Монголын сайхан бүсгүйчүүдээс үндэсний шилдгийн шилдгийн тодруулан алдаршуулдаг “Miss Mongolia” тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ цаг үед “Miss Mongolia” тэмцээний 2007 оны тэргүүн миссээр тодорч байсан Б.Гэрэлчулуунтай ярилцлаа.
– Юуны өмнө монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia 2007" наадмын тэргүүн миссээр тодорч байсан танд энэ өдрийн мэндийг хүргье.
Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье.
– Та "Miss Mongolia 2007" тэмцээнд оролцож байсан үеийн сэтгэгдэлээсээ эргэн нэг дурсаа ч?
Хүн үнэхээр зорьсон зүйлдээ тууштай итгэл, зүтгэл, тэвчээр гарган хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрч болдог юм гэдгийг мэдэрсэн жил байсан. Арван жилийн сурагчийн ширээнээс оюутан болж амьдралын их далайд өөрийн гэх бяцхан онгоцоо дөнгөж л бэлэн болгож байсан үе. Тухайн үед би элсэлтийн шалгалтандаа бэлдэхийн хажуугаар монголын мисс шалгаруулах үндэсний тэмцээнд олон хацар гоо охид, бүсгүйчүүдтэйгээ ур ухаан, авъяас чадвар, мэдлэг боловсролоороо сар гаруй хугацаанд өрсөлдөж эцсийн шалгаруулалт болох 8 –р сарын 17-ний өдөр би их сургуульд элсэн орох шалгалтандаа тэнцсэн баяртай мэдээг сонсож байлаа. Гэтэл төд удалгүй гран при зарлах тэр мөч хаяанд ирж, хүсэн хүлээсэн титмийнхээ эзнээр өргөмжлөгдөж баяр дээр баяр нэмсэн үнэхээр гайхалтай үдэш байсан. Миний хувьд 2007 он ололт, амжилт, бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн.
– "Miss Mongolia" тэмцээний 10-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү наадмын талаарх таны сэтгэгдэл?
“Miss Mobgolia” наадмын хамт олондоо болон эдгээр жилүүдэд тууштай ивээн тэтгэсэн компани, байгууллага, хувь хүмүүстээ болон үе үеийн миссүүддээ арван жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргье. Энэ наадам бол монголдоо анхдагч нэр хүнд бүхий том тэмцээн гэж боддог. Юугаараа анхдагч болж байна вэ гэхлээр олон улсын хэмжээний таван том миссийн тэмцээнд эхний таван гоо бүсгүй оролцох эрхтэй болдгоороо бусад тэмцээнээс ялгарч мөн анхдагч нь гэж боддог. Жил бүрийн наадмын маань цар хүрээ өргөжиж, оролцогч бүсгүйчүүдийн маань чанар улам бүр сайжирч байгааг харахад таатай байдаг.
– Таны бодлоор Мисс хүн ямар байх ёстой вэ?
Дуудах нэрийг хүн өөрөө бүтээдэг. Тиймээс миссийн нэр хүндийг хадгалж, өндөрт өргөж явах нь бидний үүрэг гэж боддог. Тийм ч учраас үүргээ гүйцэтгэж, олны дунд биеэ зөв зохистой авч явах, хэлэх үг, үйлдэлдээ анхаарч байх хэрэгтэй. Гэхдээ мисс ч гэсэн бусдын л хүн. Тиймээс даруухан л байвал илүү гоо үзэсгэлэнтэй харагдана.
– Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн вэ?
Нийгэмдээ хийж бүтээх, идэвх зүтгэл нэмэгдэж , өөрийн биеэр бусаддаа туслах боломж нөхцлийг нээж өгсөн.
– Энэ жилийн шилдэг 23-н оролцогчдын нэрстэй танилцсан уу? Ер нь хэн гэдэг оролцогчийг дэмжиж байна?
Миний хувьд сүүлийн шалгаруулалтын өдөр оролцогч охидтойгоо уулзана. Тэгээд л нэг гоо бүсгүйг дотроо дэмжих байх даа.
– Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод захиж хэлэх үг байна уу?
Одоо оролцож байгаа охид, бүсгүйчүүд маань сүүлийн шалгаруулатын өдөр бэлтгэлээ зуун хувь болгочихоод сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Мөн асуулт, хариултын үе шатан дээр сандралгүйгээр тайван бодож хариулаарай гэж захимаар байна. Харин ирээдүйд оролцохыг хүсч буй охид, бүсгүйчүүддээ сонголтоо зөв зүйтэй тодорхойлоод тууштай хөдөлмөрлөж амжилтанд хүрээрэй гэж хэлье.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
www.URLAG.mn