“Монгол арт” галерей нь дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, зураач уран бүтээлчид, бүтээл цуглуулагчидтай хамтран ажиллах, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, уулзалт,эрдэм шинжилгээний хурал зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон уран зургийн галерей юм. Тус галерейн нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ингээд “Монгол арт” уран зургийн галерейн гүйцэтгэх захирал Н.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.
-“Монгол арт” галерей үүд хаалгаа нээгээд нэг жил болжээ. Та бүхэнд ойн баярын мэнд хүргэе. Ойн хүрээнд олон ажил төлөвлөн, завгүй яваа сурагтай?
-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уран зургийн галерей байгуулагдаад нэг жил болж байна. “Монгол арт” галерей жилийн хугацаанд багагүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Дүрслэх урлагийг шимтэн сонирхогч, үзэгч, судлаач, уран бүтээлчдэдээ хүртээмжтэй байх үүднээс олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс гадна Япон, ОХУ-аас хоёр ч зураачийг эх орондоо урьж, үзэсгэлэнг нь олны хүртээл болголоо. Бас олон шинэлэг ажлыг санаачилж, уран зураг дүрслэх галерейн үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна. Хэдийгээр хөл хориотой байгаа ч гэсэн цахим сургалт, онлайн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэчнээн уран бүтээлчийн хэдэн удаагийн үзэсгэлэнг дэлгэсэн бэ?
-“Монгол арт” галерей нь анх 2019 оны тавдугаар сарын 31-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдийн ертөнц-2019” үзэсгэлэнгээр нээлтээ хийсэн. Түүнээс хойш Төрийн соёрхолт, Ардын зураачийн Б.Чогсом, Д.Болд нарын хамтарсан “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг 2019 оны долдугаар сард толилуулсан. Мөн гавьяат зураачдын хамтарсан “Хөх тэнгэр” гэх мэт 30 гаруй үзэсгэлэнгээс гадна 50 орчим арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн Монголын орчин цагийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчдийн мэндэлсэн ойг тэмдэглэж тэдний үлдээсэн өвийн дотоод мөн чанар, дүрслэл, зохиомж, агуулгыг таниулах, мэдрүүлэх, түүчээлэх улмаар хайрлан хамгаалах, бахархлыг бий болгохоор “Уран бүтээлийн өв” төслийг эхлүүлсэн. Энэ жил гэхэд Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваагийн мэндэлсний 100 жилийн ой, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, багш С.Дондогийн 85 жилийн ой, нэрт зураач, багш Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ой тус тус тохиосон. Тэмдэглэлт ойг тохиолдуулан нэрт зураачдынхаа үр хүүхэд, найз нөхөд, шавь нарын хамтаар амьдрал, уран бүтээлийг өгүүлэх баримтат кино, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулсан юм.
Залуу зураач, уран бүтээлчид ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг хайрлан, хамгаалах “Зураач төгөл” аянд нэгдэж, тавдугаар сарын 27-нд нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Аяны үеэр “Монгол арт” галерей мартаж боломгүй, мэдэх ёстой дүрслэх урлагийн түүхэн болоод танин мэдэхүйн асуулт, хариулт, хөгжөөнт тэмцээн уралдааныг уран бүтээлчдийнхээ дунд зохион байгуулж, урамшууллаа.
-“Монгол арт” галерейн улсын хэмжээнд хамгийн том уран зургийн галерей гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Манай галерей улсын хэмжээнд хувийн, бие даасан, хамгийн том галерей. Нийт таван давхраас бүрддэг. Доод давхартаа итали жаззны үйлдвэр, нэг давхартаа сургалтын төв, кофе шоф, сувинерын дэлгүүр, нэг хоёр давхарт үзэсгэлэнгийн танхим, гурван давхар орчин үеийн урлагийн танхим, дөрөвдүгээр давхарт оффис сургалтын төв, үзэсгэлэнгийн танхим, уулзалтын өрөөнөөс бүрдэж байгаа. Үзэсгэлэнгийн танхимын хувьд нэг давхар бүртээ 500 орчим м.кв хэмжээтэй. Нэг удаадаа 200-300 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Уран бүтээлийн үзэсгэлэнгээс гадна хүссэн сургалтаа зохион байгуулах бүрэн боломжтой. Жишээлбэл, манайх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уран зургийн сургалтад хүүхэд бүр 20 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгож байна.
-Нэг жилийн ойн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-“Монгол арт” галерей нэг жилийнхээ ойн хүрээнд өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүний сувинер болон ахмад уран бүтээлчийн уран бүтээлээр 2021 оны хуанли гаргаж байна. Хэдийгээр дүрслэх урлагийн салбарт үйл ажиллагаа явуулахад тийм амар биш ч тогтвортой ажиллаж, олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарч байна. Одоогийн байдлаар баримтат кино, олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Цаашдаа маш их ажил төлөвлөж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж байгаа.
-Мэргэжлийн уран зургийн галерейн баг хамт олноо танилцуулахгүй юу?
-Манай галерей нь мэргэжлийн урлаг судлаач куротор, зураач, маркетингийн менежерээр багаа бүрдүүлсэн. Нийт зургаан ажилтантай. Бид дүрслэх урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хичээж явна.
-Уран зургийн галерейн цаашдын зорилгоос хуваалцаач?
-Цаашдаа монголын дүрслэх урлагийн салбарт дусал ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьж, ажиллана. Олон нийтэд урлагийн боловсрол олгож, соёлын үйлчилгээг үзүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн стандарт хангасан бүтээлийг олон нийтэд түгээх зорилготой билээ.
Мөн уран бүтээлчдэд тэгш хандаж, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгоход түлхүү анхаарч ажиллана. Дүрслэх урлагийн салбар маань цаашдаа улам хөгжинө. Бид чадлынхаа хэрээр энэ хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээж ажиллах болно.
А.СҮРЭН