуудсан болгон дээр очоод байх хэцүү шүү дээ. Тийм учраас хийе гэснээ хийж чанартай уран бүтээлүүд дээр ажиллахыг зорьдог.Тоглох гэж байгаа уран бүтээлийнхээ илэрхийлэх санаа, цар хүрээ, баг хамт олон, бусад тоглох жүжигчид, хэн хийж байгааг чухалчилдаг.
- Гэхдээ тэр уран бүтээлүүд ганцхан “Фантастик” продакшнаар хязгаарлагддаггүй биз дээ?
Үгүй ээ, хязгаарлагдахгүй. Өөр бусад уран бүтээлчид сайн зохиолтой, сайхан уран бүтээлд оролцох санал тавих юм бол дуртай хүлээж авдаг. Жишээ нь сүүлд би Үргээлэг-2 кинонд туслах дүр дээр ажилласан. Надад их сайхан санагдаж байсан. Ямар уран бүтээлд тоглох нь миний л шийдэх асуудал. Гэхдээ мэдээж “Фантастик” продакшнаасаа зөвшөөрөл авна, санал бодлоо солилцоно.
- Э.Одбаяр “Шинэ үе” продакшнд байж байгаад гэнэтхэн “Фантастик” продакшны уран бүтээлд тоглоод гараад ирсэн. Хэн ч тийм зүйл болно гэж төсөөлөөгүй байх…
Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг бие биесээ олно гэдэг нь л байх даа. /Инээв/ “Шинэ үе” продакшнаас гарснаас хойш дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглох болсон. “Шинэ” үе продакшнд оюутан байхаасаа бүжигчнээс бүжиг дэглээч, үндсэн жүжигчин болж 5 жил ажиллаж байсан. “Маш нууц” уран сайхны кинонд “Шинэ үе” продакшнд байхдаа тоглосон. Тэрнээс өмнө “Фантастик”-ийн ах нараа таньдаг байсан. Тэгээд ах нар маань “Бид нар Европ явах гэж байгаа. Тэнд хэлээ сайжруулангаа киноныхоо зохиолууд дээр ажиллана. Бид нарыг дагаж явья гэсэн олон уран бүтээлчид байгаа. Гэхдээ бид нар яг наймуулаа л явна. Хэрвээ чи хүсэх юм бол бид нартай хамт явж болно оо” гэсэн.
Тэндээс л бүх юм эхэлсэн дээ. Миний хувьд явж сурах нь зөв юм байна. Хошин урлагийн тайзнаас илүү дэлгэцийн уран бүтээл дээр ажиллах нь надад тохирох юм байна гэж бодсон. Намайг хүн харж инээхээс илүү дэлгэцийн уран бүтээл дээр харвал арай дээр юм болов уу гэж бодсон. Тэгээд “Фантастик”-ийнхаа ах нартайгаа нийлээд сурахаар явсан. Явж ирээд 2 түүхэн кинон дээр ажиллалаа. Араас нь “F Studio”-ийн “Параллель ертөнц” уран сайхны кинонд тоглолоо.
- Э. Одбаярын хувьд ямар алсын харааг харж жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
Би ямар ч алсыг хараагүй. Би хүсэл мөрөөдлөө л дагасан. Дургүй ажлаа хийдэг хүн болмооргүй байсан. Жишээ нь: Би хэзээ ч оффист цагт баригдаж ажиллаж чадахгүй. Гэхдээ хүн хүний хувьд өөр ш дээ. Миний хувьд дуртай цагтаа, дуртай юмаа хийгээд аз жаргалтай амьдрахын тулд жүжигчин болсон. Мөн би нэлээн хэдэн удаа “Чи юу хийж чадах уу?, Би юу хийвэл аз жаргалтай амьдрах юм бэ?, Юу хийвэл сэтгэл хангалуун амьдрах юм бэ?” гэж өөрөөсөө асуусан. Би маш олон юм чадахгүй байсан л даа. Гэхдээ би урлагийн хүн болж чадах юм шиг санагдсан. Өөрөө дуртай учраас чадах гэж хичээе гэж бодсон.
- “Параллель ертөнц” киноны гол дүрд тоглосон жүжигчин У.Цогтбаяр өөрийн тань багын найз шүү дээ. Хамт уран бүтээл дээр ажиллахад их сайхан байсан байх…
“Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаяр бид хоёр Кино Урлагийн Дээд Сургуулийг жүжигчний мэргэжлээр нэг ангид суралцаж төгссөн. Бид хоёр 15,16 жил найзалж байна. Дархан хотод жүжигчин болно гэж багадаа нийлээд 10 жилээ зэрэг төгссөн. Тэгээд хамтдаа жүжигчин болох гэж хөтлөлцөөд Улаанбаатар хотод ирж байлаа. Багадаа сургуулийн урлагийн үзлэг, Дарханд урлагтай холбоотой юу л болно тэр бүхэнд бид 2 оролцдог байсан. СУИС-д орно гэсэн мөрөөдөлтэй байсан ч миний хувьд КУДС-д П.Цэрэндагва багш багшилж байсан болохоор СУИС-д орохоо больсон.
Тэр хүний шавь болох юм бол их зүйл сурах юм шиг санагдаад сэтгэлээ дагаад КУДС-д орсон. Тэгээд би Цогоод КУДС-т шалгалт өглөө гэхэд “ Тэгвэл би ч гэсэн СУИС-д орохоо болилоо. Хоёулаа цуг КУДС-д орьё” гээд хамт орсон. 14,15 настайгаасаа хойш мөрөөдөл нэгтэй найзлаад өдий хүртэл явж байна даа. Би “Параллель ертөнц” кинонд найзыгаа тоглосонд их баяртай байгаа. Бид нар зохиолынхоо үйл явдлын дарааллыг гаргаад дүрүүдийн сонголтоо хийж байхдаа гол дүр дээр Б.Барслхагва ахыг дуу нэгтэй сонгосон. Харин сүнсэн дээр хэнийг сонгох вэ гэж удаан ярилцсан. Сонгож чадахгүй их удсан л даа. Тэгээд би У.Цогтбаяр найзыгаа санал болгосон.
Цогтоо бид 2 нэг уран бүтээл дээр хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөө байсан. Тэрэндээ ч тэр юм уу, У.Цогтбаяр найзыгаа энэ кинонд тоглуулахыг хүссэн. Цогтоо маань ч гол дүрдээ их сайн тоглосон.
- Э.Одбаярын хувьд ирээдүйд бусдад ямраар дурсагдах жүжигчин байхыг хүсдэг вэ?
Үзэгчдийн сэтгэлд мөнхрөх дүрүүдэд тоглосон, үеийн үед дурсагдах уран бүтээлүүдийг гаргасан, нийгэмд сайн сайхныг уриалсан өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай сайн уран бүтээлч, сайн жүжигчин байхыг хүсдэг.
- Тэгвэл өөрийн тань сайн уран бүтээлч, сайн жүжигчнийг тодорхойлбол…?
Өгөгдсөн нөхцөлд үнэн амьдардаг, хариуцлагатай хүнийг сайн уран бүтээлч гэхийн болов уу… Ямар ч үед бэлэн байдаг. Жишээ нь: Надад ямар ч уран бүтээлийн санал ирж болно. Ямар ч дүр оногдож болно. Би тэр оногдох дүрд бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд бэлэн л байх ёстой. Үүнийг дагаад мэдээж хариуцлага дагалдана. Дээр нь уран бүтээлч хүн учраас бусдад зөв үлгэр дууриалал үзүүлдэг, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх хэрэгтэй гэж боддог.
- Шинэ аав гэртээ хэр их цаг зарцуулж байна вэ? Энэ их ажлын хажуугаар цаг зориулж чадаж байна уу?
Шинэ аав чадах чинээгээрээ гэртээ цаг гаргахыг хичээж байгаа./Инээв/ Уран бүтээлийн ажилгүй, зураг авалтгүй л бол байнга гэртээ байгаа. Хэзээ сүүлд найзуудтайгаа уулзаж сууснаа, хэзээ зааланд тоглосноо бараг мартчихжээ. /Инээв/ Бүх л цагаа хүүдээ, гэргийдээ зориулахыг хичээдэг дээ.
- Эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлээд их өөрчлөгддөг. Хөөрхөн бүсгүйгээс биеэрээ мэдэрч “Ээж” хэмээх алдрыг хүртдэг болохоор арга ч үгүй юм. Харин эрэгтэй хүн “Аав” болохоороо яг яаж өөрчлөгддөг юм байна вэ?
Шал өөр болдог юм байна лээ. Их л зөөлхөн болдог юм байна даа. Зөөлхөн болохоос гадна маш их хариуцлагатай болдог юм байна. Алдах эрхгүй, өвдөх эрхгүй… Би хүүгээ төрөхөөс өмнө хурдтай жолоо барих гээд байдаг байсан. Одоо би маш зөөлөн жолоо барьдаг болсон. Ямар нэг байдлаар аваар осол гараад би гэмтчихвэл миний хүүг, гэр бүлийг маань хэн тэжээх юм бэ гэж бодох болсон. Аав болоод ер нь л алхам тутамдаа үүрэг хариуцлагаа ухамсарладаг болсон доо.
- Өөрийн тань хэлсэн гадна талын ерөнхий хариултууд шиг санагдлаа. Тэгвэл дотоод мөн чанараасаа яаж өөрчлөгдсөн бэ?
Тийм ээ. Дотоод сэтгэлийн хувьд эмэгтэй хүнийг их ойлгодог болсон. Би эхнэрээ амаржихад өөрөө саналаараа цуг орж байсан. Тийм ч болохоор тэр үү, эмэгтэй хүнийг өмнөхөөсөө илүү хайрладаг болсон.
- Ихэнх эрчүүд цуг орохоосоо татгалздаг юм байна лээ…
Бүүр айдаг юм байна лээ. /Инээв/ Намайг эхнэрээ амаржихад цуг орсон гэхэд манай бүх найзууд итгээгүй. Эхнэрээ олон цаг өвдөхөд хажуунаас нь холдолгүй яг дэргэд нь байсан. Би хамт байх ёстой гэж бодсон. Дараагийн хүүхдээ төрөхөд ч дэргэд нь байх болно. Яагаад вэ гэхээр өрөөний гадна юу болж байгаа бол гэж зовж байснаас хамт жаргал, зовлон, өвдөлтийг нь хуваалцаад байж байсан нь дээр. Баруун гуяыг нь тэврээд, яаж дүлэхийг нь зааж, хүүгээ өлгийдөж аваад хүйг нь таслаад амаржиж байхыг нь харчихсан учраас эмэгтэй хүнийг маш ихээр хайрладаг юм байна лээ.
- Гэргий нь их баярладаг байх даа…
Эхнэр маань “Тэр үед чи хажууд чи байгаагүй бол бүр л хэцүү байх байсан байх” гэдэг юм. Манай эхнэрийг амаржих үед 5 эмэгтэй эмч байсан. Тэгсэн манай хадам талынхан “Энэ дотор эрэгтэй эмч байгаа юм уу?” гэж асуусан гэсэн. /Инээв/ Би дотор нь эхнэртээ заагаад их л чанга ярьсан юм шиг байгаа юм. Бид 2 төрөхийн өмнөх олон сургалтанд суусан. Хүүхэд төрөх үед яах уу, аав нь яах ёстой, төрөх үед хэрхэн амьсгаагаа зөв авах уу гэх мэт олон зүйлийг заалгасан. Эмэгтэй хүн төрөх үедээ 3 төрлийн амьсгаа авдаг байх жишээний. Тэр бүрийг эр нөхөр нь мэдэж эхнэртээ сануулж, дэм болох үүднээс төрөхөд нь хамт байсан нь зөв гэж боддог.
Хүнээр хүн хийнэ гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Эмэгтэй хүн их ачааллыг нуруундаа үүрдэг. Тийм учраас эмэгтэй хүнийг ганцаардуулж, бүх ачааг нуруунд нь үүрүүлж болохгүй…
- Өөрөө ээжтэйгээ их дотно шүү дээ. Ээжийгээ хүндэлдэг, хайрладаг эрчүүд эхнэрээ чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг гэж би боддог…
Тийм ээ, ээжтэйгээ маш дотно. Гэр бүлтэй болохоосоо өмнө ээждээ их цаг зарцуулж зав л гарвал болзоонд явдаг байсан. Миний фэйсбүүк дээр ээжтэйгээ болзож байхдаа авахуулсан сэлфиенүүд их байгаа. Аав маань ээжийг арай эрт орхиод явчихсан гэж боддог. Бурхан болоод 5 жил болж байна. Тэрнээс хойш ээж маань ганцаараа болсон. Мэдээж хамт олон, найз нөхөд байгаа ч гэсэн байнга цуг байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор цаг гаргах ёстой хүн нь би өөрийгөө гэж боддог. Аав маань тэнгэрээс хараад баярладаг байх гэж боддог… Би дээрээ 2 эгчтэй. Ер нь эмэгтэй хүмүүстэй ойр өссөн болохоор их зөөлөн болчихдог юм шиг байна. Одоо манай ээж ганц ачаа харчихсан “Нугас нь тас шүү дээ” /Инээв/
- Саяхан л аав болсон болохоос биш өрх гэрийнхээ хувьд аавын үүргийг гүйцэтгээд 5 жил болж байгаа юм байна шүү дээ…
Нэг талаараа тийм ээ. Саяхан л яг “Аав” нэртэй болсон болохоос аавыгаа алдсанаас хойш гэрийнхээ 3 эмэгтэйд аавын оронд “аав” болж гэрийн эзний үүрэг хүлээсэн. /Санаа алдав/
- Аав нь ямар хүн байсан бэ? Эцгийнхээ нэрийг уран бүтээл бүрээрээ өндөрт өргөж яваа таниар их бахархаж байна…
Маш их баярлалаа. Манай аав уурхайн карьерчин хүн байсан. Биеийн байдлаасаа хамаараад сүүлдээ үндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй болоод хувиараа ажил эрхэлдэг болсон.
- Урлагийн хүн болно гэхэд аав нь яаж хүлээж авч байсан бэ?
Манай аав “Чи юу хиймээр байна. Тэрийгээ л хий” гэдэг байсан. Тэрэнд нь маш их баярладаг. Магадгүй аав маань урлагийн хүн болоход дургүй байсан бол би өөр мэргэжилтэй хүн болох байсан байх. Намайг их дэмждэг байсан. Аав маань “Чи юу хийж чадахаар байна, юунаас кайф мэдрэхээр байна, юу хиймээр байна, чиний хүсэл мөрөөдлийг юу хөтөлж байна, чи ямар хүн болмоор байна гэж өөрөөсөө эхлээд асуу. Тэгээд хариултаа дага. Чиний амьдралыг аав ээж нь зааж тийм хүн бол гэж тулгахгүй” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Өөрөө өөрөөсөө асуусан хариултаа олоод би аавдаа “ Би уран бүтээлч хүн болмоор байна” гэсэн өөдөөс “Чи чадах уу?” гэхэд нь “Би чадах гэж маш их хичээнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд л урлагийн хүн болсон доо. Аавдаа маш их баярладаг.
- Цааш цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнүүдээс нь сонирхмоор байна…
Манай “Фантастик” продакшны төлөвлөгөө 2020 он хүртэл гарчихсан. Тэр төлөвлөөгүүднийхээ дагуу ажиллана. Маш том зорилтуудыг ойрын хугацаанд тавьчихсан байгаа.
Би хийнэ гэж ярихаас илүү хийчихээд ярих дуртай. Одоо “Би ийм юм хийнэ” гэж ярихаас илүү “Би ийм юм хийчихлээ” гэж ярих нь урамтай шүү дээ.
- Энгийн хэрнээ эгэлгүй эр хүн юм. Олон залуучууд ярилцлагыг нь уншаад ихийг ухаарах байх. Цаашдын уран бүтээлүүд, тоглосон дүр бүхэн нь үзэгчдийн сэтгэлд мөнхлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
Баярлалаа. Чамд ч гэсэн ажлын амжилт хүсье. Уншигчидтайгаа “Параллель ертөнц” шинэ уран бүтээлээрээ уулзах гэж байгаад баяртай байна гэдгээ дахин хэлмээр байна.
Сэтгүүлч: Энхбатын Анударь
Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn