-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр таны өргөн мэдүүлж Засгийн газарт хүргүүлээд байгаа “Монгол уран бүтээл” хөтөлбөр болон Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар яриагаа эхлэх үү?
-Би Засгийн газраар телевиз, радио, киноны уран бүтээлүүд болон бусад дижитал зах зээл дээр Монголын соёлын нөлөөллийг бий болгох, залуучуудад соёлын өвийг уламжлуулах зорилгоор “Монгол уран бүтээл” буюу Монгол контент гэсэн нэртэй Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулж хүргүүлсэн. Уран бүтээл гэхээр хүмүүс их өргөн ойлгодог. Энд кино, тайзны уран бүтээл, уран зураг, дуу, хөгжим, урлагийн бүтээлээс гадна хатгамал, баримал, сийлбэр гээд бүх уран бүтээл орно. Гэхдээ энэ уран бүтээлүүдээс залуу үедээ техник технологийн дэвшлийг ашиглаж хүргэх уран бүтээлүүдийг илүү онцлож хөтөлбөр боловсруулсан. Шинжлэх ухаан технологийн ололт, глобальчлалын өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлээд дэлгэцийн, телевизийн уран бүтээлүүд болон хөгжмийн, интернэтийн орчны уран бүтээлд орон зай нь улам хумигдаж байгаа монгол уран бүтээлийг дэмжих зорилгоор ерөнхий технологийнх нь нэрээр контент гэдэг үгийг хэрэглэж байгаа юм.