Монголын номын сангуудын консорциумаас Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Соёл урлагийн их сургууль, Герман, Монголын хамтарсан ашигт малтмалын дээд сургууль (GMIT)-тай хамтран “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг 2019 оны 9 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
2014 оноос эхлэн жил бүр Монголын номын сангуудын консорциумаас дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тус асуудлаа шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөө “Хамтдаа хэлэлцье – Хамтдаа хөгжье” уриан дор хот, хөдөөгийн 70 гаруй номын сангийн төлөөлөл болох 100 орчим номын санч, мэдээллийн ажилтнууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулж байгаагаараа онцлог юм.
Зөвлөгөөнөөр номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын эрх зүйн шинэчлэл, Номын сан судлал хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, Мэдээллийн боловсрол: Хуурамч мэдээллээс сэргийлэх арга замууд, Цахим каталогийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Номын сангуудад нэвтрүүлж буй сайн туршлага, Нийтийн болон сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвүүдийг онцлон хэлэлцэв.
“Энэхүү зөвлөгөөн нь Хот, орон нутгийн бүх төрлийн номын сангийнхан ирж оролцдог Номын санч мэдээллийн ажилтнуудын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон” хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нээлтийн үеэр хэлэв.
Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд номын сангийн мэргэжлийг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчилсан үзэсгэлэн болон төрөл бүрийн номын худалдаа гарсан байлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://www.mongolianlibraries.org/
МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ
Утас: 99041577, 88901644
E-mail: [email protected]
Web: www.mongolianlibraries.org.mn