Өнөөдөр Фантастик продакшны захирал Н.Батсайханы төрсөн өдөр тохиож байна. Түүнийг “Хэцүү анги”-ийн Дөлгөөний дүрээр уншигчид таних биз. Түүний төрсөн өдөр бусдаас их л өвөрмөц болж байна. Учир нь Н.Батсайхан маань найзууд болон Их монгол ресторантай хамтран “Миний гэр” асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа. Энэхүү арга хэмжээнд Н.Батсайханы найзууд болон реппер “Geе”, ноён Бондгор, Синк, Мотив, Мааз хамтлаг, жүжигчин Б.Тамир, н.Баярбат нар оролцож, хүүхдүүдэд уран бүтээлээрээ бэлэг барьсан юм.
Төрсөн өдөр гэхээр л найзуудтай шоудаж, гэр бүлээрээ тэмдэглэдэг уламжлалыг халж бяцхан хүүхдүүдийг баярлуулж байгаа Н.Батсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийм сайхан хэлбэрээр баяраа тэмдэглэж буйд баяр хүргэе.
-Энэ санаачилгыг уран бүтээлийн найзууд маань гаргасан. Энэ санаачилга маань надаар эхэлж байгаад их баяртай байна. Цаашид найзууд маань иймэрхүү байдлаар төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлал тогтох байх. Уран бүтээлч хүмүүсийн хувьд яаж нийгэмд хандсан хэлбэрээр төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлэх вэ гэдгээ тухайн үед нь шийдээд явна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн тухай сонирхмоор байна?
-Фантастик продакшны хувьд “Аз жаргалын шок” киног хийж үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Одоо кино маань орон нутагт гарч байна. Харин ирэх зунаас залуус руу чиглэсэн том хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Уг төслийн талаарх мэдээллийг тухайн үед өгье дөө.
Сурвалжлагч: Б.Сандагдорж
Зурагчин: Д.Пүрэвсамбуу