Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд өнөөдөр /2025.11.14/ нээлээ.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулж түүний мэндэлсэн намрын адаг сарын 25-ны өдөр тэрбээр Өндөр гэгээний дэг сургуулиар урласан шаазан бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж буй.
Нээлтийн үеэр Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү, “Өндөр гэгээний урласан бүтээлийг бид зөвхөн шилэн хоргоны цаанаас хардаг бол энэ удаа шаазангаар урлаж, үзэгчдэдээ бүүр ойроос харах боломжийг олгож байна. Мөн Өндөр гэгээний хийц ийм гайхамшигтай байсан гэдгийг үзэсгэлэнгээрээ дамжуулж бодитоор харуулахыг зорьсон” гэдгээ онцлов.

Мөн тэрбээр “Богд хааны ордон музейд хоёр дахь удаагаа үзэсгэлэнгээ дэлгэн толилуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь 300 гаруй жилийн тэртээх металл урлагийн аргаар бүтээсэн Өндөр гэгээний гайхамшигт хийцийг орчин үеийн шаазан урлагаар дахин бүтээж, ард түмнийхээ нүдэн дээр илүү ойрхон хүргэж буй. Өндөр гэгээний бүтээлийн үнэ цэн нь нүүдэлчин монголчуудын гоо сайхны үзэл, буддын философийг төгс хослуулж чадсан өвөрмөц уран сэтгэмж юм. Шаазан урлагийн түүхэнд шавар ваар урлал, хүрэл, төмөр эдлэлийг өдөр тутмын хэрэгцээнд ашиглан хөгжүүлж ирсэн. Хүн үүссэн цагаас хойш олон 100 мянган жилийн туршлага, өдөр тутмын судалгааны адил байсан бол шаазан тэс өөр гоо сайхны гайхамшигтай үзэгдэл” хэмээн ярилаа.
Уран бүтээлч Х.Хадхүү оюутан цагаасаа хойш өнөөг хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судалж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлийг шаазан, керамикаар урлахаас гадна монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг. Мөн монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байгаа аж.
“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгийн уран бүтээлээс сонирхуулж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.













