-Баяжиж байгаад хоосорсон хүн хамгийн яншаа хэрүүлч байдаг. Тэгвэл тэдгээрийн тоонд алдарт жүжигчин Жон Траволта яах аргагүй багтдаг. Учир Жон 1970-аад оны сүүлээр “Grease”, “Saturday Night Feүer” хэмээх хоёр кинонд тоглосныхоо дараа долларт умбаж, эгээтэй л талханд явахдаа нисэх онгоц хөлөглөх нь холгүй байжээ. Мэдээж энэ байдал нь түүний их зан, биеэ тоох үзэлтэй нийлэн түүний нэр хүнд хэсэг хугацаанд навс унасан гэдэг. Гэхдээ уруудсан агшин тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн жилийн дараа гэхэд тэрээр дахин нэр алдрын тавцнаа гарч ирсэн билээ. Тэрээр сайн бүжигчин төдийгүй бас хүүхнүүдийн “ангууч” гэдгээрээ ч Холливуддаа алдартай эр. Мөн Жон бол Холливудын хамгийн их зантай, хүний дургүй хүрмээр ааштай ажээ. Тэр одоогоос хэдэн жилийн өмнө нэрт найруулагч Роман Поланскийтай хамтран ажиллахаас татгалзсанаараа олныг шуугиулсан юм. Урьд өмнө нь хэн ч хэзээ ч тэрхүү найруулагчийн урилгаас татгалзаж байсан түүхгүй. Алан ёсны мэдээнээс үзвэл Жон түүнтэй үзэл бодол зөрөлдсөнөөс болсон гэх боловч үнэн хэрэгтээ бол Траволта 20 сая ам.долларын шагнал, мөн хувийнхаа онгоцонд шаардагдах шатахууны үнийг төлөхийг шаардсанаас тэд ийнхүү ам мурийжээ.
-Үзэсгэлэн гоогоороо алдартай Дэми Мурийг ихэмсэг зан гарган уурлахаараа л муухай харагддаг хэмээн Холливуд шүүмжилдэг. Түүнтэй ямар нэгэн бүтээл дээр хамтран ажиллах гэрээ хийж байгаа найруулагч нар Дэмигийн ард дээд зэрэглэлийн үсчин, биеийн тамирын дасгалжуулагч, туршлагатай жолооч, массажист гээд өлөн чоно шиг үй түмэн хүн байдаг гэдгийг сайн мэддэг. За даа, тэдгээр мөнгөний хүүдийнүүдийг эс тооцвол Дэмиг зураг авалтанд оролцож байгаа үед нь туслах найруулагч болон зургийн дарга хүйтэн кока-кола, бөөрөнхий хэрчиж тавагласан гадил жимс бариад бэлэн зогсож байх шаардлага гардаг. Энэ бол түүний зөвхөн ганцхан шаардлага нь…
-Киноны зураг авалтын үеэр Том Крузийн тавьдаг хамгийн гол шаардлага бол хэрэггүй бол түүн лүү хэн ч харахгүй байх. Тэр ч бүү хэл техникийн ажилтан, үйлчилгээний хэсгийнхнийг хүртэл хэн хэн нь хашаа хараад байж байхыг шалан дээр сумаар зураад тэмдэглэчихдэг гэнэ. Энэ нь зураг авалтын үеэр хэн нэгэн нь дэмий үйлдлээрээ саад болохгүй гэх сайн талтай ч хүний эрхийг хөндсөн асуудал хэмээн түүний шүүмжлэх хүн олон. Үнэхээр ч түүний зааснаар шал руу хараад зогсвол ямар л сайхан байв гэж дээ. Бас нэг шаардлага нь тэрээр хаана ч гэсэн дээд зэргийн технологийн бие засах газрыг байрлуулахыг шаарддаг гэнэ. Энэ шаардлага “Биелэгдэшгүй даалгавар”-ын найруулагчийг багагүй зовоож байжээ.
-Алдарт жүжигчин Жулиа Робертс зураг авалтын үеэр ер бусын этгээд аашилдгаараа бусдаас онцгой. Тэрээр тоглоом наадмыг хэзээ ч ойлгодоггүй гэдгийг хамт ажилладаг хүмүүс нь сайн мэддэг. “Дайсантайгаа нэг оронд” киноны зураг авалтын үеэр тэр маш эвгүй аашилсан гэнэ. Нэг хүйтэн өдөр тэрээр усны хувцастай зураг авахуулах шаардлагатай болжээ. Ингээд даарч бээрсэн Жулиа маш инээдэмтэй харагдаж, техникийн ажилтнууд нь тэсгэлгүй инээснийг харсан бүсгүй тэнд байсан бүх эрчүүдийг өмдөө тайлж дотуур өмдтэйгээ болохоос нааш зураг авалтыг үргэлжлүүлэхгүй хэмээн шаарджээ. Тэгээд яахав найруулагчийн шаардлагын дагуу эрчүүд ч шийтгүүлэн тэр өдөржингөө дотуур хувцастайгаа ажлаа хийжээ. Гэтэл үүнийг нь мэдсэн тэдгээр эрчүүдийн эхнэр болоод найз хүүхнүүд нь Жулиагийн зурган дээр дотуур өмд зуран гудамжинд явсан хүмүүст тарааж өгч хайртуудынхаа “өшөөг” авсан байна.
-Хар арьстан, нэрт жүжигчин Эдди Мерфи “Алтан хүүхэд” кинонд тоглохдоо кино зураг авч буй газраас холгүйхэн /100 метр/ газарт өөрийнх нь нүүдлийн сууцыг байрлуулахыг шаарджээ. Түүнээс гадна өглөө болгон түүнийг цоглог сэргэлэн байлгахын тулд хөгжим чанга хангинуулсан цагаан урт лимузинээр зураг авалтын талбай руу хүргэж бай гэсэн шаардлага тавив. Мэдээж энэ нь ч бас ёсоор болсон. Ер нь Эдди яг л хүүхэд шиг гялтганасан юм бүхэнд дуртай бас тэгээд их сэтгэлийн хөөрөлтэй нэгэн билээ. Тиймээс ч түүний дараагийн хүсэлт болон шаардлага нь алтан шар утсаар эмжсэн хөнжлийн даавуу байлаа. Учир нь тэрээр түүнийг шинэхэн найз бүсгүйдээ гайхуулах гэсэн аж. Инээдмийн жүжигчин болохоор л тэр байх даа…
-Нэрт шаргал үст, тачаангуй жүжигчин бүсгүй Шарон Стоуныг хэн ч харсан гоо сайхандаа л их шаардлага тавьдаг байх гэж бодох байх. Тэгвэл тэрээр зураг авалтын үеэр 16 цаг завсарлахыг хүсдэг ажээ. Энэ хооронд тэрээр өөрийн урьж авчирсан /гэхдээ зардал нь найруулагчаас гарна/ хятад тогоочийн хийсэн цагаан будааны шөлөө уугаад унтаж амардаг гэнэ. Тэрээр цагаан будаанд дуртайдаа ч биш ингэх нь гоо сайхныг хадгалах бас ядаргаа тайлахад их тустай болохыг өөрийнхөө биеэр туршсан хүн. Үнэхээр ч түүний арьсны өнгө, огт хөгширдөггүй гадаад төрх зэрэг нь цагаан будаа, сайн нойр хоёртой салшгүй холбоотой юм. Бас тэрээр Энэтхэг үндэстний хоолонд “нугасгүй” бөгөөд “Төрөлхийн араншин” киноны үеэр найруулагчид Нью-Дэлигээс мэргэжлийн тогооч урьж авчрах ажил гарч байлаа.
Мөн Холливудын хамгийн ихэмсэг оддын нэгд Америкийн ерээд оны секс-симбол гэгдэж байсан Ким Бэссэнжер юм. Түүний тавьдаг шаарлагаас харвал тэрээр маш мэдрэмтгий эмэгтэй гэдэг нь мэдэгдэнэ. Ким найруулагчаараа дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог “Evian” хэмээх үнэртэй ус авахуулж үсээ угаана. Мөн түүнтэй хамт тоглож байгаа жүжигчид болон техник үйлчилгээнийхэн бүгд энэ усыг түрхсэн байх хэрэгтэй ажээ. Иймдээ ч үнэрч Ким гадны хүн орж ирэхийг тэр дор нь мэдэрдэг байна. Энэ нь түүний багынх нь ааш зан гэлтэй. Учир нь тэрээр ээжтэйгээ ганцаараа өссөн бөгөөд тэд хамтдаа зөвхөн энэхүү үнэртэнг хэрэглэдэг байжээ. Нөгөөтэйгүүр Ким гайхалтай ажигч нэгэн. Тэрээр хүний үсийг ажиглах дуртай бөгөөд түүгээр нь тэр хүн урьд шөнө хэр зэрэг амарсан, ууртай эсвэл сэтгэл хангалуун байгаа зэргийг нь тодорхойлж чадна шүү.
Р.Слава