21-р зууны Америкийн соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, Капитализмын талаар өөрийн үзэл санааг ул суурьтай боловсруулж, түүнийгээ уран зохиолын хэлбэр болох романуудаар тун сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байсан Айн Рэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бидэнд хүрэхэд бэлэн болж байна.
Айн Рэндийн үзэл санааны дийлэнх нь хувь хүний эрх чөлөө, рациональ сэтгэлгээнд суурилдаг тул бидний үнэт зүйл, үзэл санаатай нийцэх бөгөөд бид энэхүү эмэгтэйн бүтээлээс холуур тойрч өнгөрөх аргагүй юм. Монголчуудын хувьд энэ хүнийг “Бид амьд хүмүүс” номоор нь таньдаг. Харин төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам өмнө нь Айн Рэндийн хоёр ч жүжгийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд одоо дахин нэг жүжгийг нь тавих гэж байна. Энэ бол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг юм. “Х түц” продакшнтай хамтран тавьж буй тус жүжгийг энэ сарын 16-ны 18:00 цагт “Од” кино театрт тоглох юм. Жүжгийн найруулагч Д.Сосорбарамтай ярилцлаа.
– Энэ бол таны Айн Рэндийн зохиолоор тавьж буй гуравдахь жүжиг. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгээр энэ удаад та нийгэмд ямар санааг хэлэх гэж байна вэ?
– Миний өөрийн амьдралын философиор бол эрх чөлөө гэдэг нь идэж уух хоол ундаас илүү үнэ цэнэтэй зүйл. Би эрх чөлөөтэй байж идэж уух юмтай, эрүүл цовоо байж чадна. Мөн бүтээх гэж буй бүтээлээ хүчтэй зөв бүтээж чадна. Ямар нэгэн нийгмийн захиалга энд байхгүй. Д.Намдаг гуай “Авьяас бол агуу их эмзэглэл” гэж хэлсэн байдаг шүү дээ. Түүн шиг би энэ цаг үедээ л эмзэглэж байгаа юм. Жишээ нь би социализмын үед амьдарч л байсан. Тэгэхэд миний амьдрах нийгэм бол социализм биш. Ардчилал эрх чөлөө гэдгийг байгуулцаад өдийг хүрлээ. Гэтэл энэ нь нэг л цэгээ олохгүй байна шүү дээ. Өнөөдөр орон нутагт ардчилал яллаа гэж байна. Зөв эрх чөлөөний баримжааны хөлтэй болж байгаа нь сайн хэрэг. Их хуралд ардчилал бага сага дэмтэй боллоо л гэж байна. Гэхдээ энэ нь надад асар их чамлалттай байгаа юм. Хүний бүх боломжийг ямар нэгэн байдлаар хаасан хаалтууд харагдаж байна. Одоо энэ яамдуудын бүтцийг харахад л хөгийн. Бүтцийг зохион байгуулж байгаа сайдуудыг харахад л хөгийн. Зарим яамдуудыг анзаарч байхад төрийн яам биш хувийн компани болчихсон. Төр бол төр. 1996 оноос хойш хэт коммунистууд давамгайллаа. Түүнээс хойш эвслийн, зөвшилцлийн шинжтэй байлаа. Өнөөдөр ч гэсэн шинэчлэлийн нэртэй боловч эвслийн Засгийн газар л байгаа шүү дээ.
– Тэгэхээр та эндээс яг юуг буруутгах гээд байна вэ?
– Айн Рэндийн хэлдэгээр эвсэл, зөвшил гэдэг бол чимээгүй фашизм юм. Чимээгүй фашизм гэдэг нь юугаар анзаарагдаж байна гэхээр төрийн сэнтийгээр мөнгө угаадаг том толгойтой хүмүүс эвсээд байдаг. Доор нь амьдарч буй эгэл жирийн мань мэт шиг амьдралын төлөө зүтгэж буй хүмүүст асар их гайтай тусч байна. Ялангуяа энэ бэлэнчлэх сэтгэлгээ, бэлэн мөнгө амалдаг гай. Халамж гэдэг бол хүнийг амьдаар нь сүг болгож байгаа. Тэгэхээр энэ халамжаас өөр зүйл Монголын төрд байх хэрэгтэй юм. Хүн болгон ямар нэгэн зүйл хийж чадна. Тэр боломжийг нь нээгээд л өг л дөө. Энэ зүйлүүд надад их эмзэг тусдаг. Тэгэхээр би хүн төрөлхтний энэ олон “ИЗМ”-үүдтэй таарах ч үгүй юм байна. Цаашдаа ч таарахгүй байх. Би бүтээлээ хийгээд л явж байгаа хүн. Энэ бүтээлээрээ том албан тушаалтнуудыг шүүмжлээд ч юм уу хэн нэгнийг хүмүүжүүлэх гээд байгаа юм биш. Ийм л байна гэдэг бодит байдлыг л харуулах гэсэн юм.
– Айн Рэнд та хоёрын хэлэх гээд байгаа зүйлийг монголчуудын оюун санаа хэр хүлээж авах бол?
– Ядуу шүү дээ. Иймэрхүү үзлийн жүжгүүдийг цөөхөн хүн үздэг. Монголчуудын 20 хувь нь л ном уншиж байгаа байх. Тэгэхээр хүмүүсийн тоог чамлалгүйгээр зөв мэдээллээр хангадаг байх хэрэгтэй. Хамт олонч үзэлтэй, коммунист бодолтой их ёс суртахууныг дээдэлдэг, худлаа эх оронч царайлдаг хүмүүс энэ жүжгийг яагаад ч хүлээж авч чадахгүй. Америкт болоод баруун Европт олон удаа тавигдсан. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” бол 1933 онд бичсэн хамгийн анхных нь жүжгийн зохиол юм. “Амьд хүмүүс” бол Айн Рэндийн хамгийн анхных нь роман байгаа юм. Хамгийн анхны жүжиг нь дэлхийн орнуудад тавигдсан. Айн Рэндийг өөрийг нь амьд байхад нь тайзнаа тавигдаж байсан юм. Тэрээр амьд байхдаа жүжгийнхээ үйл явц, найруулагчийн тавилт гэх мэтийг зөвшөөрөөгүй юм. Би түүний маш олон зүйлийг уншиж үзсэн. Урьд нь тавьж байсан найруулгыг нь ч харсан. Тэгэхээр хэтэрхий хийсвэр болгохгүйгээр яг Айн Рэндийн өөрийнх нь бодит үнэн байдалд байгаагаар л энэ жүжгийг тавьж үзье гэж бодсон. Би Айн Рэндийн өөрийнх нь бодож байсан амин сүнсийг Монголд анх хийж байгаа гэж бодож байгаа. Нэмээд л, чимээд л уран гоё болгохгүй. Яг л бодит хандлага. Бодит хандлага бол хүний оюун санааг авардаг. Достевский зохиолчийн хэлсэн нэг мундаг үг байдаг юм. “Өөрийн гэсэн толгой, байр суурьгүй, мэдлэггүй хүмүүсийг буруу мэдээллээр хангаад тэгээд боол болгож болдог. Энэ бол аюул” гэж хэлсэн. Айн Рэнд яг ийм л бодол санаатай хүн байсан байгаа юм. Достевский, Аристотель хоёрыг их биширдэг хүн байж . Энэ хүн чинь Платон, Шекспир эд нарыг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Хүмүүс энэ жүжгээс ямар нэгэн сэхээрал авна уу байна уу надад хамаагүй. Би хуучин шиг хүн хүмүүжүүлэх гээд тулгаагүй. Айн Рэнд ч өөрийнхөө үзлийг бусдад тулгадаггүй байсан. Гэхдээ л Айн Рэндийн философи дэлхийд ноёлж байна. Арван жилийн өмнө ном нь дэлхийд хэдэн саяараа борлогдож байсан.
– Яагаад? Дэлхий даяараа л Шекспирийг агуу зохиолч гэж ярьж, бичиж байна шүү дээ?
– Шекспирийн олон сонгодог жүжгүүд бий. Тэр жүжигт тоглосон жүжигчид буюу уран бүтээлчид дандаа хар мөртэй үлддэг гэсэн яриа байдаг юм. Айн Рэнд яагаад Шекспирийг үздэггүй вэ гэхээр өөрөө маш обьектив ханддаг учраас хэт уран сайхан, хэт их чимэглэлийг зөвшөөрдөггүй юм. Чамин гоё үгэнд маш дургүй. Хүн уран гоё үг сонсохоор хөөрдөг. Хүний сэтгэлийн хөдлөлөөр тоглодог. Романтик сэтгэлээр хийж бүтээж байгаа хүмүүсийг хордуулдаг гэж л мань хүн үздэг байх.
– Та жүжгүүдээ бага тайзанд зориулж тавьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?
– Би гурван жүжгээ бага тайзанд амьд орчинд тавьсан. Жүжигчин хүн буруу амьсгалвал тэр нь үзэгчдэд мэдрэгддэг. Зөв амьсгалвал илүү үзэгчдийг татсан мэдрэмж төрдөг. Энэ жүжиг нь Айн Рэндийн үзэл санааг бусдад хүргэхээс гадна жүжигчинд өөрт нь мэргэжлийн зөв суурийг тавих түлхүүр болж байгаа юм.
– “Х түц” продакшныг сонгосон нь бас учиртэй юу?
– Ер нь “Х түц”-ийг би хамгийн анхны жүжигтээ урьсан юм. Батчулуун философичийн орчуулсан “Сайтар эргэцүүл” жүжгэнд энэ хамтлагийг багаар нь урьсан юм. Яагаад гэхээр хошин шогийн театрууд бол өөрсдийн хөдөлмөрөөр амьдардаг. Өөрсдийнхөө баялагийг өөрсдөө л бүтээж байгаа. Тэгэхээр Айн Рэндийн үзэл санаатай их дөт байгаа юм. Төрийн хормойноос аваагүй. Эд нар бол цаг завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Өөрийнхөө капиталыг мэдэрсэн хүмүүс. Ажиллахад амар гэж үзээд “Х түц” продакшнаа урьсан. Мөн гол дүрүүдийн хувьд “To Be or Not To Be” театрчилсан реалити наадмын шилдэг гурван байрт орсон дөрвөн хүүхдийг авсан. Тэгээд бусад жүжигчдийг “Х түц” продакшны жүжигчдээс авч байгаа. Ер нь энэ жүжгийг чиглүүлэх дүрүүд дээр манай Н.Онон, Т.Бархүү хоёр ажиллаж байна. Мөн МУГЖ Аглуу буюу Л.Баттулга, И.Одончимэг нар тус тусын дүрд тоглож байна. Зохиолуудад тодорхой бус дүр байдаг шүү дээ. Харин энэ жүжигт тодорхой бус дүр ерөөс байхгүй. Бүх мөн чанарууд нь тодорхой. Ер нь хүн байгалиас заяасан үнэт чанараа байнга гээдэг. Өөрийнхөө мөн чанарыг илэрхийлж чадахгүй явсаар байгаад л бурханы оронд очдог юм даа чааваас гэдгийг л харуулна даа.