Холливудынхны гэмээр чөлөөтэй байдлаараа ямагт бусдаас ялгарч чаддаг хүн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр.
“Ямагт өөрийнхөөрөө” гэсэн зарчимтай энэ бүсгүйг “Өглөөний зочин”-оор урьж, эрх чөлөө, эрч хүч ханхалсан яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед үзэгчид таныг дуулахаасаа илүү загварын тайзан дээр алхаж явааг харах боллоо. Тиймээс ч загварын ертөнц рүү урвачихав уу гэх бяцхан хардлага фэнүүдийн тань сэтгэлд төрж байгаа байх?
-Дизайнер Г.Золцэцэг болон “Queen” загварын төвийн захирал Д.Энхмаа хоёр миний найзууд. Тиймээс би найзуудтайгаа хамтран ажиллаж, “Queen fashion house”-ийн дүр төрхөөр ажиллаж байгаа.Хамгийн сүүлд зөвхөн надад зориулж хийсэн даашинзыг өмсөж, Монголын шилдэг загвар өмсөгчидтэй нэгэн тайзнаа алхаж, “Катя.Зол” загварыг танилцуулах шоуг нээсэндээ маш их баяртай байна.Эмэгтэй хүн бүр л сайхан хувцас өмсөөд, олон хүний өмнө өөртөө итгэлтэй алхахыг хүсдэг. Би ч бас багаасаа загвар өмсөгчид шиг болохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлээд алхаж явахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн шүү.
-Таны тоглосон “Гэнэтийн бэлэг” романтик жүжгийн нээлт маргааш болно. Жүжигчин болох ч бас таны багын мөрөөдөл үү?
-Тийм ээ. Кинонд тоглох юмсан гэж мөрөөддөг байснаас тайзны уран бүтээлд хүч үзнэ гэж бодож байсангүй. Гэвч жүжигчин Э.Ууганбаярыг анх санал тавихад ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн.
Яагаад гэвэл тэр хүн надад итгэсэн учраас л санал тавьж байгаа хэрэг. Тиймээс би итгэлийг нь даах ёстой.
-Бас “Universe best songs” тэмцээний хөндлөнгийн шүүгчээр ажиллаж байгаа. 2013 онд тун ч завгүй байх нь ээ?
-Хоёрдугаар сараас эхлээд маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уран бүтээлчдийн зүгээс тавьж байгаа саналууд намайг зогсолтгүй эрч хүчтэй байх урам зориг хайрладаг. Ер нь хүн өөрөө хүсвэл бүх зүйлд цаг зав гаргаж, юуг ч бүтээж чадна.Тиймээс цаашид илүү ихийг бүтээж, дахин давтагдашгүй, супер бүтээлүүдтэй болохыг хүсч байна. Монгол уран бүтээлчийн орон зайг олон улсын хэмжээнд гаргаж ирмээр байна. Мөрөөдөл маань хэзээ нэгэн цагт биелэх байх.Уран бүтээл бүрээс шинэ зүйл сурч авч байгаа учраас мөрөөдөл минь биелэхгүй байсан ч хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна. Тиймээс өдөр бүр урагшаа тэмүүлж, илүү том алхахыг хүсч байна.
-“Гэнэтийн бэлэг” жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?
-Галзууртлаа дурласан бүсгүйн дүрд тоглож байгаа. Бидний үеийн залуус манай жүжгээс “Хүн яаж амьдарвал хамгийн зөв бэ” гэдгээ ухаараасай гэж хүсч байна. Ер нь хүн хайраа л зөв сонговол насан туршийн жаргалаа олдог гэж би боддог.
-Бодит амьдрал дээр галзууртлаа дурлаж байв уу?
-Хүнд байдаг бүхий л сэтгэл хөдлөл надад бий. Гэхдээ хүн аливаа зүйлийг заавал биеэр туулж биш бусдын амьдралыг хөндлөнгөөс хараад туршлага судалж, суралцаж байх хэрэгтэй.
-Насан туршийн аз жаргалаа хайсаар л явна уу?
-Би хэн нэгэнд бэлтгэгдэж байгаа. Надад ч бас хэн нэгэн бэлтгэгдэж байгаа. Би амьдралд хазгай гишгэж, бусдын өмнө буруутай зүйл хийгээгүй болохоор амьдрал надад өгөөмөр хандана гэдэгт итгэдэг.Тиймээс надад зориулан хамгийн сайн эр хүнийг бэлтгэж байгаа гэж бодож байна. Тэр хайр хэзээ над дээр ирэхийг хүлээгээд л сууж байна.
-Эмэгтэй хүн нас ахих тусмаа хашир сууж, эрчүүдэд тавих шалгуураа хэтрүүлдэг гэдэг. Гэтэл зарим нь бодит байдлыг олж харж, эр хүнд тавих шалгуураа багасгадаг ч гэлцдэг. Таны хувьд?
-Хэрэв би хүсэх юм бол өнөөдөр ч амьдрал зохиоход бэлэн. Гэвч хийхээр төлөвлөсөн, бүтээхийг зорьж байгаа зүйл надад бий. Бас намайг хийж чадна гэж итгэж найдаж байгаа хүмүүс олон байна.
Тиймээс би амьдрал зохиохоосоо өмнө хийхийг хүссэн зүйлээ амжуулж, энэ нийгэмд өөрийн гэсэн байр сууриа баттай тавих хэрэгтэй. Тэгж чадсан цагт аз жаргал, амжилтын бүх л хаалга миний өмнө нээлттэй болно.
-Та бусдад гэнэтийн бэлэг барих дуртай юу?
-Тэгэлгүй яах вэ. Уран бүтээлээрээ ч, хувь хүнийхээ хувьд ч ямагт давтагдашгүй байхыг эрмэлздэг.
-Тэгвэл амьдрал танд гэнэтийн бэлэг хэр барьж байна вэ?
-Уран бүтээлийн саналууд, намайг хүрээлж байгаа хүмүүс, найз нөхөд, шинэ танил гээд амьдралд тохиолдож байгаа юм бүхэн гэнэтийн бэлэг шүү дээ. Цаашид хамгийн аз жаргалтай төгсгөлийг надад илгээгээсэй гэж хүсч байна.
-Олон охид Укаг толинд харсан мэт адилхан байхыг хүсдэг. Та тэдэнд юугаараа үлгэрлэхийг эрмэлздэг вэ?
-Хамгийн гол нь юу хүсч байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Бусдыг дуурайж, дүр бүтээх тусам хүн өөрийгөө алддаг. Тиймээс өөрийгөө олох нь л чухал. Хүн бүр өөрийн гэсэн чадах зүйлийг бүтээх үүрэг даалгавартайгаар энэ амьдралд ирдэг. Бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй ч байсан хамаагүй, цаг үргэлж өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.Ер нь би цаг үргэлж аз жаргалтай байхыг хүсдэг. Магадгүй дэндүү даварсан хүсэл байж болох юм. Гэвч хийх ёстойгоо хийж, өөрийгөө хөгжүүлж, сайн сайхан зүйл хүсч мөрөөдөн, муу юмнаас хол явсан цагт амьдрал надаас юугаа ч харамлахгүй байх аа.
-Гэхдээ хүн жаргалаас илүү зовлон даадаг гэдэг шүү дээ. Хааяа ч болов ганцаардахыг хүсдэггүй гэж үү?
-Хүн ганцаардлаас өөрийгөө олдог. Би ч бас ганцаардлаас юу хүсч байгаагаа мэдэрдэг. Тиймээс ганцаараа байхыг үе үехэн хүсдэг.
-Та заримдаа хажуудаа сууж байгаа хүмүүсийг суудлаасаа бостол нь доргиож чаддаг. Гэтэл зарим хүнд энэ нь хоосон дүр эсгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг талтай?
-Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тиймээс хүмүүс намайг өөр өөрийнхөөрөө харж байгаа. Би тэр бүхэнд эмзэглэдэггүй. Харин ч бүх хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг.Гэхдээ би хүн бүрт таалагдах албагүй. Бусдад саад болохгүй л бол өөрийнхөөрөө байхаас эмээж, санаа зовоод байх хэрэггүй.
-“Киви” хамтлаг сүүлийн жилүүдэд нэг л нам гүм байна. Хэдийгээр та нар “Бид тараагүй” гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч хүмүүс үүнд нэг л итгэж өгөхгүй байх шиг ээ?
-Юуны өмнө “Киви” хамтлаг яг хуучин бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Дуучин Б.Мишээл эгчтэй хамтран дуулсан нэгэн шинэ уран бүтээлээ тун удахгүй үзэгчдэдээ хүргэх гэж байна. Мөн тавдугаар сард “Uka and Kiwi” цомгоо нээж, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэтээр төлөвлөсөн ажил их байгаа болохоор хүмүүс удахгүй “Киви” эргэн ирж байгааг мэдрэх байх аа.
-“Киви”-гийн бүсгүйчүүд продюсер Б.Ангирмаагийнхаа зааваргүйгээр нэг ч алхам хийдэггүй гэж ойлгодог хүмүүс цөөнгүй. Та гурвыг нөхөрт гарахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой гэж тайлбарлах нь ч бий?
-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Бид өөрсдөөсөө насаар ахмад, ажил амьдралын туршлагатай хүмүүсийн үгийг сонсож, үлгэр дуурайлал авах нь зүйн хэрэг. Залуу хүмүүс өөрийнхөөрөө зүтгээд, ажил амьдралд дандаа онож чадахгүй.
-Багшдаа гомдох үе гарна биз?
-Хүн л юм хойно гомдох үе гаралгүй яах вэ. Бүх зүйл сайн сайхан байна гэж үгүй. Гэхдээ хэн нэгэнд гомдсон гомдлоо тээгээд яваад байвал өөрийнхөө ертөнцийг бусниулна.Тиймээс хэцүү зүйл тохиолдох үед “Би живж болохгүй. Туулаад л гарах ёстой” гэж өөртөө сануулдаг. Тэгээд хаана сайхан зүйл байна, тэр газарт байхыг хичээдэг.
-Таныг “Камертон”-ы Мээдээд хайртай байсан гэсэн яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?
-Хүүхэд байхаасаа л Мээдээ ахыг шүтдэг, уран бүтээлүүдийг нь сонсдог байлаа.
Гэхдээ энэ нь зүгээр нэг хүндэтгэл үү, эсвэл дурлал байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.
"Ц.Баттуяа