ҮДБЭЧ-ын уран бүтээлийн сэдэв, төрөл, найруулга зүй байнга шинэчлэгдэж, үзэгч-сонсогчдын гоо сайхны таашаал хүлээсээр байгааг батлах нэгэн бүтээл урын санд нь нэмэгдэв. Энэ бол 2012 оны ээлжит уран бүтээл “Салхины дууль” концерт юм. “Салхины дууль” концерт ын уран сайхны шийдэлд чуулгын дэд захирал, найруулагч Н.Болд “Хүннү Гүрэн” түүхэн сэдвийг сонгон авчээ. Үндэсний яриан жүжиг, дуурь, балет, кино зэрэг тайз дэлгэцийн урлагт байвал зохих том сэдвийг концертын цуваа үзүүлбэрт шингээж, үзэгч-сонсогчдод толилуулна гэдэг тус чуулгын хамт олонд ахадсан алхам, санаанд үл багтам зорилт байж болно. Талархууштай нь тэд зорилгодоо хүрч, зорилтоо биелүүлэв. Ямар эрэл хайгуул хийж, аргазүй баримталж ийм амжилт оловоо! Бидний бодлоор, нэг талаас, урлагийн илэрхийлэх дүрслэх баялаг хэл, уран дүрийн ид шид, нөгөө талаас, шинжлэх ухааны нотолгоо баталгааг эш үндэс болгосон бололтой. Шинэ бүтээл дээр ажилласан уран бүтээлийн баг хоёр зүйлийн эрэлд гарчээ. Нэгдүгээрт Хүннү судлалаар мэргэшсэн эрдэмтдийн бичсэн бүтээл, түүх шаштир, сурвалж бичиг олж судлахаар, хоёрдугаарт шинэ бүтээлийнхээ төрөл зүйлийг сонгож билиг авъяас, ур чадвараа сорихоор шийджээ.
Концертын агуулгыг хөтөлбөр дэх “Галт тэнгэр”, “Хүннү бүсгүйчүүд”, “Чонон сүлд”, “Салхины дууль” зэрэг бүжгийн чуулга бүтээлүүдээс “Хүннү дуулал”, “Хүйтэн салхи”, “Умрын чоно”, “Ахын хойноос шимшрэхүй”, “Гэрийн магтаал” зэрэг дуулаачийн бүтээлүүдээс үүнчлэн Хүннү хуур, ятга, цуур лимбэний язгуур ая татлагад үндэслэсэн дан хөгжмийн бүтээлүүдээс тус тус тодруулж болно. Хөшиг нээгдэхэд тайзны хоёр жигүүрт алхан хээгээр чимэглэсэн алтан баганын оройд нүүдэлчдийн шүтээн шонхор шувууны дүрс тонголзоно. Зөөлөн хөшигний нүүрэнд Ноён уулын булшнаас олдсон Хүннү хивсэн дээрх домгийн амьтаны хөрөг дүр солонгорч харагдана. Тайзны гүн дэвсгэрт үүлгүй мөнх хөх тэнгэрт од мичид оч адил гялалзана.
Хөгжимд эх газрын догшин салхи жигд хэмээр хүүгэж шуугина. Салхинд уруудсан адуун сүргийн үүрсэх дуу,чонын улиан, туурайн чимээ тачигнана. Агтчин, адуучин эрсийн хайя хүйе гэх яаруу сандруу дуу сонсогдоно. Умрын салхи Дорно Өрнийг даран салхилах нь энэ аж. Хөгжим солигдож шинэ үзүүлбэр эхлэхэд тайзны голд эрэгтэй эмэгтэй бүжигчид нэг үе үелзэн бөөгнөрч, нэг үе үелзэн задгайрч, үе үе эрчлэн хуйларч бадамлан асах мэт хөдөлгөөн зонхилох нь Хүннү Гүрэн Төрт улсын мандал бадрал, гал голомтын мөнхийн бэлгэдлийг илэрхийлэх мэт. “Галт тэнгэр” хэмээх зан үйлийн гайхамшигт бүжгийг тус чуулгын бүжиг дэглээч А.Даваахүү дэглэж хөгжмийг хөгжмийн зохиолч Д.Ариунболд бичжээ.
Онцлон дурдууштай нэгэн бүтээл бол бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэсэн “Хүннү бүсгүйчүүд”, бүжиг дэглээч Д.Баярбаатарын дэглэсэн “Салхины дууль” бүжиг юм. Эдгээр бүжигт өнөөгийн Ойрадын биелэгийн үндэс болох дал мөрний нухлах хөдөлгөөнийг сонгож оруулсан нь Хүннү бүжгийн уламжлалт донж маяг байж болох юм.
Дуулаачийн үзүүлбэр дотроос судлаачийн анхаарал татсан содон бүтээл бол уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд нарын дуулсан “Ахын хойноос шимшрэхүй”, “Умрын чоно”(МЭӨ III зууны шүлэг) хэмээх дуу юм. Дээрх хоёр дуунд хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр түүхэн шүлэг ашиглаж хөгжим бичжээ.
Угсаатны хөгжим судлал, хөгжмийн аялгын онолын үүднээс авч үзвэл хоёр гурван зуун жилийн өмнөхөөр үл барам хоёр гурван мянган жилийн өмнөх хөгжмийн амьд аялгыг олж тогтооно сэргээнэ гэдэг хэн нэгэн хөгжмийн зохиолчийн барьж идэх “зөөлөн чихэр” биш “хатуу самар” болохыг хөгжмийн зохиолч бүр сайн мэднэ. Ялангуяа түүхэн сэдвээр тайз дэлгэцийн томоохон бүтээл туурвиж буй хөгжмийн зохиолч уран бүтээлчийн энэ зовлонг андахгүй. Харин дуулаачийн хөгжмийн зүй тогтолыг сайн мэдэх хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр монгол хөгжмийн өвөг аялга, хэмнэлийн эрэлд шинжилэх ухааны арга судлалын үүднээс ханджээ. Мөн “Хүйтэн салхи” шүлгэнд (МЭӨ III зуун) хөгжмийн зохиолч Д.Алтантуул нэн сонирхолтой аялгуу хийсэн.
Дорно дахины хөгжим түүний дотор монгол хөгжмийн эгшиг, эгшиглэгээний онолын хувьсал хөгжлийн асуудалд хамаарах аялгын эрэлд хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Д.Алтантуул нар эртний Хятадын Вей улсын судар дахь <<Хүннүчүүд хоолойн чинээгээр уртлуулан дуулах дуртай бөгөөд чонын улилт лугаа төстэй>> гэсэн сурвалж бичгийн мэдээг анхааран судалжээ. Магад ч үгүй дээрх сурвалж дахь домгийн ойлголттой холбогдуулж хөгжим судлаачийн дэвшүүлсэн шинжлэх ухааны таамналыг ч олж үзсэн бололтой. Ямарч болов Хүннү гүрний үед монголчууд уртын дуугаа хоолойн дээд, дунд, доод цараад удаан барилт үүсгэж амьсгалын болон төвөнх хоолойн цөөн цохилго хийж уриа дуудлагын зориулалтаар, уухайлах арга барилаар дуулж байсан болов уу гэсэн судлаачийн таамнал, хөгжмийн зохиолчийн зөнч мэдрэмж давхцаж байгааг олзуурхууштай. Эрлийг сургаар олно. Эрдмийг сурлагаар тэтгэнэ гэгч энэ аж.
Ийнхүү ҮДБЭЧ-ын үзвэрийн их танхимд үзэгч-сонсогчид “Салхины дууль” концертын баялаг хөтөлбөрт соронзон адил татагдаж нэгэн үдшийн цэнгээнд хуримлан жаргав. Өнөөгийн монголчуудын өв их соёл ХҮН ГҮРНЭЭС үүдэлтэй аж. Нүүдэлчдийн урлаг дэлхийг гоёно.
Урлаг судлаач, шүүмжлэгч Жамбалын Энэбиш