Гэрэл зураг бүхэн тодорхой нэг утгыг агуулж байдаг. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод сэтгэл гээд бүхий л зүйлийг гэрэл зургаар илэрхийлж болно. Бид энэ удаад “Edelweiss” арт зочид буудалд арваннэгдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд дэлгэж буй “Тусгал” фото зургийн үзэсгэлэнгээр зочилж, сурвалжиллаа.
Үзэсгэлэнгээр өнгөрсөн наймдугаар сард Хөшигийн хөндийд зохион байгуулагдсан “Өртөө” арт кэмп 2020 хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг болон видео бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа юм. Зочид буудлын нэг давхарт хана дагуулан гэрэл зургуудыг байрлуулсан байх ба байгаль орчны талаарх олон нийтийн ойлголтыг гэрэл зургаар дамжуулан нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа аж.
Энэхүү үзэсгэлэнгийн талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөр зохицуулагч Ц.Энхчимэг "Контемпорари урлагийн “Хөх нар” төв энэ жил "Марс" төсөлтэй хамтран Хөшигийн хөндийд “Өртөө” сэдвээр арт кэмп зохион байгуулсан. Үүнд оролцсон 30-аад хүмүүсийн сэдэвчилсэн үзэсгэлэнг Улаанбаатар хотод дэлгэж байна. Тухайлбал, “Хаан” галерей, “Хөх нар” контемпорари урлагийн төв, Black box зэрэг газруудад цуврал үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Харин энэ удаад “Өртөө” хөтөлбөрт оролцсон гэрэл зургийн уран бүтээлчид болон зураглаачдын бүтээлүүдийг дэлгэж үзүүлж байна” гэсэн юм.
“Өртөө” арт кэмп нь наймдугаар сарын 10-15 хооронд таван өдрийн турш "МАРС" төсөл байрладаг Хөшигийн хөндий гэх газар зохион байгуулагджээ. Ингэхдээ тав хоногийн хугацаанд ойролцоогоор 80 мянга орчим бүтээл хийсэн байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд дөрвөн гэрэл зурагчин, хоёр зураач, нэг зураглаачдын бүтээлийг дэлгэсэн байгаа аж.
“Өртөө” арт кэмпийн талаар "Марс" төслийг санаачлагч, уран бүтээлч Л.Гаваа “Энэ зуны хувьд хөл хорионы хатуу дэглэмтэй үе байсан. Тиймээс манай "МАРС" төслөөс “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтраад арт кэмп хийх санааг гаргаж, энэ зуны үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Өөрсдөө хүсэж энэ таван өдрийн аяллыг хийсэн учраас хүндрэлтэй зүйл огт гараагүй. Мөн зохион байгуулахдаа ямар ч төлөвлөгөөгүйгээр хийсэн. Тэдгээр урлагийн хүмүүст орчныг нь бүрдүүлж өгөөд юу хүссэнээ хий л гэсэн. Тиймээс таван өдрийн турш дуртай зүйлээ эрх чөлөөтэйгөөр хийгээд маш сайхан байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Танхимд дөрвөн зурагчны дарсан 20 гаруй гэрэл зургийг байрлуулсан байлаа. Байшингийн сүүдэрт нохой хэвтэх ба хажууд нь саяхан Сүхбаатарын талбай тойруулж тавьсан дөрвөлжин чулуунууд байв.
Өөрийн дарсан энэхүү зургийн талаар Ж.Мөнхжаргал "Энэ хавар машины татвар нэмэх сургаар жолооч нар том оврын машинтай Сүхбаатарын талбайд жагсана гэх мэдээлэл тарсан. Энэ үед Засгийн газраас талбай руу машин оруулахгүйн тулд талбай тойруулан чулуу тавьсан байсан. Эцэстээ жагсаал нь бололгүй талбай тойрсон чулуунууд л үлдсэн. Тэнд байрлуулсан нэг чулуу нь гурван сая төгрөгийн үнэтэй байсан. Нийтдээ 160 сая төгрөгийн өртөгтэй. Иргэд энэ асуудлыг хөндөж эхлэх үед чулуунуудыг хотоор тарааж тавьсан. Үүнийг ёгтолж харуулахын тулд Хөшигийн хөндий рүү нэг чулуу авч явсан юм. Энэ зургаар илэрхийлэх гэсэн санаа нь тухайн үед гурван сая төгрөгөөр бий болсон энэ чулуу одоо энд хэвтэж буй золбин нохойтой адил хэнд ч хэрэггүй, эзэнгүй болжээ гэсэн утгатай” гэж тайллаа.
Үзэсгэлэн дэлгэж буй эдгээр өдрүүдэд залуу гэрэл зурагчид, оюутнуудад зориулсан “Урлагтай яриа” цуврал арга хэмжээг зохион байгуулах юм байна.