Нэгэн үе “Хувьсал” продакшны гол дүр төрх нь болж явсан жүжигчин Ууганаа ёстой л азтай эр бололтой. Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг нартай оюутны ширээнээс их урлагийн тайзнаа хамтдаа гарч, авьяас билгээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн шигээ үг яриа, үйл хөдлөлөөрөө бүсгүйчүүдийг ч байлдан дагуулдаг аж. Жүжигчин залуу маань өнгөрсөн амралтын өдөр хөтлөгч Тэнгисийн хамт дуучин Анугийнд зочлов. Дуучин Анугийн даашинз нь ч ягаан, өрөө нь ч бас ягаан.
Сарнай ягаан өнгө бүхий энэ л өрөөнд “Гала” дуучин маань амарч, сэтгэл хямарсан үедээ өөрийгөө тайвшруулдаг гэнэ. Харин нэвтрүүлгийн үеэр дуучин бүсгүй хөтлөгч, жүжигчин эрчүүдийг эмэгтэйлэг байдлаараа галзууруулах шахав. Дуучин Ану тэдний хүссэн асуултад хариулж, хэн бүхэнд үзүүлээд байдаггүй өрөөнүүдээ сонирхуулж, бүр гарын пиццагаараа дайлав. Түүний уян наалинхай ааль, торгон мэдрэмж, амттай хоолонд татагдаж буйгаа ч хоёр зочин нь нуусангүй. Жүжигчин Ууганаа Ануг магтах үгээ олж ядан “Чамд бүсгүй хүний бүх сайхан шинж цогцолжээ” гэсэн юм. Энд нэг зүйлийг онцлоход, Ууганаагийн ангийн анд, жүжигчин Г.Отгонцэцэг “Надад сайхан бүсгүйн 21 шинж бий” хэмээн өөрийгөө магтсан. Тэгвэл дуучин Ануд сайхан бүсгүйн хэчнээн шинж байгаа бол. Үүнийг жүжигчин Ууганаа, хөтлөгч Тэнгис хоёроос асуувал арай бодитой тоо хэлэх биз ээ.
Н.НОРА