1. Ардын жүжигчин А.Долгор үсний хэв маягаа өнгөрсөн хугацаанд бараг өөрчлөөгүй. Бараг гэсний учир нь, тэрбээр духан дээгүүрээ босгож янзалсан чёлк хэлбэрийн богино үсээ сүүлийн жилүүдэд хойш нь самнах болсонтой холбоотой юм. “Бодлын цагаан хун” дуугаараа сонсогч түмнийхээ сэтгэлд хоногшсон түүний дуу хоолой, дүр төрх өдгөө ч хэвээрээ. Гоо сайхны бүтээгдэхүүн, шүдний оо, эмэгтэйчүүдийн эм бэлдмэл гэх мэт реклам сурталчилгаанд тоглож байхдаа ч А.Долгор мөнөөх л үс засалт, энгэр нь задгай урт даашинзаараа гоёдог. Түүнийг үсээ задгайлж, богино хормойтой даашинз өмссөн байхыг нь харсан хүн цөөн байдаг биз. Харин ч урлагийн хүн гэхэд, тэгтлээ их будаж шунхдаад байдаггүй дуучин эмэгтэйн арьс үнэхээр цэвэрхэн, толигор харагддаг гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу
2. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг нүдний шил, саравчтай хар малгай, савхин хүрэмгүйгээр төсөөлөхөд хэцүү. Түүн дээр нь төмөр тоноглол бүхий бүс, чамин загвартай хүзүүний зүүлт, цагирган ээмэг, бугуйн цагийг нь нэмчихвэл тун ч догь харагддаг. Хит дуунуудаараа цаг үргэлж гайхашруулдаг чадварлаг дуучин маань урт гэзэг, үзэл бодолдоо хэзээд үнэнч байсаар ирсэн. Буржгар хар үсээ хааяахан задгай тавьж ирээд л толгой дохин бүжиглэх нь эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх мэт. Таагүй хэрэгт орооцолдож, “аавын хаалга” хүртэл татаад авсан дуучин маань элдэв ярианд тайлбар хийдэггүй, сэтгүүлчдэд харшилтай нэгэн. Энэ ч утгаараа, телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо өөрт нь таалагдаагүй асуултын хариуд хэг ёг хийж, зарим хөтлөгчийг айлгаж орхидог юм билээ.
3. “Киви” хамтлагийн продюссер, ая зохиогч Б.Ангирмаа хувийн уран бүтээл гэхээсээ илүү охидынхоо төлөө зүтгэх болоод удаж буй. Тэр ч бүү хэл, гадаад төрхөө хүртэл өөрчлөх зав түүнд алга. Халимаг үс, энгийн загвартай хослолоор гоёх дуртай продюссер эмэгтэй энэ стилиэрээ олонд танигдсан. Яахав, хааяа томоохон арга хэмжээ, баяр ёслолын үеэр дунд зэргийн урттай ноолууран даашинз өмсдөг юм билээ. Стиль нь энгийн, үзэл бодол нь хатуухан, үг яриа нь шулуухан гэгдэх түүнийг ихэнх хүн “Ааш муутай, адайр нэгэн” гэж ярьдаг. Ямар сайндаа л, рок попынхон түүнд “Төмөр хатагтай” гэх хоч зүүхэв дээ. Гэр бүлийн амьдралын тухайд тэрбээр нийгэмд эзлэх байр сууриа олсны дараа л анхаарна гэж тайлбарласан. Тэр хүртэл ганцаараа явах нь жаргалтай байгаа гэсэн шүү.
4. “On & Off” продакшны аранжировшик С.Халиун халзан толгойгоороо имиж хийсэн “хачин” нөхөр. Рок попын чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг энэ залуу хар нүдний шилнээс өөр элдэв зүйлийн гоёл сонирхдоггүй. Саяхны нэгэн хурал дээр мань эр “Дуучин С.Наранд гологдохгүйн тулд олон зүйл уншиж, судаллаа” гэж ирээд л уйгагүй ажилласан тухайгаа ярьж суусан. Харин урьд нь тэрбээр гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтарч ажиллаж байхдаа толгойныхоо үсийг халзартал хичээсэн гэж дурсч билээ. “Ариунаа ёстой дайчин хүүхэн. Би ингэмээр байна, тэгж хийе” гээд л ер зүгээр байлгахгүй. Бүр толгойгоо халзан болтол зүтгэж байж түүний санаанд хүртэл ажилласан шүү” гэж хэлээд бөөн инээдэм болсон. Тэгэхээр түүний өвөрмц стилийг бүрдүүлсэн халзан толгойны нууцыг Т.Ариунаатай холбож тайлбарлахад ер гайхах зүйлгүй мэт.
5. Гоц авьяастан, зураач Л.Өнөрчимэг чамин загварын хувцас, гоёлд гар татах дургүй гэдгээ ч нуудаггүй. Гадаадад явахдаа өвөрмөц хийцтэй хувцас хунар худалда ж авдаг хэрнээ авьяаслаг дизайнеруудад захиалга өгөхөө ч мартахгүй. Зарим үед өдөрт хоёроос гурван удаа хувцсаа сольдог гэх. Тиймээс зураач бүсгүйн стилийг бусдаас содон харагдахуйц чамин загварын гоёл нь тодорхойлдог болов уу. “Миний стиль сэтгэл санааны байдлаас хамаарч янз бүрээр хувирдаг. Гэхдээ чамин гоёл ихтэй, сайхан загвараас ямар ч үед уйдахгүй шүү. Сэтгэл санаагаар унаж, тавгүйрхсэн үедээ харин ч бүр хамгийн сайхан хувцсаа өмсөөд гардаг. Надад зөвхөн гоёлын даашинз л гэхэд 40 гаруй загвар бий” гэсэн. Л.Өнөрчимэг гадаадын томоохон сургуульд багшилж буй.
6. “Circus of Mongolia” компанийн захирал Ч.Хатанбаатарт бүхэл бүтэн малгайны цуглуулга бий. Дугуй загвартай бүрх малгайнаас эхлээд л цэрэг маягийн стильтэй чамин малгай түүнд нэлээд их байгаа аж. Хийц загварын хувьд, тун ч гоёмсог харагдах эдгээр малгайнд тохирсон чимэг зүүлт ч бас олон. Тэрбээр өнгөрсөн жил ОХУ-д болсон томоохон тоглолтод оролцохоор явахдаа усан цэргийн малгайтай ижил загварын гоёл худалдаж авсан аж. Алх, хадуурын дүрс бүхий төмөр тэмдэгтэй энэхүү малгайгаар Ч.Хатанбаатар хэсэгтээ л гангарч явсан. Харин тэрбээр “Гоо марал” наадамд уригдахдаа мөн л энэ загварын саатай эмжээр, цацагт унжлага бүхий малгай өмсч ирсэн юм. Харин мань эр сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүлэгт мөнөөх л хар бүрх малгайтайгаа харагддаг болжээ.
7. Гавьяат жүжигчин Т.Баясгалан анх урлагийн тайзан дээр гарсан цагаасаа хойш л урт хормойтой даашинзаар гоёж ирсэн. Хайрын дууны хамтрагчаасаа салж, бие даасан уран бүтээлээ эхэлж байхдаа тэрбээр үсний засалт, өмсөх хувцсаа багагүй өөрчилсөн ч хуучны хэв маягаа бүрмөсөн эвдэж чадаагүй. Өнөөх л урт хормойтой даашинз, үндэсний хэв маягийг орчин үеийн элементтэй хослуулсан чамин дээлээр гоёсон хэвээр. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээ завсарласан тэрбээр үндэсний дээлээр гоёдог болсон байна лээ. Өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж буй дуучин бүсгүй стиль имижээ өөрчлөх тал дээр тэгтлээ санаа зовохгүй гэдэг нь тодорхой. Телевизийн ажил, эмэгтэйчүүдийн эмнэлэг, кино театр гээд түүнд уран бүтээлээ анхаарах зав ч бага гардаг бололтой.
8. “Харанга ” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай урт гэзэг, цагаан хослолоороо хэзээд гангарч явдаг эр. Хүүгээ урлагийн замд уруу татаж, ардын урлагийн хамтлаг хүртэл байгуулсан гэх тэрбээр энэ стилиэ өөрчлөх их дургүй. Харин гурван жилийн өмнө бөөгийн сахиус авч, шашны зан үйлд татагдсан мань эр “Бөөгийн онгодоо хүлээж авсан минь үнэн. Гэхдээ яаж сүсэглэх, бөөлөх учраа ч олохгүй байна. Хэн дуртай нь хийдэг зан үйл биш учраас хамаагүй авирлаж болохгүй биз дээ” хэмээн учирлаж суусан. Тэгвэл одоо чамгүй сайн бөө болоод уран бүтээл хийгээд хувийн амьдралдаа ч тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж эхэлсэн болов уу.
9. Д.Уламбаяр буюу Ука гэх энэ шавилхан бүсгүйг фэнүүд нь андахгүй. Шаргал үсээрээ имиж хийсэн тэрбээр “Киви” хамтлагийн ахлагч төдийгүй чадварлаг бүжигчин. Реп, хип хоп бүжгээр үеийнхнээ гайхуулж явсан Ука “Nature sounds” дуулаачийн дамжаанд орсноор рок попын ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Дуулах, бүжиглэх авьяастай энэ бүсгүй үсчин, гоо сайханч мэргэжлээр суралцсан учраас хамтлагийнхаа стиль имижийг тодорхойлж ирсэн гэдэг. Харин өдгөө СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж байгаа тэрбээр шаргал үсээ ганцхан удаа л өөрчилсөн. “Бидний дурлал” цомгийнхоо баярт оролцохдоо Ука үсээ тас хар болгосон ч, тун удалгүй уйдсан билээ.
10. “Матрикс” салоны захирал, мастер үсчин Д.Батжаргал рок попынхны үсээр ёстой л нэг “тоглодог” нөхөр дөө. Тэгсэн хэрнээ өөрийнх нь толгойд ширхэг ч үс байдаггүй нь гайхмаар. Уг нь өнгө өнгөөр хувиргаж, элдэв янзаар засуулаад л өөрийнхөө үсээр салоноо сурталчилмаар санагдах юм. Юутай ч, илүү дутуу маяг байхгүй эрхэм захиралд энэ толгой нь ихэд таалагддаг гэсэн. Тиймээс алчуур зүүх юм уу малгай өмсөх талаар бараг боддоггүй гэхэд гайхаад байх зүйлгүй биз. Хаа очиж захирал хүн гэхэд ажлын өрөөндөө шигдээд байдаггүй. Хэдэн үсчинтэйгээ зэрэгцээд л үйлчлүүлэгчдээ угтаж авдаг захирал залуу халзан толгой, ур чадвар хоёроороо рок попынхонд танигдсан нь үнэн.