Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.
Швейцарын Элчин сайд Жан Жак дэ Дардел хэлэхдээ "Би Монголын урлагийн салбарт үнэлэмж бага, уран бүтээлчдэд хэрэгтэй дэмжлэг байхгүй байгааг олж харсан. Тиймээс юуны өмнө өөрийнхөө чадах зүйлээс тусалъя гэж шийдэж Монголын урлагийн салбарыг дэмжиж эхэлсэн. Монголд ирэх болгондоо сэтгэл зүрхэндээ энэ салбарт дэмжлэг үзүүлье гэж боддог байсан. Монгол-Швейцарын харилцааг хөгжүүлэхийн тулд урлагийн салбарыг бага ч атугай хөгжүүлье гээд ажил хэрэг болгосон юм. Ингээд Швейцарын элчин сайдын нэрэмжит шагналыг бий болгосон юм. Энэ санааг ажил хэрэг болгоход хоёр жил зарцуулсан" гэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид уран зураг, баримал, өрөг, үйлдэл, видео, фото, саунд зэрэг урлагийн чиглэлээр бүтээлээ илгээж, жилд нэг удаа нэг залуу уран бүтээлчийг шалгаруулан, Швейцарын урлаг соёлын сургуульд суралцуулах, суралцах явцдаа туурвисан бүтээлийнх нь каталогийг хэвлүүлэх боломжийг олгох юм байна. Шалгарсан уран бүтээлчид авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох аж.
Уг хөтөлбөрийн ялагч гэрэл зурагчин, уран бүтээлч Б.Намуунтай ярилцлаа.
-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батбилэгийн Намуун гэдэг. 23 настай. 2015 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Зураач мэргэжилтэй. 2016 онд Риогийн олимпийн анхны "OiR-Rio" үзэсгэлэнгээ гаргасан. Хоёр дахь соло үзэсгэлэнгээ Дуурь бүжгийн эрдмийн театрт гаргаж байлаа. “Хязгаараас ангид” төслийн бүжгийн бүх зурагнуудыг авч, тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Мөн Болгарын нийслэл Софи хотод Азийн фестивальд оролцоод Монголын асарт Монголын тухай өөрийн үзэсгэлэнгээ гаргаад, эх орноо сурталчилж байлаа.
-Гэрэл зургийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Дүрслэх урлагийн сургуульд 2011 онд элсэж орсон. Тухайн үедээ гэрэл зураг сонирхдог байсан ч зураг авдаггүй байлаа. 2016 онд гаргасан үзэсгэлэн маань надад их урам өгч, миний дуртай зүйл гэдгийг мэдрээд, бас авьяас надад байгаа юм байна гэж бодож урамшсан юм. Мэргэжлийн хүмүүс, кураторууд, урлагт дуртай хүмүүс надтай ярилцаж, тэр бүгд надад маш гоё мэдрэмжийг өгсөн учраас би гэрэл зураг авъя гэж шийдсэн. Дээр нь би уран зургийн мэргэжилтэй учраас хоёуланг нь хослуулсан холимог ажиллагаатай бүтээл хийж үзье гэсэн бодол байна.
-Швейцарийн Элчин сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Ямар шалгуураар уг уралдаанаас шалгарсан бэ?
-Гэрэл зураг, уран зураг, инстоляци, баримал гэх мэтчилэн олон төрөл байснаас би гэрэл зургаар оролцсон. Уран бүтээлчдийн дунд хэд хэдэн шалгуур явуулсан. Намтраа илгээж, эссе бичиж, шилдэг 10 бүтээлээ явуулсан. Таван удаагийн ярилцлаганд орж, нэлээн өндөр шалгуурыг давлаа.
-Бүтээлүүдийнхээ онцлогийг танилцуулахгүй юу?
-Би 2016 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ бол Зуны Олимпийн XXXI наадамд зориулсан үзэсгэлэн байсан. Бразилаар аялж, тухайн үеийнхээ хэдэн зурагнаас оруулсан. Хамгийн сүүлд балетын зургууд авсан юм. Учир нь ээж маань балетын бүжигчин байсан. Багаасаа театрт өссөн учраас балетчид, тайзны арын амьдралыг мэддэг байсан учраас энэ нь надад нөлөөлж, бүжгийн хөдөлгөөний агшинг оруулсан бүтээлүүдээ багтаасан.
-Швейцарьт тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Женевийн урлаг соёлын сургуульд суралцахаар болсондоо их баяртай байна. Есдүгээр сард яваад арванхоёрдугаар сард буцаад ирнэ.
Уралдаанд ихэвчлэн Бразилд байсан үеийнхээ зургуудыг явуулсан. Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай. Бразилийн нийслэл Бразилиа хотын төлөвлөлт их гайхалтай. Гол барилгууд нь ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Хотын шөнийн зургууд, уугуул иргэдийн амьдралыг гаргасан аж ахуйн сэдэвтэй бүтээлүүд, бүжгийн хөдөлгөөний зургуудаа явуулсан. Дээр нь би өөрийн веб сайтаа өгсөн байсан учраас тэндээс миний зургуудыг үзэх боломжтой байсан юм.
-Фото зурагчид тавилттай зураг, санаандгүй агшин, хөрөг зураг гээд янз бүрийн онцлогтой зургууд авдаг. Харин Б.Намуун ямар хэв маягаар авах дуртай вэ?
-Би тухайн агшин, дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Тэр л миний онцлог байх. Маш гоё найруулгатайгаар кино хийж байгаа юм шиг зураг авдаг уран бүтээлчид байдаг. Мөн би хөрөг зураг сонирхдог. Гэхдээ залуу хүн хөрөг авна гэдэг туршлагатай зурагчдаас шүүмж их авдаг. Хөрөг зураг гэдэг тухайн хүний дотоод хүнийг гаргаж ирдэг. Гэхдээ би эмээхгүй. Бүх л юмыг хүн эхнээс нь хийж байж л сурдаг шүү дээ. Бас хотын амьдралын зураг, бүжгийн хөдөлгөөний зурагт үнэхээр их автсан. Бүжгийн хөдөлгөөн, бүжигчний тухайн үед гаргаж байгаа сэтгэл хөдлөл дахин давтагдашгүй.
-Баярлалаа. Амжилт хүсье.