Хэрүүлчийн дамжаагаар мөнгө олно гэж үнэндээ би бодож байгаагүй л дээ. Санаандгүй юмаар дүүрэн байдаг хүний амьдрал хойно доо. Нэг өглөө автобусанд суутал бөөн хэрүүл угтлаа.
-Мөнгөө төлж чадахгүй байж юугаа хийж орж ирсэн хулгайч вэ гэж кондуктор авгай ихэд бухимдсан бололтой амьсгал давхцуулан хэлэв.
-Яадаг юм, ядарсан хүн суугаад дөхчихье. Намайг суучихаар хэмхэрчих гээд байна уу гэж хижээлдүү насны навсархай хувцастай, халамцуу эр хэдэрлээд бүүр сандалд сууж тухаллаа.
-Чи бос, наад мөнгөө төлсөн хүнд суудал өг.
-Би хөл муутай гээд хээв нэг сууж байв. «Мөн янзын нөхөр юм даа» гэж би дотроо бодож байтал» нөгөө эрийн цаана суусан залуухан бүсгүй,
-Та зүгээр суугаач ээ.
-Би яасан юм.
-Наад гараа аваач ээ.
-Би гараа хаана тавихаа чамаар заалгах юм уу?
-Өөрийнхөө юман дээр тавиач ээ. Автобусанд явсан хүмүүс нир хийтэл инээлдэв. Бүсгүй ичингүйрч цонх руу харав.
-Заачих юм байна л даа, юман дээрээ гараа тавиад яв гэнэ ээ гэхэд хүмүүс дахиад л инээлдэв. Инээдэн дундаас,
-Хөгширч үхэх гэж байж, зүгээр яваач ээ гэж ахимаг насны эр нэлээд омогтой хэлэв.
-Битгий солиор, би чам шиг чалхгүй болчихоогүй байна. Хүмүүс бас л инээлдэв. Нөгөө эр санаа нь зовсон бололтой «Хн» гэж хамар доороо дуугараад хаалга руу зүтгэв. Эндээс л би хэрүүлийн ид шидийг мэдэрч эхлэлээ. Тэрээр шууд л хэрүүл судлах ажилд орлоо. Эхлээд хаагуур явж, ямар хүмүүстэй уулзах тухай нарийн тооцоо гаргалаа.
Хүн ихтэй хар захыг зорилоо. Хаалганд тулж очив уу үгүй юу миний ажил эхэллээ дээ. Хаалгаар орох гэж зүтгэсэн авгай үүдэнд мөнгө хураагч эмэгтэйтэй ач тач үзэж байв.
-Юун сүртэй новш вэ, энүүхнээс юм аваад эргэхийн хооронд -Сүртэйсээд байх юм байхгүй, мөнгөө төл,
-Гучхан төгрөгөн дээр үхлээ юү.
-Гучхан юм бол өгчихөө ч чи, чадахгүй ш дээ.
-Өгөхгүй, за юу, чам шиг юманд бол бүр ч өгөхгүй,
-Тэгвэл чам шиг юмыг оруулдаггүй юм, за юу.
-Тэгвэл чам шиг юмны хажуугаар ордоггүй юм, за юу гээд нүүр лүү нь ямар нэг юм шидээд нөгөө хүүхэн эргэлээ. Хаалгач хүүхэн хаалгаа хаяад нөгөө хүүхний араас гүйв. Түүний хойгуур тэр хаалгаар хамаг хүн орж эхлэв. Хажуугийн хаалгачгүй хаалгаар хүмүүс ороод байхыг харсан хажуу хаалганы хүүхэн тэнд очиж зогсвол нөгөө хаалгаар нь хүмүүүс орж эхэллээ. Нөгөө хүүхэн хаалгач хоёр ач тач хэрэлдсээр байв.
-Чи наадахаа хаяач ээ. Хамаг хүн ороод дууслаа гэж хашгирсан ч нөгөө хаалгач эргэж ирсэнгүй. Түүнийхээ араас үлдсэн хаалгач явлаа. Уг хаалган дээр гурван хүүхэн зогсдог аж.
Гэрт ирсэн чинь манай эхнэр гэж нэг унхиагүй юм хүүгийн ангийн багш ирээд загнаж байгаад ном авна гээд хамаг мөнгө аваад явчихлаа гэсээр угтав. Урьд бас нэг согтуу нөхөр агсам тавьж байгаад мөнгө аваад явсан байсан.
-Дүлий дүмбэ оргиод суугаад байх юм. Тас загнаад гаргахгүй яасан юм. Арчаагүй гэдэг нь.
-Яаж ч болсонгүй л дээ хэмээгээд буруугаа ойлгосон бололтой дуугүй болов. Хүний урдаас харж байгаад гурван үг хэлчихэж чадахгүй ийм авгайтай байснаас байгаагүй нь дээр гэж дэмий л дотроо бухимдаад өнгөрлөө. Энэ цагаас хойш эхнэрээ хэрүүлд сургахгүй бол манайх гэдэг айл хол явахгүй нь гэж бодогдоод байж сууж болдоггүй.
-Чи хүний нүд рүү харж байгаад хоёр сайхан час хийсэн үг хэлчихээч гэж гуйж үзлээ, бүр загнаад ч нэмэргүй. Нөгөө л ус балгасан юм шиг дүмбийсэн хэвээрээ… зах дээр дагуулж очлоо, автобусанд суугаад мөнгө хураагч яаж хүнтэй хэрэлдэж байгааг харууллаа. Бүр сүүлдээ вагоны үйлчлэгч нар яаж хүн загнаж байгаа үзүүлэх гэж вагонд хүртэл сууж үзлээ. Аргаа бараад хэлэх үггүй болж, хэд хоног бодолд дарагдаад хэвтэж байтал:
-Автобусанд ажиллаад үздэг юм бил үү… хэмээн эхнэр ам нээлээ. Би баярласан гэж яана. Ингээд л автобус баазаар өдөр шөнөгүй гүйсний хүчинд нэгэн хувийн автобусанд кондуктар хийлгэхээр болов. Нэг сар явлаа, цалин ч байхгүй, хэрэлдэж ч сурсангүй… урагшгүй авгай хэрүүл хийж чадахгүй туулай зөөсөөр байж манайх ч, жолооч ч хоосон хонох болов. Учир нь олсон орлгоосоо хамаарч, манай амьдрал өөрчлөгдөх ёстой байв. Нөгөө автобусны жолооч бөөн гомдол болж, жаахан халамцуу манайд орж ирээд агсам тавьж, хэрэг мандаж байтал эхнэр:
-Хө ерөө, тэгж ярих юм бол миний олсон мөнгөөр тэрэг чинь хөдөлж байгаа шүү. Чимээгүй байгаад байсан чинь одоо бүр даврах нь… гэж ирээд л тачигнадаг юм байна. Миний зүрх бараг л хаагдах дөхлөө. Юу юу гэж энэ жолоочийг гуйсныг тэнэг авгай яаж мэдэх билээ. Ингээд л өнгөрдөг байж гэж бодож байтал жолооч:
-Уухайс даа, энэ чинь болж байна шүү дээ. Маргаашнаас эхлээд чи яг надтай хэрэлдсэн шигээ л хэрүүл хийж чадвал болох нь тэр гэж ихэд баяр хөөртэй дуу алддаг юм байна.
-Нээрээ тийм шүү, ёстой үнэн гэж би дэм өглөө.
Харин маргааш орой нь эхнэр маань хоёр гартаа тор дүүрэн хүнсний зүйл чихээд барьчихсан мишээл тодруулсаар орж ирлээ. Энэ цагаас хойш манай амьдрал эрс өөрчлөгдөж, би ч эхнэрээ улам гарамгай хэрүүлч болгохын төлөө байдаг бүхнээ дайчлан зүтгэв ээ.
Тэр өдрөөс хойш хоёрхон сарын дараа эхнэр маань тэс ондоо хүн болсон байв. Тэрээр гэртээ орж ирээд л
-Алив аяга… юугаа хийгээд хөдөлж ядаад байгаа юм. Албатай биш шүү. Хохь чинь шүү. Орон дотроо хүртэл,
-Аль цааш хэвт, наашаа хар, толгойгоо өөд нь, гараа ийшээ гэх мэтээр хар яр хийдэг болов. Би ч түүнд санаа зовсонгүй. Дамжаа маань амжилттай болж байгаад учиргүй баярлаж байлаа. Эхнэр маань сайн хэрэлдсэний хүчинд манай гэр чинь сэв хийтэл өөрчлөгдөж, би шинэхэн диван дээр хөлбөрч, том дэлгэцийн зурагт алсаас удирдаж, хөргегчнөөс хүйтэн пиво шимсэн шиг тарвалзах боллоо. Том охиноо дагуулаад яв гэсэн миний үгэнд орсон авгай охиныг нөгөө ээлжиндээ оруулж манайх гэдэг айл шинэ байранд орох тухай хөөрөлддөг боллоо. Харин энэ сайхан байдал тийм удаан үргэлжилсэнгүй. Нэг л хазгай болоод байх шиг санагдах боллоо. Эхнэр маань бүр сүүлдээ:
-Чи бол туракны таворш… ничбоо… гээд ирсэн нь эхнэрийн маань дамжаа монголоос хэтрээд гадаад руу гарсан нь тодорхой боллоо. Өдөр шөнөгүй манайхаар холхиж байдаг хүмүүс ирэх нь цөөрсөөр байж, бүр сүүлдээ хамаатан садан, тэр бүү хэл төрсөн ах дүү нар маань хүртэл үзэгдэхээ болилоо. Охины дамжаа бас л биш боллоо.
-Эцэг гуай тэгчихвэл яаж байна. Хөөе өвгөн нэг тамхи шидчих дээ гэх мэтээр ярих энүүхэнд боллоо. Хагас жилийн дараа ганцаараа гэрийн ажлаа хийж, охин авгай хоёрын хоол бэлдэж, хувцас угаасан шиг өдөр хоног өнгөрөөх болов.
-Аль эхнэр сайхан сүүтэй цай…, өөхтэйхөн мах чанаарай, томхон шил архи аваарай, сайн танил минь ирнэ. Ингэж би хэлдэг байсан эсэхээ ч мартах шахжээ. Одоо бол бүр эстгүй юм болсон. Гэр жаахан зэврүүхэн байхад ороод ирвэл:
-Хөөш, би хөлдөөгчинд ороод ирэв үү яав. Хэдэн хар чулуу зуух руу шидчихэд гар чинь тасарчих гээд байна уу, аан гэж ирээд л ширэв татна. Халуун цай хийгээд:
-Май хөгшин, цай уу. Шинэ сүүгээр чанасан гэвэл:
-Битгий далдагнаад бай, айраг сүү ялгадаггүй л мал байсан даг. Одоо л шинэ хуучныг ялгадаг болчихож гэнэ гэж ирээд тас загнана. Тарган хонины махаар хоол хийгээд өгөхөөр:
-Чи ямар гахай тэжээж байгаа юм уу, эсвэл санаатайгаар тос цутгаад байна уу гэж ирээд загнана. Өөхгүй махаар хоол хийхээр:
-Чи хаанаас ийм зуданд үхсэн зовлого олоод ирэв ээ, Улаан чулуутын хогийнхон ч ийм мах тоохгүй гэнэ. Урдаас нь хэрэлдээд нэмэргүй. Би сайндаа л хоёр өгүүлбэр хэлээд нам даруулна. Авгайн дамжаа улам даамжирсаар хүүхдүүд хүртэл гэрээс дайжлаа. Ээжээсээ салдаггүй байсан бага хүү айл руу явчихаад ирэхгүй болов. Би ч яах вэ загнуулаад сууж болох. Харин охин авгай хоёр хэрэлдвэл манай гэр дайны байдалд шилжинэ. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь орно гэдэг хоёр муур самралцахад хулгана дундуур нь гүйхтэй ижил зүйл. Ингээд хамгийн сүүлд арга тасраад хэдэн муу хувцсаа цүнхэлж аваад Батсүмбэр дахь асрамжийн газрын тухай телевизийн нэвтрүүлэг үзэж, жаахан уйллаа даа. Хүнд сургаж болохгүй ажил гэж бас байдаг аа.
www.URLAG.mn