Дуурийн гоцлооч, ХБК-ийн дуулаачийн тэнхимийн багш Д.Долгормаатай ярилцлаа.
-Та тайзаа орхихоор шийдсэн юм уу. Арай эрт биш үү?
-Миний хувьд тайзаа бүр мөсөн орхиогүй ээ. Зүгээр л гавьяаныхаа амралтыг авсан юм. Улсын байгууллагад 30 гаруй жил ажиллалаа. Олон сайхан залуу уран бүтээлч төрж байна. Тэд нартаа боломж олгож байраа тавьж өгөх хэрэгтэй болов уу. Гэхдээ мэдээж уран бүтээлээ орхихгүй. Хоолой маань эрч хүчтэй хэвээрээ байна. Тиймээс дуурийн театрынхаа тоглолтод оролцоно. Тэгээд л шавь нартайгаа зэрэгцээд суралцаад л байна даа.
-ХБК-д удаан ажиллаж байна уу. Хэтийн төлөвлөгөөнд тань шинэ уран бүтээл мэдээж байгаа байх?
-Би ХБК-д арваад жил ажиллаж байна. 2002 оноос цагийн багшаар эхэлж хүүхдүүдтэйгээ сургалт хийдэг байсан бол 2008 оноос үндсэн багшаар ороод явж байна. Одоо элсэлтийн шалгалт аваад хүүхдүүд шалгаад, бэлтгээд л сууж байна даа. Мөн “Сити” дээд сургуулиас цагаар багшлаач гэсэн хүсэлт ирээд, амралтаа авчихсан хэрнэ илүү завгүй болчихсон юм шиг санагдаад л байна.
-Шавийн тоо нэмэгдээд л байна уу?
-ХБК-д бол хоёр дахиа төгсгөлөө. Цэргийн ансамбль, Эрдэнэтийн чуулга гээд улсынхаа байгууллагуудад шалгуулж тэнцээд ажиллаж байна. Ер нь их өндөр шалгууртай шүү дээ. Тэр бүхнийг даваад үндсэн дуучнаар орно гэдэг амар зүйл биш. Хамгийн том үр дүн бол төгссөнийхөө дараа ажил дээр гараад үнэлэгдэж чадах байдаг. Миний шавь нар чадаж байгаа.
-Монголын нүүр царайг өнгөлж байгаа урлагийн төрөл гэвэл яах аргагүй дуурь юм. Багш нар сайн бэлтгэдэг болохоор шавь нар нь өдий зэрэгтээ явж байгаа байх. Ийм үед багшийнхаа тухай дурсахгүй өнгөрч болохгүй биз ээ?
-Тэгэлгүй яахав. Би хүнтэй хуучлах бүртээ багшийнхаа тухай ярихгүй өнгөрсөн удаа байхгүй. Миний багш Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж. 1981 онд энэ агуу хүний удирдлага дор УБИС төгсч байлаа. Төгссөнийхөө дараа ажил дээр гарахад багшийнхаа ажлыг их сайн ойлгож мэдэрдэг болсон доо.
-Багш болгонд шавь нараа сургадаг өөрийн гэсэн арга барил байдаг. Таны хувьд ямар арга барилаар ажилладаг вэ?
-Багш бүр өөр өөр аргаар шавийнхаа онцлогт тааруулж сургалтын арга боловсруулна. Миний хувьд багшийнхаа заасан арга барилаар л шавь нараа сургаж байна. Одоо бодоход багш надтай их энгийн хэрнээ өвөрмөц аргаар ажилладаг байжээ. Аливаа зүйлийн суурь нь сайн байвал тэр чигтээ сайхан босч бүтнэ шүү дээ. Яг түүнтэй адил миний хоолойны суурийг сайн тавьж өгөх гэж их хичээсэн. Би болохоор хурдхан л дээд өнгө аваад дуулчихмаар байдаг гэтэл багш “Багаас эхэл. Суурь өнгө дуугаралтаа төвөггүй аваад сурчихвал наад дээд өнгө чинь юу ч биш, болоогүй байна” гэдэг байж билээ. Одоо ч үүнийг л баримталдаг даа. Олон сайхан шавь нар нь багшийн маань залгамж халаа нь болоод явж байна.
– Чадвартай залуу дуучид олноор төрж байна, тийм үү?
-Маш гайхалтай уран бүтээлчид төрж байна. Бид чинь дотроо үе үеэрээ хуваагдаж байна л даа. Алтан үеийнхэн, тэгээд бид нар, одоо сайхан залуучууд бидний халааг авч эхэллээ. Тэдний халааг авах дуучдыг энд бэлтгэх гээд л шалгаж байна. Орчин үед тэдэнд асар их боломж нээгдэж байна. Интернэтээс эхлээд л бүх зүйл нээлттэй болсон энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломж хүн бүрт байна. Тиймээс залуус маань их сайхан үед төрж гарч ирлээ. Бид бол Дуурийн театр, хэдэн ноотноос өөр зүйлгүйгээр бэлтгэлээ хийдэг байсан. Одоогийн залуу дуучид харж, үзэх, судлах зүйлээ сайн ашиглаж дэлхийн бүх л том тэмцээний түрүүг эх орондоо авч ирлээ. Бахархаж байна.
-Дуурийн дуучин болъё гээд зорьж ирэх хүүхэд их байх юм уу?
-Жил ирэх тусам нэмэгдэж байна. Үнэхээр сайхан, байгалиас заяасан авьяастай хүүхдүүд ирж байна. Хамгийн гол нь түүнийгээ хөдөлмөрөөр хөгжүүлж, баяжуулах юм шүү дээ.
-Гаднынхан манай дуурийг сонсоод сэтгэгдлээсээ хуваалцдаг байх?
-Красноярск хотын театрт очиж урт хугацаагаар ажиллаж амьдарч байлаа. Тэнд байхад олон улсаас уран бүтээлчид ирж хамтарсан тоглолт хийдэг байсан. Тэр үед Ж.Вердийн фестиваль болсон. Тэгэхэд дуурийн гол дүрд дуулж байлаа. Тэгэхэд л дуурь үзсэн хүмүүс гайхаад л “Монголчууд яасан мундаг юм бэ. Италид төгссөн үү” гэж асууж байв. Ингээд бодохоор монголчууд бүгд дуучин юм. Өөрийгөө асар хүчтэй хоолойтой гэдгийг мэдэрч, бахархаж л байсан даа.
Ж.СУВДАА
"ӨДРИЙН ШУУДАН" сонин