МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх олон ангит, түүхэн кинонд тоглох гол дүрийн жүжигчдийн нэгээр шалгаран, Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болсон талаархи баярт мэдээ бидний сонорыг мялаасан цаг саяхан. Тэгвэл чадварлаг жүжигчин маань ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Нью Йоркийн алдарт 1998 Broadway-д орших “AMC Loews” театрт болох “MARCO POLO” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн авч, улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхахаар Холливудыг зорилоо.
Уг ёслолд жүжигчин Амараа болон “MARCO POLO” кинонд хамтран тоглосон Холливудын алдартай жүжигчид оролцох юм байна. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж буй Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцох аж. Нийт 90 сая ам долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох юм.
“MARCO POLO” олон ангит кино хийгдэж эхэлсэн цагаасаа олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд Азийн ‘Game of Thrones’ гэдэг нэрийг аль хэдийнээ аваад амжжээ. Энэ улиралд тус бүр нэг цаг үргэлжлэх 10 цуврал бүтээл дэлгэцнээ гарах бөгөөд дараа жил үргэлжлэх эсэх талаар кино багийнхан ярилцаж байгаа гэнэ. Ийнхүү Монголын кино урлагийн 90-н жилийн түүхэнд анх удаа Монгол жүжигчин Холливудын кинонд гол дүр бүтээж, улаан хивсний ёслолд уригдсан бахархам үйл явдал нь Монгол хүн бүрийг огшоож байна. Энэхүү баярт мэдээг дуулсан даруйдаа уухайлан баяр хүргэсэн ӨвөрМонгол ахан дүүсээс гадна дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй Монгол туургатнууд элэг нэгт хүүдээ баярын үгтэй, чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсээр байгаа аж. Тиймээ түүнийг Амараа гэдэг. Тэр бол Монгол түмний бахархал.