Манай үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан загварын анхны агентлаг бол “Шилмэл загвар” ХХК билээ. Тус агентлаг нь цор ганц загварыг зохион бүтээхийн зэрэгцээ манай орны гоо сайхан үнэт зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах Монгол залуучууд, охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол соёл гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд жил бүр “Mongolian beauty” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн “Mongolian beauty” тэмцээний гол онцлог нь модель болон миссийн тэмцээнийг хамтатган нэгэн нэрийн дор хийж байгаа ба бусад моделиудын агентлагуудтай хамтарч илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаа юм. Тэмцээний бүртгэл 5 сараас эхлэж 150 гаруй модель бүртгүүлснээс шат болгон нарийн шүүлтүүрээр өдгөө шилдэг 27 модель шалгарч үлдээд байна.Оролцогч моделиуд олон улсын тэмцээнүүдэд тавигддаг зураг авалт, алхаа гишгээ, илтгэх уран чадвар, хэлний мэдлэг гээд олон шалгуурт тэнцэж "Аsian super model contest", "Miss tourism Queen international", "Miss tourism international", "Miss global city pageant", "Miss asia pacific world", "Man hunt international", "Miss global beauty Queen", "Miss bikini international", "Miss all nations" тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөө өрсөлдөх ажээ. “Mongolian beauty” тэмцээний финал 8 сарын 29-нд Богдын музейд болох бөгөөд гадаа тайзан дээр театрчилсан мюзикл хэлбэрээр тавигдахаас гадна олон олон сюрпризүүд үзэгч таныг хүлээж байна.