Хүмүүсийн хашгичих, машин техникийн хяхтнах чимээ намайг сэрээлээ. Эргэж унтахыг хичээсэн ч нойр хүрэхгүй юм. Өглөө болгон эрт сэрээд сурчихсан бололтой. Босох гэж өндийв. “Юундаа ч яарах билээ” гэж бодогдоно. Буцаж хэвтэв. Тэгсээр байтал нойр бүрэн сэргэх нь тэр. Тэтгэвэртээ гарах гэдэг сонин мэдрэмж. Өчигдөрхөн манай эмнэлэг, манай тасгийнхан намайг тэтгэвэрт гаргасан гэхээр хаашаа юм дээ, өтөл нас руу минь үдэж өгсөн гэвэл болох юм уу. Түүнийгээ бас гавъяаныхаа амралт гэчихжээ. За даа, тэднийг ч хэлэлтгүй, өдий болтол ажиллах хугацаанд олон ч хүн тэтгэвэрт гарч байсан даа. Тэр үед ийм өдөр надад ирэхгүй юм шиг л бодож явж. Цаг хугацаа гэж . . . Хүн болгон л хэзээ нэгэн цагт над шиг ингэж санаа алдацгаадаг байх даа.
Би элдвийг бодож хэзээ ч юм хагарсан, бас хэзээ ч юм хэн нэг нь битүүлж шавардсан адар ширтэн хэвтлээ. Адарын тэр хагархай гүрэлзэж гүрдийн, хөгшин хүний судас шиг санагдана. Яагаад ч юм “Ийм судсанд тариа хийвэл мөн амархан олдоно доо” гэж бодлоо. Ёстой л нөгөө мэргэжлийн өвчин гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа гэж санахаар инээд ч хүрэх шиг. Намайг сэрвэлзээд унахаар тэгсэн үү, өвгөн маань яраглан тамшаалаад дээш харан хэвтлээ. Хажуудаа хүн байгааг гэнэт санасан мэт би түүнийг тогтуун харав. Цав цагаан толгойтой ёнхигор өвгөн л нойрсоно. Сайхан өвгөн. Тиймээ, сайхан ч өвгөн, сайхан ч хүн. Миний хань.
Тэр унтаж байгаа хэдий ч бие цогцос нь сэрж байгаа. Одоо мөдхөн нүдээ нээнэ. Би мэдэж байнаа. Би чинь насаараа эмч хийсэн хүн шүү дээ. Миний бодлыг батлах мэт өвгөн нүдээ алгуурхан нээлээ. Тэгснээ
– Яасан бэ дээ хөгшөөн? Нойр нь хүрдэггүй юү? Тэгдгийм даа тэгдгийм. Хэд хоногоос даснаа хө гэлээ. Би түүний сэрэхийг мэдэж байсан шиг тэр миний нойр сэрвэлзсэний учрыг мэдэж байгаа бололтой. Аргагүй дээ, өвгөн маань цэргийн хүн тул надаас аль эрт, бараг үсэнд нь сор унав уу, үгүй юү тэтгэвэртээ гарсан хүн. Тэгээд л тэтгэвэртээ гарсан эхний өглөө ямар байдгийг мэдэрч байгаа хэрэг. Хөөрхий дөө, яг тэр үедээ над шиг, бүр надаас ч хэцүү байсан биз. Би тэр үед нь юун ингэж ойлгохтой манатай. Харин ч бүр “За тэтгэвэрийн өвгөн минь хоол цайгаа хийгээд, хог шороогоо цэвэрлээд олигтойхон байгаарай. Битгий хов жив ярьж, хавь ойрын эмгэчүүл рүү сэлбэлзээд байгаарай” гэж ирээд л цаашлуулж байж билээ. “Ээ дээ, хүн гэдэг ер нь өөр дээр нь ирэхгүй л бол юу ч ойлгохгүй, мэдрэхгүй сонин амьтан байдаг юм байна даа” гэж ёнхигор шар өвгөний өндөр хамрыг ширтэн хэвтэхдээ бодож байлаа. Тэгтэл өвгөн маань
– Энэ улс одоо хүн амьтан амарч байгаа гэж огт боддоггүй л юм байх даа гэж үглэв.
Нээрээ л намайг сэрээсэн нөгөө чихэнд чийртэй чимээ үргэлжилсээр л байлаа. Манай энэ хавийн хуучин байшингуудыг нурааж оронд нь цоо шинэ өндөр, өндөр барилгууд барьж байгаа юм. Хэзээ мөдгүй манай байрыг ч нураах л юм гэсэн. Хэдийгээр оронд нь орд харш шиг сайхан өргөө барина гэх боловч бараг энэ насны амьдралаа өнгөрүүлсэн байрыг минь нураана гэхээр сэтгэл өвдөх ч шиг. Миний бодлыг тасалж өвгөн
– Хөгшөөн, босч цайгаа чанавал яасын? Одоо унтах ч бүр өнгөрөв бололтой гэж хүнгэнэв.
– За за тэгье дээ, тэгье гээд өндийж цаг харвал 5:45. Цагны хажууд өнгө зүсээ алдаж, үмхэрч ноорсон “Бүжин” хэвтэх суухын завсар өеөлдөж харагдана. Харин гадаа, ирж буй цаг гэсэндээ нар аль хэдийн манджээ. Унтлагын өрөөнөөсөө шууд л гал тогоо руу чиглэлээ. Өглөө эрт болохоор манай цонхон доогуур шахуу өнгөрөх зам чөлөөтэй харагдана. Төд удалгүй үүгээр тоо тоймшгүй олон машин юунд ч юм яаран давхилдах болно.
Өчигдөр манайхны өгсөн цэцэгнүүд ширээн дээр хөглөрч харагдана. Баяр хүргэхэд цэцэг өгөх нь нэг ёсны соёл гэх боловч хэдхэн хоноод үхчихдэг болохоор өнөөх хүргэсэн баяр нь тэгэсгээд дуусчихна гэж боддоггүй л юм байх даа. Миний энэ бодол мэдээж орчин цагийн залууст таалагдахгүй нь лавтай. Гэхдээ нэгэнт ороод ирсэн бодлыг одоо яалтай.
Цайгаа гал дээр тавьчихаад, одоо ингээд усанд ороод шууд л ажилдаа гарах ёстой мэт бодогдоод болох биш. “Өнөөдөр тэгээд юугаа хийх вэ?” Энэ бас л сонин бодол. Урд нь ингэж бодож байснаа санахгүй юм даа. Хийх ажил тодорхой байсан болоод тэр байх. Эмнэлэгтээ асрагч, нярав гээд юүхэн хээхэн хийе гэж даргаасаа гуйдаг ч юм бил үү. Үгүй ээ, тэр ажлыг ч гэсэн хэн нэгэн хүн хийж л байгаа шүү дээ. Тэгэхээр яалаа гэж надад өгөв гэж. За, за олон юм бодож байхаар өнөөдөр гэрээ нэг сайхан цэвэрлэе. Эмэгтэй хүн гэдэг сонин шүү дээ. Гэрээ цэвэрлэж хүртэл жаргаж чаддаг.
Гэрээ тойруулж харлаа. Сэтгэл санаа маань уйтайхан байгаа болохоор тэр үү гэр ч гэсэн гундуухан, бүрэнхий дүү. Хананд өлгөөтэй зурагнууд дунд Сувдаагийн маань зураг аль тэртээ олон жилийн өмнөх шигээ инээмсэглэсэн хэвээрээ ч сэтгэл дагаад тэр үү нүдэнд нь гуниг хурсан ч юм шиг. Гараараа нүүрний шилийг нь арчлаа. Тоос дарчихаж. Ойрд цэвэрлээгүйн дээр хажууханд барилгын ажил хийгдэж байгаа болохоор нэг давхрын цонх онгойлгохгүйг хичээх ч яаж ийж байгаад л шороо дараад болж өгөхгүй юм. Түүний зургийг ширтжээ зогстол нэгэн гар мөрөн дээр минь зөөлхөн хүрлээ. Өвгөн маань босчихож.
– Энэ зургийг харахаар яг л тэр үеийнх шигээ байгаа юм шиг санагддаг гэж тэр маань хэлж байна. “Тиймээ, яг л тэр үеийнх шигээ” гэж бодсон ч түүнд юм хэлсэнгүй, толгой л дохилоо. Өвгөн хэсэг харж зогссоноо цааш эргэн явав. Бодвол угаалгын өрөө рүү биз. Өвгөнтэйгээ хоёул цайгаа уучихаад гэрээ цэвэрлэлээ. Цаг өнгөрөөд аятайхан ч юм шиг. Гэтэл гэнэтхэн “Өнөөдөр дуусчихвал маргааш юугаа хийнээ” гэсэн бодол харвав.
– Өвгөөн! Өнөөдөр ч яахав. Маргааш юугаа хийнээ гэтэл
– Хийх юм аяндаа олддог юмаа. Ер нь тэгээд тэгж, ингэжээ байтал өдөр өнгөрчихнө шүү дээ гэж өнөөх чинь их л туршлагатай цаг өнгөрөөгчийн дүрд хувилав.
– Анхмаагийнд очдог юм билүү? гэтэл
– Хаа байсан Дархан руу яаж явах вэ. Тэгээд ч тэр чинь чи бид хоёрыг бодвол залуу хүн шүү дээ гэнэ.
“Нээрээ ч тийм дээ. Биднээс залуу юм болохоор тэтгэвэртээ гараагүй байж таарна даа” гэж бодохтой зэрэг атаа төрөх ч шиг. Өвгөн миний сэтгэлийг ойлгов бололтой
– Хөгшөөн! Санаа зоволтгүй дээ. Маргаашнаас бага охины банди нар шуугилдаад л ирнэ. Чи ч хэрдээ таарсан ажилтай болно гэсэн үг гэлээ. Бид хоёр охинтой, таван зээтэй хүмүүс л дээ. Том охиноос минь хоёр охин, бага охиноос минь гурван банди төрсөн юм.
Нээрээ л өвгөний хэлснээр маргааш гэлтгүй оройдоо охид, хүргэдүүд бөөнөөрөө ирцгээлээ. Намайг тэтгэвэрт гарлаа гэж баярлацгааж байна гэх үү, эсвэл эмзэглэж байна гэх үү ямартаа ч бид сайхан хоол хийж, бөөнөөрөө бужигнацгаалаа даа. Манай бага хүргэн их гярхай. Намайг юу бодож байгааг гадарласан бололтой
– Ээж, тэгээд одоо юу хийе гэж бодож байна даа гэхэд Сувдаа
– Ажил нь бэлэн ш дээ. Манай гурав байна гэх нь хүүхэд хар л гэсэн үг бололтой. Харин том охин маань
– Цаг сайхан дулаарч байгаа юм чинь аав ээж хоёр амралтанд явна байгаа. Одоо мөдхөн зуны эхэн сар гарлаа гэхэд Сувдаа
– Өө, дэмий, дэмий, хаврын хавсарганд жиндчихнэ. Тэгснээс зунаас болсон нь дээр гэхэд өвгөн
– Хэ, зун ч мэдэхгүй ээ. Хүүхдүүд амраад ирэхээр биднийг ер нь гэрээс гаргах уу? гэхэд том хүргэн
– Харин тийм. Эдний гурав, дээр нь манай хоёр нэмэгдчихээр мөн ч бужигнана даа гэх нь бас л хоёр охиноо харуулах бололтой. Тэгтэл бага хүргэн маань
– Ээж одоо завтай болсон юм чинь ном бичээч гэхэд бид бүгдээрээ гайхацгаалаа. Би ч гэсэн бүр мэлэрч гүйцэв. Сувдаа
– Чи юу яриад байгаа юм бэ? Насаараа эмч хийсэн хүн яаж ном бичих юм? Манай энэ их сонион гээд толгойгоо түүн рүү сэжихэд хүргэн
– Юу хийж явсан нь ямар хамаатай юм. Насаараа амьдарна гэдэг чинь л өөрөө ном байхгүй юу. Тэгээд ч аав ээж хоёрын амьдрал сонин ш дээ. Сувдаа
– Юу нь сонин гэж? Чи одоо өөлөөд байгаа юм уу хаашаа юм гэж шарвалзахад том хүргэн дэмжих өнгөөр
– Харин. . .? Би ер ойлгосонгүй гэхэд том охин нилээн бодож сууснаа
– Дүүгийн зөв юм байна гэхэд Сувдаа өөрийгөө гэж бодов бололтой царайд нь итгэл тодров. Тэгтэл том охин цааш нь
– Та дурсамжаа бич. Хажууд чинь аав байна. Мартсаныг чинь сануулах болно. Бидний амьдрал нээрээ л сонин, гоё ш дээ. Хүмүүст сонирхолтой. Харин бичээд дуусахад нь би хүнд үзүүлж хэл, найруулга дээр нь засаж янзлуулъя гэхэд Сувдаа
– Өө, тэгээд энэ олон мангаруудыг яах юм бэ? гээд уруулаа унжуулав. Олон мангарууд гэдэг нь гурван хүүгээ хэлж байгаа юм. Бага хүргэн эхнэрээ хараад инээж л суух. Эгч нь
– Чи одоо битгий урваганаад бай л даа. Одоо яаж болоод байгаа юм түүгээрээ л болно биз гэлээ. Түрүүнээс хойш дуугуйхан сууж байсан өвгөн маань
– Миний охидууд том ээжүүд болчихоод битгий ингэж муудалцаж бай. Өнгөрч буй өдөр хоног бүхэн биднээс явж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ зүгээр л аав ээждээ аваад ир. Эд яахав жаахан шуугилдана л биз. Гараас гарчихсан амьтад яав л гэж гэснээ надад хандан
– Миний хөгшин ч гэсэн бич. Хүүхдүүдийн хэлж байгаа зөв шүү. Би ч гэсэн мартсан санаснаа сэргээе. Ер нь тэгээд их сайхан санаа байна шүү гэж бид бүгдийн эвийг оллоо. Угаасаа л ингэдэг юм даа, зайлуул. Сувдаагийн маань хошуу цаашилж, том хүргэний маань ч санаа амрах шиг болов. Сонин шүү. Манай Сувдаа, том хүргэн хоёрын зан авир төстэй. Харин том охин бага хүргэн хоёрын санаа дандаа нийлнэ. Эсрэг тэсрэгийн хууль гэдэг л энэ юм байх даа.
Хүүхдүүд маань хэсэг бужигнаад явцгаалаа.
– Багачуулаа үлдээхгүй юм уу? гэж намайг хэлэхэд
– Маргаашнаас болъё гэцгээв.
Тэднийг явсны дараа миний сэтгэл гэгэлзэж орхилоо. Байн, байн түүний зураг руу ширтэнэ. Хажууд нь хоёр туулай тэвэрсэн охины зураг байна. Жинхэнэ туулай биш л дээ, чихмэл. Өвгөн маань намайг ажиглаад байгаа бололтой. Тэгэхээр нь
– Би бичиж чадах болов уу? гэж итгэл муутайхан асуув.
– Бүгдийг нь биш юмаа гэхэд хамгийн сэтгэлд хоногшсон хэсгийг нь бичихэд л болно шүү дээ гэлээ. Бодоод үзэхэд бас тийм юм.
– Заавал тэр ном нь ч юүв. Зүгээр л дурсамж, тэмдэглэл байж болно биз дээ? Түүнээс илүүг би чадахгүй байх гэтэл
– Бололгүй дээ. Их том юм бодоод юүхэв гэлээ.
Тэр шөнө би бас л хөрвөөж хонолоо. Шөнө дунд арай ч барилгын ажил хийхгүй тул нам гүмхэн. Хажууд, өвгөний жигдхэн амьсгаа сонсогдоно. Гадуур хаа нэг машин өнгөрч байгаа бололтой үе үе өрөөгөөр нэг цагаан гэрэл цацраад алга болно. Орны хажуугийн шүүгээн дээрх “Бүжин” гэрэлд учиргүй тодорч ирснээ бүдгэрнэ. “Энэ туулай бид хоёрт их түүх бий” гэж бодохтой зэрэг энэ хавиас л дурсамжаа эхлэх юм байна даа гэж санагдаад баяр ч хүрэх шиг болж “Бүжин”-гээ авч үнслээ. Түүнээс тоос үнэртэж байна. Өвгөн маань унтаж байсан хэрнээ гараа явуулж миний гарыг атгалаа. Би тэгсгээд нам унтсан юм байж.
Дахиад л нөгөө барилгачдын дуу чимээ түжигнэж сэрлээ. Хорвоогийн дахиад нэг өглөө эхэлж байгаа нь энэ.
Яг энэ өглөөнөөс эхэлж би орчноо мартаж эхлэв. За, юун сүртэй юм. Гэнэтхэн зохиолч болчихлоо гэх гэж байгаа юм биш биз дээ гэж хэн нэг нь бодох л байх. Гэхдээ л би өнгөрсөндөө умбасан хэрэг. Нэгэнт би “Бүжин” буюу өөрт минь өдий хүртэл хадгалагдаж байгаа туулайн чихмэлээсээ эхэлнэ гэсэн болохоор тэндээсээ л эхлэхээс өөр арга алга. Энэ туулайг надад миний анхны хайрын эзэн, бүтэлгүй дурлалын учиг, энэ дэлхийд мэндлэх хувьгүй тэр нэгэн хүний эцэг эцсийн удаа уулзахдаа өгсөн юм. Чухам яагаад өгсөнийг би ойлгоддоггүй. Гэхдээ яагаад өдий болтол хадгалж, бүр чин сэтгэлээсээ хайрлаж явдагаа бол ухаардаг.
* * *
Тэр шар хөвгүүн бид хоёр нэг байранд, бүр нэг орцонд байдаг байлаа. Түүнийг Сүхээ гэнэ. Тэднийх нэг давхарт. Манайх гурван давхарт. Манай байр хотын төвийн, төв зам дагуух ягаан байшингуудын нэг л дээ. Энэ хавийг тавин мянгат гэдэг. Цагтаа монголын гайгүй сэхээтэн, одооны хэлээр бол элит гэмээр айлууд амьдрана. Үнэндээ бол хөдөөнөөс анх л ирж хотожсон хэсэг нь гэсэн үг юм даа. Манай дээд талд Анхмаа гэдэг охинтой айл байв. Надаас нилээн хэд дүү. Тэр үед намайг эгчээ, эгчээ гээд гүйдэг байснаа сүүлдээ чи, чи болж хувирсан юмдаг. Бодвол найз болж байсан нь тэр байх. Манай доод талын Сүхээгийнх нилээн сүүлд нүүж ирсэн юм. Сүхээ бид хоёр маш сайхан, дэндүү сайхан үерхэж байлаа. Тэр үеийн хүүхдүүд байраараа их нийлнэ. Манай байранд олон л хүүхэд байсан ч шинээр нүүж ирсэн гэдэг утгаараа ганцхан би ч биш бүх хүүхдүүд, тэр дундаа охидууд Сүхээг их сонирхож байсан юм. Тэр орос сургуульд явна. Энэ нь түүний царай муутай гэдэг үзүүлэлтийг дарж байв. Гэтэл тэр банди гитарыг гайхалтай гоё тоглоно. Бас болоогүй ээ, сагсан бөмбөгт хачин эвсэлтэй. Түүнийхээ хажуугаар нэг их сонин инээнэ. Нэг тийм юу гэмээр юм дээ. Түүнийг инээхээр ганцхан би ч биш манай байрны бүх охидууд хачин болчихдог байж билээ. Магадгүй бидний бяцхан зүрхэнд анхны хайр эсвэл эсрэг хүйстнээ сонирхох анхны мэдрэмж ирж байсан ч байж болох юм. Тэрийг мэдсэн юм шиг Сүхээ сонин инээмсэглэлээ зөвхөн над руу л өгөөд байх шиг. Бид хоёр нэг орцных болохоор тэр үү цуг байх нь элбэг. Тухайн үеийн хүүхдүүд орцондоо, эсвэл орцныхоо өмнө гитар тоглож эсвэл буу халж (худлаа ярьж) ихэнх цагаа өнгөрөөдөгсөн. Эцэг эх гэж яасан ч их ажилтай улс байсан юм. Хар өглөө гараад л харуй бүрийгээр ирэх. Тэднийг орой ирэхэд нь гэр цэвэрхэн, аяга хоол бэлэн байвал болдог байлаа. Ер нь ийм байлгаж чадвал ажилтай, сайн охиндоо орно шүү. Тэгээд л бусад цаг биднийх.
Удалгүй Сүхээ бид хоёр үерхсэн юмаа. Байрныхан байтугай сургууль даяараа мэддэг боллоо. Манай ангийнхан, чи орос сургуулийн тэрэнтэй үерхэж байгаа юм уу? гээд л. Сүхээ ч гэсэн намайг хэрээрээ л хайрлана. Хорин дөрвийн чихэр, жаран мөнгөний мөхөөлдөс идэхгүй өдөр надад байсангүй. Хааяа кино үзнэ. Тэр үеийн үерхэл харьцангуй энгийн, харьцангуй даруухан байсан санагддаг юм. Магадгүй, үе үеийн үерхэл тухайн цагтаа тийм байдаг байж болох л юм.
Бидний үерхэл даамжирсаар нэг л өдөр том хүний хэмжээнд очсым даа. Итгэмээргүй. Яг эхэндээ бол юу болоод байгааг ухаараагүй байтал нэг мэдэхэд би нус нулимстайгаа холилдчихсон тэдний жижиг өрөөнд байж байсан юм. Гэхдээ надад тийм ч муухай санагдаагүй. Харин юунаас ч юм их айж байлаа. Айсан ичсэнээ ч ялгахгүй тэднийхээс гараад дээшээ, гэр лүүгээ гүйж билээ. Өдөр болохоор л Сүхээ манай хаалгыг тогшино. Би онгойлгож өгөхгүй. Лав л гурав хоног түүнтэй уулзаагүй юмдаг. Гээд яахав дээ нэг л өдөр гарч, тэр өдрөөс эхлэн түүнийхээ гараас хөтлөн энэ хорвоо зөвхөн бид хоёрынх юм шиг явцгаасансан. Тэр үе яг одоогийнх шиг хавар цаг байлаа. Тэр ч, би ч төгсөх анги.
Гэтэл . . . гэтэл нэг л өдөр болохоо байлаа. Би жирэмсэн болчих нь тэр. Айсан гэж юүхэв. Тэр үед ямар одооных шиг тест энэ тэр гэж байсан биш. Биений юм ирэхээ байчихлаа. Гайхсандаа тэнэг юм шиг ээждээ хэлж орхив. Хүүхэд байж дээ. Ээж гэдэг хүн манараад явчих нь тэр.
Үргэлжлэл бий